Нью Йоркийн их сургуулийн хэсэг эрдэмтэд Египетийн Гиза дахь аварга Сфинксийн зөвхөн зарим хэсгийг л хүмүүс бүтээсэн гэсэн таамаг дэвшүүлжээ.
“Gallery of Fluid Motion” сэтгүүлд бичсэнээр, эрдэмтэд дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалын нэг болох Сфинксийг бүтээсэн үеийн буюу 4.5 мянган жилийн өмнөхтэй төстэй нөхцөлийг сэргээн бүрдүүлжээ. Судалгааны дүнгээр сфинкс төрлийн хөшөө дурсгалууд хөрсний эвдрэлийн дүнд үүссэн байж магадгүй гэж үзэж байна.
Сфинкстэй гайхалтай адилхан хэлбэр, дүрс бүхий тогтоц бодит байдал дээр усны түргэн урсгалд эвдрэлд орсон материалаас үүсэх боломжтой болохыг лабораторийн туршилт харуулжээ. Эрдэмтэд судалгааны явцад цөлд үүсдэг ер бусын тогтоц болох цавыг сэргээн бүтээх туршилт хийжээ. Үүний тулд тэд зөөлөн болон хатуу шавар ашиглан, овоолго босгож, усны түргэн урсгалаар угаажээ. Ингэснээр, Сфинкс байрладаг орчныг бүрдүүлж, овоолгыг салхиар үлээлгэх замаар агуу байгууламжтай төстэй дүрс гаргаж авчээ. Илүү хатуу чанартай шавар нь хэлбэрээ өөрчилж, арслангийн толгой, хүзүү, хөл, хүзүү, хотойсон нуруутай ижил хэлбэр дүрстэй болсон байна. Хожим нь хүмүүс ийм хэлбэр бүхий тогтцыг хэлбэржүүлж, домгийн амьтны дүрс бүхий хөшөө бүтээсэн байх талтай гэж эрдэмтэд таамаглаж байна.
Нууцлаг Сфинксийн гарал үүсэл энгийн байх боломжтой гэж эрдэмтэд онцлоод цөлд амьтны хэлбэртэй цавууд их байдаг гэж тайлбарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )