Ч.Улаан сайд улсынхаа өмнөөс дэмжлэг хүсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

Монгол Улсын Сангийн сайд Ч.Улаан энэ дугаар сарын 9-нд Түркийн Истанбулд хотод ажиллав. Тус хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүн дэд дарга Ахмэт Саламэт Сангийн сайд Ч.Улааныг хүлээн авч уулзан, хотынхоо хөгжлийн байдал, хэтийн төлвийн талаар ярьж, хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүтэц, зохион байгуулалт, үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулжээ.

Сангийн сайд Ч.Улаан Монгол, Түркийн харилцааг хөгжүүлэхэд Истанбул хот чухал зангилаа, гүүр болж байгааг онцолж, үүнд ялангуяа Истанбул–Улаанбаатарын шууд нислэг чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв. Тус хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

Уулзалтад Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцож Истанбул хотод ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний үүсгэл санаачилгын байгууллагыг дэмжих талаар хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Ахмэт Саламэт сайд Ч.Улаан, Элчин сайд Б.Батхишиг нарын хүсэлтэд анхааралтай хандаж, туслахаа илэрхийлсэн байна.

Мөн өдөр Истанбул хотын орлогч дарга Али Алтинташ, хотын Санхүү болон Эдийн засгийн газруудын захирлууд Сангийн сайд Ч.Улаантай уулзалт хийж, хотынхоо санхүүгийн удирдлага, төлөвлөлт, хяналтын тогтолцоо, дүрэм журмын талаар тодорхой ярьж танилцууллаа.

Сангийн сайд Ч.Улаан, Элчин сайд Б.Батхишиг нар Истанбул хотод ажиллаж, амьдарч буй Монгол иргэдтэй уулзалт хийж, Засгийн газрын бодлого, шийдвэр, Монгол, Түркийн харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах талаарх бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Сангийн сайд Ч.Улаан 5 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Истанбул хотод болох Европын сэргээн босголт, хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийн хурал болон бизнес уулзалтуудад оролцож байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top