Мод тарих үндэсний өдрийг байгууллага, иргэн бүр мод тарьж тэмдэглэлээ. Нийслэлээс хөдөө орон нутаг руу гарч байгаа төв замуудын дагуу ногоон трасс байгуулах төсөл хэрэгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудын өнөөдөр мод тарьсан Хүй долоон худгийн засмал замын дагуух хэсэг уг трасст багтсан юм. Өвөрхангай орох замын чиглэлд 15 метр өргөн, дөрвөн км урт зурвас газрыг моджуулах ажил ийнхүү эхэллээ. Уг ажлыг “Цэцэрлэгжилт” компани гүйцэтгэж, гурван жилийн турш услалт, арчилгааг нь хийхээр хариуцан авчээ.
Дөрвөн км газрыг эргэн тойрон хашаалж, доогуур нь туулай зэрэг жижиг амьтан ч орохооргүй торлож байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хариуцсан ажилтнууд нь танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө тарьсан модыг тоолж үзэхэд нийт 20 мянган мод болоод буйг энэ үеэр хэлж байлаа. Тэрээр “Хүн бүр мод тарих нь зүйтэй. Гэхдээ зүгээр тариад орхих биш. Модыг эхлээд тарина. Гурван жил орчим арчилна. Дахиан дөрвөөс таван жил тэр модоо эргэж тойрч ургуулна. Энэ ажлыг мэргэжлийн хүмүүс хийх ёстой. Мод тарихад сайн дурын байдлаасаа мэргэжил рүү шилжих нь зүйтэй. Мод тарьсан хүмүүс ашигтай ажилладаг, мод тариад, мод хараад хүн амьдарч болдог ийм систем рүү оруулахгүй бол бидний ажил зүгээр л нүд хуурсан ажил болоод байгаа юм.
Энэ жил нийслэлийн дөрвөн зүг найман зовхист энэ ажлыг “Цэцэрлэгжилт” компани өөрөө хариуцаж ажиллана. Үүнд төсвийг нь тавьж өгөх хэрэгтэй. Хотын захиргааныхан анхаарах хэрэгтэй. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам анхаарах хэрэгтэй. Нийслэлийн дөрвөн зүг найман зовхист арван км замыг моджуулж байна. Яг энэ ажлыг бүх аймаг, бүх сум хийж, аймаг, сум руугаа орж байгаа гол замын хажуугаар мод таримаар байна. Айл хажууд нь буулгаад, худгийг нь гаргаж өгөөд, тэр айл мал хунартай байх юм бол мал нь хаана байх вэ гэдгийг зохицуулаад амьдралаар нь шийдэхгүй бол энэ ажил худлаа болох гээд байгаа юм. Тйимээс энэ ажлыг зөв ажил болгож хувиргах хэрэгтэй. Энэ санааг би 2011 онд UBS телевизээр орохдоо хэлж байсан.
Өнөөдөр Улаанбаатар хот, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хамтраад төсөл болгон хэрэгжүүлж байгаад би их баяртай байна. Үүнийг бүгдээрээ тал талаас нь дэмжье. Энэ ажлыг амьдралын зорилго болгож хийж байж л амжилтад хүрнэ” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
яасан худалч юм бэ.хаана тэр 20 мянган мод нь байнаа.хүний ухсан нүхэнд мод хийж булчихаад мод тарчихлаа гэж бодож байгаа бол тэр чинь биш шүү.худлаа чалчихаа болиод хийж байгаа хүмүүсдээ дэмжлэг үзүүл
яасан худалч юм бэ.хаана тэр 20 мянган мод нь байнаа.хүний ухсан нүхэнд мод хийж булчихаад мод тарчихлаа гэж бодож байгаа бол тэр чинь биш шүү.худлаа чалчихаа болиод хийж байгаа хүмүүсдээ дэмжлэг үзүүл