2013 оны тавдугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын Москва хотод Олон улсын улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн ээлжит бус их хурал болж 110 орны үндэсний холбооны төлөөлөгчид оролцлоо.
Хурлын ажиллагаанд олимпийн гурван удаагийн аварга Александр Карелин (ОХУ), Александр Медведь (Беларусь), хошой аварга Хамза Ерликая (Турк), Арсен Фазаев (ОХУ), Валерий Резанцев (ОХУ), олимпийн аварга Михаил Мамиашвили (ОХУ), Валентин Иорданов (Болгар), Даниэль Игали, Кэрол Хьюн (хоёул Канад), Чаба Хегедюш (Унгар), Хидеаки Томияма (Япон), Вахтанг Благизе, Роман Руруа (хоёул Гүрж) зэрэг олимпийн 14 аварга тэрчлэн олимпийн медальт Билл Шерр (АНУ), Даулет Турлыханов (Казахстан) нар хүндэт зочноор уригдан оролцлоо.
Ээлжит бус их хурлын ажиллагааг Оросын спортын бөхийн холбооны ерөнхийлөгч, ФИЛА-гийн Товчооны гишүүн, олимпийн аварга Михаил Мамиашвили нээж ОХУ-ын Спорт, аялал жуулчлалын сайд Виталий Мутко, Оросын олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков, ОУОХ-ны гишүүн Виталий Смирнов нар үг хэлж олимпийн хөтөлбөрт бөхийн төрлийг үлдээхийн төлөө хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалав.
Ээлжит бус их хурлаар ФИЛА-гийн ерөнхийлөгчийн сонгууль болж сербийн иргэн Ненад Лалович сонгогдов. 132 төлөөлөгчийн 125 хүн нь түүний төлөө саналаа өгч 7 хүн татгалзсан байна.
Ээлжит бус их хурлаар ФИЛА-гийн бүтэц, дүрэм, бөхийн барилдааны дүрэмд оруулах өөрчлөлт, тавдугаар сарын 29-ны өдөр Санкт-Петербург хотод болох ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдааны үед хийх бөхийн спортын танилцуулгыг хэлэлцэн баталжээ.
ФИЛА-гийн Товчооноос ээлжит бус их хуралд өргөн барьсан сонгомол болон чөлөөт бөхийн бөхийн барилдааны дүрмийн өөрчлөлтийн асуудлаар олон хүн санал бодлоо илэрхийлжээ. Бөхийн барилдааныг илүү үзүүштэй, сонирхолтой, ойлгомжтой болгохыг зорьж барилдааны хугацааг өөрчилж урьд нь хэрэглэж байсан 3 минутын 2 үетэй тогтолцоондоо буцан орохоор болжээ. Барилдааныг оноо цуглуулах журамд шилжүүлж өөрөөр хэлбэл хоёр үеийн барилдаанд илүү олон оноо авсан бөхийг ялагчаар тодруулах болжээ. Дэвжээнээс түрж гаргахад оноо өгдөгийг болиулж барилдааны хувь заяаг дэвжээн дээр шийдвэрлэгддэг болгожээ. Техникийн үйлдэлд өгөх оноо, идэвхгүй байдлыг үнэлэх заалтуудыг ойрын үеүдэд зохион байгуулах хэд хэдэн сорилт тэмцээнээр боловсронгүй болгохоор шийдвэрлэжээ. Нэг жингийн барилдааныг тухайн өдөр нь багтаадаг журам хэвээр мөрдөгдөнө. Тэмцээнийг хоёр өдөрт багтаан явуулдаг болгох санал дэмжигдсэнгүй. Есдүгээр сард Будапешт хотод болох ДАШТ-нийг шинэ дүрмээр явуулах юм байна.
Санкт-Петербург хотод болох ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдааны үед бөхийн спортын танилцуулгыг баталж танилцуулгыг хийх 6 хүний нэрийг мөн тодруулжээ.
ФИЛА-гийн ээлжит бус их хурлын өмнөх өдөр болсон тус байгууллагын Товчооны хуралдаанаар 2013 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр болсон ээлжит бус хуралдаанаар Товчооны гишүүнээр сонгогдсон олимпийн гурван удаагийн аварга, ОХУ-ын иргэн Александр Карелин, АНУ-ын иргэн Жим Шерр, Бразил улсын иргэн Педро Филья нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрчээ.
ФИЛА-гийн удирдах дээд байгууллага болох Товчоо нь ерөнхийлөгчийг оруулаад 18 гишүүнтэй байна, нэг эмэгтэй гишүүнийг нэмж эмэгтэй гишүүн 3 байхаар тогтжээ. Гэхдээ энэ өөрчлөлтийг ирэх онд болох их хурлаар шийдвэрлэнэ.
Бусад спортын төрлүүдийн туршлагаас авч бөхчүүдийн жин үзэлтийг зурагтаар харуулах зэргээр үзэгчдийн сонирхлыг татах арга хэмжээг авдаг болох зөвлөмж гаргасан байна. Тухайлбал боксын спортод гэхэд л жин үзэлт, тамирчдын танилцуулга, танхимыг гэрэлтүүлэг, хөгжим гээд бүхэл бүтэн шоу болсон байна.
ММ, грэпплинг гэсэн хоёр төрөл нь хэзээ ч олимпийн төрөл болохгүй нь тодорхой тул ФИЛА-гийн бүрэлдхүүнээс гаргаж бие даасан холбоо байгуулахад нь туслалцаа үзүүлэхээр болов.
Товчооны гишүүн Рафаэль Мартинэтти нэрээ татсанаар ФИЛА-гийн ерөнхийлөгчид ганц хүн буюу одоогийн ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч, сербийн иргэн Ненад Лалович үлдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )