Сонгуульд санал авах асуудлыг Facebook, Twitter-ээр ярилцав

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комисс ээлжит цахим хурал-уулзалтыг (видеоконференц) ГХЯ-нд зохион байгуулав.

Цахим хуралд Гадаад харилцааны сайд Л.Болд, гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комиссын дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, Комиссын нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Сүхболд, комиссын гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж зэрэг албаны хүн болон Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан салбар комиссын дарга, гишүүд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад гадаад орнуудад суугаа иргэдийг өргөнөөр оролцуулах зорилгоор Монголчуудын холбоо, нийгэмлэг, Монголын соёлын төвүүдээр болон ЭСЯ-ны цахим хуудас, SMS үйлчилгээ, Facebook, Twitter зэргийг ашиглаж буй тухай салбар комиссууд мэдээлж, иргэдийн бүртгэлийн явцын талаар тайлагнав.

Цахим хурлын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд манай иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, энэхүү өндөр ач холбогдолтой үйл ажиллагаанд оролцох нь нэр төрийн хэрэг болохыг тэмдэглэж, үлдэж буй богино хугацаанд сонгуулийн тухай мэдээг иргэдэд үргэлжлүүлэн хүргүүлж, иргэдтэй харилцаа холбоогоо сайжруулахыг зөвлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top