“Circus Mongolia Khadgaa” компанийн захирал Ч.Хатанбаатартай ярилцсанаа хүргэе. Монголын циркийн мэргэжлийн цөөн алиалагчдын нэг тэрбээр 1998 оноос хойш энэхүү циркийг байгуулж, бие даасан уран бүтээл хийж буй. Түүний гэр бүлийнхэн бүгд урлагийн мэргэжилтэй. Аав нь “Өглөө”, “Тэмцэл” уран сайхны киноны Гүржавын дүрээр үзэгчдийн танил болсон Б.Чулуунцэнд агсан. Харин ээж нь Төмөр замын ахмадын чуулгын уран бүтээлч юм билээ.
-“Circus Mongolia Khadgaa” компанид 60 гаруй уран бүтээлч харьяалагддаг гэсэн. Гадаадын цирктэй хамтарч ажиллаад удаж байна уу?
-Манайх байгуулагдаад арван жил болж байна. Анх дөрвөн хүнээс бүрдэж байсан компани маань хоёрхон жилийн дараа 20 жүжигчинтэй болтлоо хүрээгээ тэлсэн түүхтэй. Одоо миний удирдлаган дор 60 гаруй уран бүтээлч бий. Монголын циркийн урлагийг хаана ч илэрхийлэх чадвартай, мэргэжлийн хэмжээний жүжигчид учраас хамтарч ажиллахад ч амар юм. Хүмүүс намайг “Циркийн жүжигчдийг өөртөө татаж, урвуулаад байна” гэж зэмлэх нь зэмлэж, атаархах нь атаархаж л байдаг. Гэтэл би хэн нэгний толгойг эргүүлж, худлаа “бүлт” үсэрдэггүй. Аяндаа тэд өөрсдөө ирээд “Миний уран бүтээлийг дэмжээч. Ийм үзүүлбэр хиймээр байна, өөрөөр яаж ажиллах шаардлагатай вэ” гэсэн хүсэлт гаргадаг. Энэ эрсдэл ихтэй, эр зоригийн гайхамшиг болсон урлагт чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Цирк бол амиараа нааддаг урлаг шүү дээ. Агаарт олон удаа эргэх, газарт нэг удаа эргэхээс хол зөрүүтэй хэдий ч цаг нь тулбал адилхан л аюултай. Хэр зэрэг анхаарлаа төвлөрүүлж, тухайн үзүүлбэрээ өөрийн болгож чадсан байхаас л бүх зүйл шалтгаална.
-Танайх томоохон хэмжээний бие даасан тоглолт ер хийдэггүй. Жүжигчид тань хөдөө орон нутагт ажиллах юм уу шоу тоглолтод оролцож байгаа нь анзаарагдсан?
-Тийм ээ. Хаана тоглох боломжтой байна вэ, тэнд л очно. Хүүхдийн төрсөн өдөр, хурим найр, үдэшлэг зэрэгт тоглох энүүхэнд. Том бага гэж ялгахгүй, урьсан газар болгонд очиж тоглоно. Бидэнд өөрийн гэсэн байр сууц байхгүй. Спорт танхим юм уу, хуучин циркийн байрыг түрээслэх маягаар айлын хаяанд “амьдарч” байна. Циркийн урлагийг унтрааж, гутаахгүй юмсан гэхдээ өчүүхэн ч болов хэсгийг нь нуруундаа үүрч яваа хамт олон. Томоохон хэмжээний тоглолт хийх хүсэл байлгүй яах вэ. Энд байх хугацаандаа үргэлж хөдөө орон нутгаар явдаг. Ямар ч сум, багийг үлдээхгүй очих юмсан гэж хичээдэг. Заавал хотын үзэгчид циркийн урлагаар “хангалуун” байх ёсгүй. Хөдөөгийн хүүхэд залуус ч гэсэн цирк үзэх хүсэлтэй байгаа шүү дээ. Тэнд мартагдсан ганцхан зүйл нь цирк. “Цирк” гэх дөрөвхөн үсэгтэй үгийг хэлж мэдэхгүй хүүхэд олон байна. “Цирк гэж ямар концерт, хошин урлаг вэ” гэж хэлж байгаа нь циркчин хүнд ямар хэцүү сонсогдоно гээч. Тэгэхээр хүүхдүүдийг циркээр “амьсгалуулж”, гоо сайхан болон эр зоригийн шалгуурыг мэдрүүлэх санаатай. Энэ ч утгаараа циркийн урлагийг сэргээх, бусдад таниулах зорилгоор хөдөөгүүр явах болсон. Гэвч тоглолт хийх газар ер олдохгүй ээ. Сургууль юм уу аймгийн спорт танхимд тоглохоос өөр аргагүй. Соёлын төв ордон, театрын тайзан дээр тоглох боломжгүй. Жүжигчид маань чөлөөтэй тоглож чадахгүй шүү дээ. Энэ маягаар бид нэг дор төвлөрч ажиллах нь ховор. Уран бүтээлийн тоглолт, гадаадад ажиллах гээд л үргэлж бие биенээсээ зөрж явна. Манайд нэг гэр бүлийн жүжигчид бий. Хоёр жил бие биенийхээ барааг хараагүй гээд бод доо. Ийш тийшээ очиж ажиллахдаа интернэт, утсаар л холбогдож сэтгэлээ дэвтээнэ. Циркчдийн амьдрал юм хойно, одоо яая гэх вэ.
-Үзүүлбэрийн хувьд, хэчнээн төрөл байдаг юм бол?
-Гадаадын циркт гологдоогүй учраас хангалттай хэмжээнд гэсэн үг. Ямар ч байсан, монголын бусад циркийн дэргэд илүү. Циркийн төлөө сэтгэл зүрхээ зориулж чаддаг учраас уран бүтээл маань чанартай байдаг биз ээ.
-Циркчид тус бүртээ хамтлаг байгуулж, энд тэнд халтуур хийж явах нь олширч. Энэ талаар ямархуу бодолтой байдаг вэ?
-Амьдрал шүү дээ, энэ чинь. Зах зээл нь хаана байгааг мэдэрч чадвал юу хийх нь хамаагүй. Цирк хүмүүсийг баясгаж чадна шүү дээ. Их доргио урлаг. Баяр ёслол, арга хэмжээнд хүртэл хип хоп, реп байж хүмүүс доргих юм биш. Циркээр хүмүүсийг хөгжөөх боломж их бий.
-Таныг алиалагч, акробатчин гэдгээр тань хүмүүс мэднэ. Циркийн урлагтай хэдийнээс холбогдов?
-Зургаан настайдаа анх циркт хөл тавьсан. Гавьяат жүжигчин Дамдинсүрэн, болон Энхээ, Машбат зэрэг сайн багш нарын хүчинд өдийд өөрийн нэрээр овоглосон цирк байгуулах хэмжээнд хүрсэн. Энэ жижигхэн амжилт маань тэр агуу оддын шавь байсны ач гавьяа. Би 16 настайдаа циркийн шал угааж, нохойны хоол зөөж, бохирыг нь цэвэрлэж явсан. Энэ бүхэн циркийн хэсэгхэн жинг нуруундаа үүрэх хувь тохиол болсон доо. Томчуулын архинд гүйж, тамхийг нь зөөж, сөн түшиж байсны нөлөө юм (инээв).
-Циркийн мундаг алиалагч нарыг уран бүтээлээ завсарлаж, урлагийн тайзаа орхих үед та залгамж халааг нь авсан гэлцдэг?
-Тийм ээ, циркийн сонгодог сургуулийг акробат, алиалагчийн мэргэжлээр төгссөн. 1990 оноос эхлэн уран бүтээлээ хийж явсаар 1993 онд Улсын циркт уригдаж очсон юм. Гэхдээ тэр үеийн циркийн бодлого, баримталж буй зарчим нь миний сэтгэлд нийцээгүй. Тэрсэлдэж зөрсөн зүйлгүй ч, хэн нэгнээс дутахаар улайм цайм муу зүйл хийж байгаагүй нь ойлгомжтой. Хэсэг хугацааны дараа биеэ даахаар шийдэж, өөрийнхөө санаж зорьсон зүйлийг хэрэгжүүлж эхэлсэн минь энэ.
-Аав ээж тань урлагийн хүмүүс байсан болохоор циркийн урлагтай холбогдоход тань чухал нөлөө үзүүлсэн байх?
-Үнэн. Намайг уг нь Чулуунцэндийн Хатанбаатар гэдэг шүү дээ. Гэтэл ихэнх хүмүүс “Циркийн Хатанбаатар” гэх нь бий. Энэ ч утгаараа, би өөрийнхөө циркийг “Cirkus Mongolia Khadgaa” гэж нэрлэсэн юм. Олон улсын хэмжээнд ч энэ асуудал түгээмэл байдаг. Тухайн улс орны хувьд, циркийн урлагийг үндэслэн байгуулсан хүнийхээ нэрээр циркээ нэрлэх жишээтэй. Миний хувьд ихэвчлэн гадаадын хувийн циркүүдтэй хамтарч ажилладаг учраас энэ арга барилыг сонгосон. Аав маань тайз дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж, Ардын дуу бүжгийн чуулгад гоцлол бүжигчнээр ажиллаж байсан хүн. “Үлгэрийн танхим”-д хүртэл ерөөлч, магтаалч, ТЗДБЭЧ-д уран сайхны удирдаач хийж явсан. Анх бүр гуравдугаар хорооны клубт домбор, мандолин, баян хуур хөгжим тоглож, уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан түүхтэй гэдэг юм. 40 нас гарсан хойно нь циркт авья гэхэд ээж хориглосон болохоор Хүүхэлдэйн театрын баримлын мастераар ажилласан гэсэн. Хожим аав минь “Би ганцхан циркт ажиллаж үзсэнгүй. Тиймээс хүүгээ циркийн хүн болгоё доо” гэж намайг циркийн үртэстэй манежин дээр үлдээгээд өөрөө бурханы орон руу одсон доо. Ээж минь одоо амьд сэрүүн бий. Дорнодын театрт дуучнаар ажиллаж байсан ч амьдралын эрхээр урлагаа орхисон хүн.
-Тэгвэл таны хувьд, хүүхдүүдээ ч бас энэ урлагт уруу татсан байх аа?
-Үр хүүхдээр баян байх шиг аз жаргал хаана байх вэ. Хүү маань акробатчин, охин уран нугараач. Хоёулаа гадаадын циркт ажиллаж байна. Бага хүүхдээ арай өөр чиглэлээр сургах бодолтой явдаг. Гэхдээ хүүхдүүд минь цаашид циркээр явах эсэх нь өөрсдийнх нь мэдэх асуудал. Би 16 настайдаа циркийн шал угааж, нохойны хоол зөөж, бохирыг нь цэвэрлэж явсан. Энэ бүхэн циркийн хэсэгхэн жинг нуруундаа үүрэх хувь тохиол болсон доо. Томчуудын архинд гүйж, тамхийг нь зөөж, сөн түшиж байсны нөлөө. Тэгэхээр ямар ч байсан би циркээрээ дуусна. Жаргал зовлонг нь амсч явсны хувьд энэ хэдэн залуусыг зөв зүйлд чиглүүлэх хэрэгтэй.
-Хуучин цирктээ хэдий хүртэл байрлах вэ. Шинэчлэн засварлах ажил хийж байгаа юу?
-Богд хааны хатан Дондогдуламын номын өргөө буюу 1890-ээд оны үед суурь нь тавигдсан хуучны барилга шүү дээ, энэ чинь. Түүх соёлын дурсгалт газруудын нэгд зүй ёсоор тооцогддог эл барилгыг 1940-өөд онд циркийн зориулалтаар ашиглахаар болж тулгуур, бэхэлгээ, багана суурилуулсан гэдэг юм билээ. Дондогдулам хатны номын өргөөнөөс эхтэй циркийн урлагийн хөгжил, алдартнуудын хөлс зүтгэл шингэсэн энэ газартаа би их хайртай аж. Харин хуучирч муудан, борооны дусалд цохиулсан барилгынхаа чанарыг сайжруулан, сэргээн засварлахыг эртнээс хүсч явсан минь удахгүй биеллээ олох нь. Манай циркийнхэн энэ байранд арав гаруй жилийн хугацаанд байрлаж байна. Монголын циркчдийн нэгдсэн холбооны хүсэлтээр Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл зочилж, түүхийн дурсгалт газрын өнгө төрхийг алдагдуулахгүйгээр шинэчлэн засварлаж өгөхөө амласан. Мөн улсын цирк барьж байгуулахаа ч хэлсэн болохоор олон улсын тэмцээн, уралдаанд оролцохын тулд ЕБС-ийн биеийн тамирын зааланд бэлтгэл сургуулилтаа хийдэг циркчдийн маань магнайг тэнийлгэсэн явдал болсон шүү.
-Нэгэн үе дуулж байсан. Яагаад сүүлийн үед таг чиг болчихов оо?
-Тэр яах вэ. Зүгээр л сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж байсан хэрэг. Түүнээс биш, би “Зохиолын дууны ханхүү болно” энэ тэр гэж мөрөөдөөгүй. Сэтгэлээс минь гарсан аялгууг олонд хүргэсэн. Би яруу найрагч, ая зохиогч найз нартаа ч хэлдэг юм. Зохиолын дуугаар од болж, мөнгө ольё гэж огтхон ч бодоогүй шүү. Урын санд байгаа бүтээлүүд минь цомог гаргах хэмжээнд хүрсэн байна лээ. Гэхдээ ямар дуу нь хэнд таалагдах юм бэ, бүү мэд.
Р.МӨНГӨН
Сэтгэгдэл ( 3 )
Dagbadorjoos bolj Tsirk svirsen Ashig xonjoo xootsoldson xvmvvs urlagiig gutaadag ni Jam vmdaa
Dagbadorjoos bolj Tsirk svirsen Ashig xonjoo xootsoldson xvmvvs urlagiig gutaadag ni Jam vmdaa
aavtaigaa ih adilhan yum