ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдөр 2026.06.08. Энэ оны 159 дахь өдөр бөгөөд он дуусахад 206 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандаж, 20 цаг 50 минутад жаргана.

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө 16 хэм дулаан, шөнөдөө 5 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн далайн өдөр, Дэлхийн тархины хавдартай тэмцэх өдөр тохиож байна. Өнөөдөр Перуд Инженерийн өдөр бол Орост Нийгмийн салбарын ажилтнуудын өдөр, Карелид Бүгд найрамдах улсын өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин, найруулагч Кинен Айвори Уэйанс, Английн рок дуучин Мик Хакнелл, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт, Эммигийн гурван удаагийн шагналт Жулианна Маргулис, дуучин Канье Уэст, Аргентины хөлбөмбөгч Хавьер Маскерано зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

452 онд Атиллагаар удирдуулсан Хүн гүрэн Италийг булаан эзлэв. Хүн гүрний цэргүүд Ромын хойд хэсгийн ихэнх хотуудыг сүйдлэжээ.

1772 оны энэ өдөр VIII дүрийн Богд Жавзамдамба хутагтын дүрээр Түшмэл Гончигцэрэнгийн дөрөвдүгээр хөвүүн тодров.

1783 оны энэ өдөр Исландын Лаки галт уул есөн сарын турш оргилж 9000 хүн амиа алджээ. Үүнээс үүдэн долоон жил үргэлжилсэн их өлсгөлөн эхэлсэн юм.

1912 онд Герман гаралтай Америкийн иргэн Карл Леммле киноны алдарт “Universal” студийг үүсгэн байгуулав.

1928 онд Бүгд найрамдах Хятад улсын Гоминданы цэргүүд Бээжин хотыг эзлэв. Тэд нийслэлийн нэрийг "Умардын нийслэл" гэж нэрийдхээр болжээ.

1962 оны энэ өдөр Лондоны “New Musical Express” нь цомгуудын анхны хит-парадыг гаргажээ.

1963 оны энэ өдөр Америкийн зүрх судасны эмч нар тамхи татахын эсрэг анхны кампанит ажлаа эхлүүлжээ.

1964 оны энэ өдөр Исланд улс “ЮНЕСКО”-гийн гишүүн болов.

1965 оны энэ өдөр Америкийн «Фрито-Лей» болон «Пепси-Кола» компаниуд нэгдэж «PepsiCo» компанийг үүсгэсэн байна.

1984 онд Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужид ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөв.

1987 оны энэ өдөр Шинэ Зеландын засаг захиргаа цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн дэлхий дахинд тунхаглав.

1992 оны энэ өдөр Бразилын Рио де Жанейро хотноо болсон Эх дэлхийн дээд хэмжээний уулзалтаар дэлхий даяар Олон улсын далайн өдрийг тэмдэглэхээр болжээ.

2001 онд Японы Осака мужийн нэгэн бага сургуульд Такүма Маморү гэгч гал тогооны хутгатай халдлага үйлдэж найман хүүхэд амь үрэгдэн, 15 хүүхэд шархаджээ. Түүнийг 2004 онд цаазаар авсан юм.

2004 оны энэ өдөр Одон орны нэгэн сонирхолтой үйл явдал тохиов. 150 гаруй жилд ердөө ганц удаа болдог Сугар гарагийн шилжилт болжээ. Сугар гараг нартай уулздаг энэ үйл явдал хамгийн сүүлд 1882 онд тохиож байв.

2009 онд Умард Солонгосын шүүхээр АНУ-ын харьяат хоёр сэтгүүлчийг шүүж, хууль бусаар эх оронд нэвтэрсэн гэж үзэн 12 жил хөдөлмөрийн лагерьт хүнд хөдөлмөр эрхлүүлэх ял оноов.

2014 оны энэ өдөр Пакистан улсын Карачи мужийн нисэх буудалд зэвсэгт босогчид халдаж 28 хүн амь үрэгджээ.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top