Хүчирхэг эмэгтэйчүүд

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Саяхан Түвдийн бурхны шашинтнуудын лидер XIV Далай лам өөрийн хойд дүрийг эмэгтэй хүн байж болох юм хэмээн хэлсэн юм. Тэрээр эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол энэрэнгүй болоод эрэлхэг чанар нь илүү хөгжсөн байдаг хэмээн хэлжээ.

Дэлхийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчтэй улс бол Аргентин улс бөгөөд Исабель Перон бол дэлхийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч юм. Тэрээр 1974-1976 оны хооронд Аргентин улсыг захирч байжээ. Түүний нөхөр Хуан Пероныг нас барах үед түүний албан үүргийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх үүрэг эхнэрт нь ноогдсон юм. Харин дэлхийн хамгийн анхны сонгуулиар сонгогдож Ерөнхийлөгч болсон эмэгтэй бол  Исландын Ерөнхийлөгч Вигдис Финнбаготтир байжээ. Тэрээр 1980-1996 оны хооронд 16 жил төр барьсан юм.

Тэгвэл Ази тивийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр 2001 онд Коразан Акуино Филиппин улсын сонгуулиар сонгогдож байжээ. Түүний нөхөр Бенинго Акуиног өрсөлдөгч нь 1923 онд буудан хороосноор тун удалгүй Коразан Акуино Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялжээ. Тэрээр Филиппины 11 дэх Ерөнхийлөгч болж байсан юм.  

Жинхэнэ хатагтай Кристина Фернандес де Киршнер

Кристина Фернандес де Киршнер нөхрөө өндөр албан тушаалаас буусны дараахан Ерөнхийлөгч болсон түүхтэй. Тэрээр улсынхаа хоёр дахь эмэгтэй Ерөнхийлөгч бөгөөд бүх нийтийн сонгуулиар энэ албан тушаалд сонгогдсон цорын ганц эмэгтэй юм. Хуульч мэргэжилтэй Кристина өмгөөлөгч, намын зүтгэлтэн байсан ч гэр бүлийн амьдралаа орхиогүй юм. Нөхөр Нестор Киршнертэйгээ суусныхаа дараа хоёр хүүхэдтэй болжээ. Кристина Киршнер жинхэнэ хатагтай төдийгүй улс төр дэх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйн жагсаалтад багтдаг байна.

Нобелийн шагналт Ерөнхийлөгч Элен Жонсон-Серлиф

2005 онд Африк тивийн төрийн тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн сонгогдсон нь Элен Жонсон-Серлиф байсан юм. Түүнийг Time сэтгүүл дэлхийн шилдэг 10 эмэгтэй улс төрчийн тоонд оруулж байсан бол, Newsweek сэтгүүл 2010 оны дэлхийн Топ-10 удирдагчийн нэгээр тодруулж байжээ. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч бөгөөд  2011 онд Нобелийн энхтайваны шагнал хүртсэн юм. Харвардад суралцан МВА-ийн зэрэгтэй болсон түүнийг Либерийн Сангийн яамны туслахын албанд урьжээ. Гэвч тус албан тушаалыг хашиж байх үед нь гурван сая гаруй ам.доллар хууль бусаар завшсан хэрэгт буруутгагдсан байна. Гэвч энэ хэрэг Эленд саад болсонгүй. Тэрээр хэсэгхэн хугацааны дараа туслахын албанаас Сангийн яамны сайд болтлоо дэвшсэн юм.

Тэрээр улсынхаа дэглэм, ёс зүйг хатуу шүүмжлэн буруутгасныхаа төлөө арван жилийн хорих ял хүлээсэн бөгөөд түүнийг хэсэг хугацаагаар хорьж, дараа нь чөлөөлж Либерээс хөөсөн байна. Гэсэн хэдий ч тэр гараа эвхэн, амаа хамхин суух нэгэн биш байлаа. Хэдийгээр Элен улсдаа нэвтрэх эрхгүй болсон ч энэ хугацаанд Африкийн “Сити” банкны салбарын дэд Ерөнхийлөгч болж, дөрвөн хүү төрүүлж амжсан байна. Үүнийхээ дараа эх орондоо буцан ирж, Ерөнхийлөгчийн албанд сонгогджээ.

Пак Гён Хи, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч

Өмнөд Солонгосын “төмөр хатагтай” хэмээн нэрлэгдэх болсон тэрээр  Солонгосын хойгийн асуудал эгзэгтэй болсон үед Ерөнхийлөгчөөр сонгогдсон нэгэн. Тэрээр эмэгтэй хүн ч гэсэн улс орноо хамгаалах, дэлхийн энх тайвныг цогцлоохын тулд хатуу зан гаргаж чадна гэдгийг харуулсан хүчирхэг эмэгтэй юм.

Дилма Руссеф , Бразилын Ерөнхийлөгч

 Дэлхийн улс орны Ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн эгнээнд 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Бразилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дилма Руссеф  нэгдэн орсон юм. Ерөнхийлөгч Дилма Руссефийн хувьд 190 сая хүн амтай Бразил орны хөгжил цэцэглэл, түүний 20 сая гаруй ядуучуудын ахуй амьдралыг сайжруулах зорилготой тулгарчээ. Мөн өмнөх Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва Бразилийн 29 сая иргэдийг ядуучуудын эгнээнээс гаргаж, дундаж давхрагын амьдралтай болгосон болон Бразил орны нэр хүндийг дэлхийн хэмжээнд өргөж, Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөхийн өмнө ард түмний дунд түүний нэр хүнд 87  хувьд хүрч байсан нь түүнд хүндээр тусч байгаа юм.

Бразилийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч тэрээр да Сильвагийн Засгийн газарт таван жил ажилласан нэгэн юм. Хатагтай Дилма Руссеф хорт хавдартай хэдий ч өвчинтэйгээ тэмцэн ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа билээ. Тэрээр ядуурлыг бууруулах биш ядуурлыг арилгана гэх томоохон зорилттой бүсгүй юм. Ядуурлын эсрэг хийж байгаа Бразилийн Засгийн газрын зорилго биеллээ олж байгааг олон улсын шинжээчид өндрөөр үнэлж байгаа юм. Хатагтай Дилма Руссеф дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн алба хаших боловч түүнийг улс орны хөгжлийн асуудлаас гадна 2014 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 онд Дэлхийн Олимпийн Наадмыг зохион явуулах хүндхэн боловч, нэр төртэй үйлс хүлээж байгаа юм.

Финляндын Ерөнхийлөгч Тарья Халонен

Финляндын анхны эмэгтэй Ерөнхийлөгч. Түүний  бүрэн эрхийн хугацаа дуусахад ард түмэн дахин сонгож, 2 дахь удаагаа томилсон нь түүний нэр хүнд, итгэл найдварийн баталгаа болсон юм.  Тус улсад улиран сонгогддог эрэгтэй Ерөнхийлөгч ч ховор байдаг аж. Тэрээр нөхөр Пентти Араярви болон хүүхдүүдийн хамт амьдардаг.\

Энэтхэгийн Ерөнхийлөгч Пратибха Патиль

Энэтхэг Улс парламентын засаглалтай тул Ерөнхийлөгчийн алба ерөнхийдөө ёслолын шинж чанартай байдаг. Гэхдээ энэ нь тус албан тушаалд томилогдох хялбар гэсэн үг биш. Пратибха Патиль бол энэтхэг эмэгтэйчүүдийн хувьд жинхэнэ найдвар. Тус улсад хүйсээр ялгаварлан гадуурхах үзэгдэл өнөө хүртэл хурц асуудлуудын нэг хэвээр байна. Энэтхэгийн гүйцэтгэх засаглалыг эмэгтэй улстөрч Индира Ганди тэргүүлж байсан удаатай. Пратибха 72 настайдаа Ерөнхийлөгчийн албанд томилогдсон. Тэрбээр коллежид суралцаж байхдаа үзэсгэлэнт хатан хаан өргөмжлөл хүртэж байсан бөгөөд өмгөөлөгчийн албаар дадлагажин 27 наснаасаа улстөрөөр дагнах болжээ. Пратибха Ерөнхийлөгчийн албанд томилогдохын өмнөх гурван жилд мужийн амбан захирагчийн алба хашиж байсан юм.

 

В.Сарантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top