Мексикийн иргэн, 73 настай Карлос Слим Хилу нь 73 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян хүнээр 4 дэх жилдээ тодорч байна. Тэрээр Grupo Financiero Inbursa, Grupo Carso аж үйлдвэрлэл, болон жижиглэнгийн худалдаанаасаа жилд 4 тэрбум долларын ашигтай ажилладаг гэнэ. Түүний Пан Латин Америкийн гар утасны телеком компани гэхэд жилд 36,3 тэрбум долларыг олдог ба тус компани нь Австри, Данийн гар утасны компаниудыг худалдаж авснаар Европын зах зээлд хүрээгээ тэлж байгаа билээ.
Мөн үүгээр зогсохгүй уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбарт түүний эзэмшдэг олон компани байдаг гэнэ. Гэвч Карлос Слим нь эдгээр компаниудын алинд ч ямар нэгэн өндөр албан тушаал хашдаггүй ба зөвхөн стратегийн зөвөлгөө өгөх, хяналт тавих маягаар ажилладаг байна.
Тэрээр хөвгүүд Карлос, Марко Антонио, Патрик нартаа түүний хяналтад байдаг аж үйлдвэр, санхүү, телефон утасны компаниудаа хариуцуулж өгчээ.
Өнгөрсөн оны 9-р сард түүний "America Movil" компани нь Мексикийн хамгийн алдартай мэргэжлийн 2 хөлбөмбөгийн багийн хувьцааг, 11 сард Испанийн Real Oviedo хөлбөмбөгийн багийн хувьцааны ихэнхийг тус тус худалдан авчээ.
Харин тэрээр 2013 оны эхээр энэрэнгүй үйлсийн төлөө ажиллаж эхэлсэн юм. Карлос Слимийн сан нь Кан Академийн боловсролын вэб хуудаснаас 1000 гаруй видео бичлэгийг испани хэлэнд хөрвүүлэхээр амлажээ. Мөн энэ оны 2-р сард Билл Гэйтсийг хүлээн авч уулзсан ба тэд газар тариалангийн ургацыг сайжруулах, өлсгөлөнг багасгах зорилготой судалгааны ажлыг санхүүжүүлэхээр болсноо мэдэгдэв.
Сэтгэгдэл ( 1 )
manai ebe ch enenees dutakhgui