Кэйт Миддлтон нь Английн Беркширийн Ридинд 1982 оны 1 сарын 9-нд жирийн нэгэн нисгэгч Майкл болон нисэхийн ажилтан Карол Миддлтон нарын гэр бүлд хамгийн том охин нь болж төрсөн ба эрэгтэй, эмэгтэй 2 дүүтэй юм байна.
Тэрээр 2001 онд Шотландын Файфд Сант Эндрюсийн Их сургуулийн оюутан болсон ба оюутан болсон анхны жилээ хунтайж Уилльямын амьдардаг байшингийн ойролцоо оюутны дотуур байранд амьдардаг байжээ.
Кэйт, Уилльям хоёр хуваарийн дагуу хэд хэдэн хичээлд хамт суудаг байсан ба тун удахгүй жирийн найзууд болцгоов. Тэд өглөөний цайгаа хамт уун, хичээлдээ хамт явдаг байсан боловч эхэн үедээ бие биенээ хайр сэтгэлийн үүднээс сонирхож байгаагүй гэнэ. Тухайн үед Кэйт ахмад Рүперт Финчтэй болздог байсан ба энэ үед хунтайж Уилльям шинэ сургуульдаа дасан зохицох болон хэвлэлийнхэнтэй холбоотой нэлээд завгүй байдаг байжээ.
Гэвч 2002 онд хунтайж Уилльям нэгэн буяны үйл ажиллагаанд оролцож байхдаа Кэйтыг нэлээд загварлаг сайхан хувцасласан байхыг олж харан сэтгэл нь хөдөлж түүнийг өөрөөр харах болжээ.
Хунтайж тухайн үед Кэйттэй дотночлон ярилцах гэсэн боловч Кэйт Финчтэй үерхдэг байсан тул хунтайжийг үл тоомсорлож байсан гэнэ.
Харин 2003 онд тэд анх болзож эхэлжээ. Гэвч хунтайж Уилльям хэвлэлийнхэнд дургүй байсан тул хэдэн жилийн туршид хосууд маш нууцлаг байдалтай байсан юм.
Кэйт 2004 онд сургуулиа төгссөн ба хааны гэр бүлийнхны нэгэн цанын аялалаар хамт явж байгаад папарацид өртөн 2005 он гэхэд нэлээд алдартай болсон байв.
2006 оны 2 сард Кэйт Миддлтон Дээдсийн болон Дипломат хамгаалалтын албаны 24 цагийн хамгаалалттай болсон гэдгээ зарласан нь түүнийг дээдсийн гэр бүлийнхний халамжинд орж байна гэсэн цуу яриа гарахад хүргэжээ.
Ингээд 2010 оны 11 сарын 16-нд хунтайж Уилльям, Миддлтон нар сүй тавьснаа зарлаж хунтайж Кэйтд ээжийнхээ сүйн бөгжийг бэлэглэсэн байна. Хосууд 2011 оны 4 сарын 29-нд Лондонгийн Вэстминстр Абэйд гэрлэсэн ба хурим хийхийн өмнөхөн Английн Хатан Хаан Елизабет түүнийг Кембрижийн гүнгийн авхай Катаринэ цолоор өргөмжлөв.
Сэтгэгдэл ( 0 )