Ирэх 2014 оноос манай улс дугуйн замтай болно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

Өнөөдөр хүн болгон л ажил төрлөө хурдан бүтээж, аль болох хугацаа хожихын тулд мэрийдэг нийгэмд амьдарч байна. Гэтэл УБ хотод маань замын түгжрэл гэдэг аюултай зүйлтэй хамт бидний ажил төрөл, амьдралын цаг хугацаа түгжирчихдэг гэхэд хилсдэхгүй ээ. Түгжрэлтэй үед машинаар 2 км газрыг туулахад заримдаа 30 гаруй минут зарцуулдаг, харин дугуйн замтай бол энэ зайг ядах юмгүй 5 минутанд л туулна. Тэгвэл ирэх 2014 оноос манай улсад дугуйн зам барих ажил эхлэхээр болжээ.

Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвөөс 2013-2014 онд авто замын салбарын стандарт норм нормативыг боловсруулах тендерийг зарлаж, өнөөдөр тендерт ялсан байгууллагууд тодорсон байна. Авто замын норм норматив шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд нийтдээ 17 тендерийг зарласнаас манай улсад анх удаа унадаг дугуйн замын стандарт, норм, нормативыг боловсруулах тендерийг зарлажээ. Уг тендерт МЗХ-ны дэргэдэх "Авто замын салбарын залуучуудын холбоо" оролцож ялалт байгуулсан байна. Авто замын стандартаар батлагдсан унадаг дугуйн зам манай улсад байдаггүй бөгөөд энэхүү унадаг дугуйн норм, нормативыг баталсанаар ирэх 2014 оноос дугуйн зам барих ажил эхлэх юм байна. "Авто замын салбарын залуучуудын холбоо" нь дугуйн замын стандартыг энэ ондоо багтаан боловсруулж дуусгах гэнэ. Хэрэв дугуйн замтай болчихвол замын түгжрэл багасахаас гадна хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нэг алхам болох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top