Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сумдын хөгжлийн загвар, сумдын хөгжлийн загварт хамаарах нийгмийн үйлчилгээний болон үйлдвэрлэл, бизнесийн барилга, байгууламжийн нэг маягийн загвар зургийн жагсаалтыг тус тус баталлаа. Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан төсвийн зардал хэмнэх нэг цэгийн үйлчилгээний цэг, нэг дор байрлан ажиллах байгууллагуудын барилгын жагсаалтыг мөн гаргасан байна.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан яам, аймаг, дүүргийн 334 мэргэжилтнийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт энэ хавар ажилласан юм. Тэд сумдыг хүн амын тоо, төвлөрлөөс нь хамааруулан 5 ангилалд хувааж, ангилал тус бүрт тохирсон нийгмийн үйлчилгээний болон үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр баригдах барилга, байгууламжийн хүчин чадлыг тодорхойлж, нарийвчилсан тооцоо судалгааг газар дээрээс нь хийгээд ирсэн.
Сумдад нэг маягийн зурагт хамаарах 2905 барилга байгууламж байна, эдгээрийн зургийг нэг бүрчлэн хийвэл 61 тэрбум төгрөг зарцуулна. Үүний оронд дээрх 2905 барилгыг хийцийн төрөл, газар хөдлөлтийн баллаас хамааран 102 ширхэг нэг маягийн загвар зургаар баривал 2.6 тэрбум төгрөгөөр шийдвэрлэх боломжтой. Ингэж оновчтой менежмент хийснээр зөвхөн зургийн зардлаас гэхэд 100 ортой 50 цэцэрлэг барих хэмжээний буюу 58 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн нэгдсэн дүнг ажлын хэсгийнхэн гаргажээ.
Энэ ажлыг шуурхай хэрэгжүүлж, нэг маягийн загвар зураг боловсруулах компаниудыг сонгон шалгаруулах ажлаа ирэх 7-р сарын 10-ны дотор зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яаманд даалгалаа.
Сэтгэгдэл ( 0 )