Санал хураалтын туршилт хэвийн явагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, программ хангамжийг урьдчилан турших, энэ тухай журмыг Сонгуулийн Ерөнхий Хороо батална гэж хуульд заасан билээ. Үүний дагуу Монгол Улсын  Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглагдах  санал авах, тоолох, мэдээлэл дамжуулах техник хэрэгслийн  ашиглалтын бэлэн байдлыг  турших ажиллагаа энэ сарын 21-ний өдөр  сонгуулийн бүх хэсгийн хороод дээр зохион байгуулагдлаа. Үүгээр тэдгээрийн аюулгүй, найдвартай ажиллагаа хангагдсан эсэхийг  туршиж үзсэний зэрэгцээ   техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй мэдээллийн технологийн баг, даамлууд болон мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний   ажлын уялдаа холбоо, бэлэн байдлыг шалгасан байна.

Сонгуулийн бүх хэсгийн хороодод  нэгэн зэрэг зохион байгуулагдсан энэ арга хэмжээний үеэр техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид гэмтэл, саатал гараагүй  бөгөөд санал авах, тоолох, мэдээлэл дамжуулах  бүхий  л ажиллагаа хэвийн явагдав  гэж  СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top