Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалтай ярилцлаа.
-Та анхны эмэгтэй нэр дэвшигчийн хувьд Монголын эмэгтэйчүүд сэрэх цаг болсон гэж тунхаглалаа. Монгол орон даяар явж сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ монгол эхчүүд, эмэгтэйчүүдээ сэрээж чадав уу?
-Сэрээж чадсан гэж бодож байна. Эх хүн сэрж байж, эх орон сэрдэг гэж ард түмэн ярьдаг. Эх орон минь уруудах уу, доройтох уу, энэ төр мандах уу, буурах уу гэдгийг эх хүн шийдэх түүхэн хариуцлагатай цаг үе иржээ. Тийм учраас та энэ сонгуульд нугарах, буцах эрх байхгүй, танд ялахаас өөр гарцгүй гэж хэлсэн.
-Та таван аюулаас ард түмнээ аварна гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Хөдөө орон нутгийн иргэдтэй биечлэн уулзахад таны төсөөлж байснаас амьдрал ямар байна даа?
-Бодож байснаас хэцүү байна. Ард иргэдийн амьдрал их доройтжээ, зарим иргэдийн нулимс нь хатчихсан байна. Үнэхээр сөхөрч, цөхөрч байгааг олж харлаа. Тиймээс би хоёр гурван аймагт ажилласныхаа дараа иргэдэд хэлсэн. Бүгдээрээ агаар дээрээс бууя, нэг удаа үнэнд гүйцэгдэе гэсэн. Ард түмнийхээ амьдралыг шийдсэн сонгууль хийе гэж хоёр нэр дэвшигчдээ уриалга гаргасан нь амьдрал дундаас урган гаргасан миний шийдвэр байсан юм. Хоёрдугаарт, ард иргэд аврал эрсэн харцтай болчихож. Хэн намайг аврах бол, хэн энэ улс орныг аврах бол гэсэн сүүлчийн харцаар намайг харж угтаж байв. Ийм хүнд хэцүү нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаагаараа түүхэн онцлогтой гэж хэлж болохоор байна.
-Таны мөрийн хөтөлбөрийг иргэд хэрхэн хүлээж авав, яаж дэмжсэн бэ?
-Миний мөрийн хөтөлбөр ард иргэдийн зүрхэнд байдаг өдөр тутмын хэрэгцээ, ундаалах ус, газар шороо гээд бүх зүйлтэй холбогдож байсан учраас тэдэнд илүү ойрхон туссан байх. Уулзалт бүр урлагийн шоу тоглолт шиг, олон алга ташилт нулимсан дунд болж өнгөрсөн. Иргэд нулимсаа үзүүлж байсан нь ихэд ядарч эхэлсний жишээ. Өмнө нь бид олон сонгууль үзсэн ч иргэдээ уйлж байсныг цөөхөн харсан. Энэ удаа иргэдийнхээ уйлахыг олон харсан нь сэтгэл эмзэглүүлж байлаа.
-Амьдрал дунд яваад ирэхэд миний бодож байснаас хүнд байна гэлээ. Та өмнө нь олж хараагүй шинэлэг зүйлүүдийг ч бас харсан байх?
-Шинэлэг зүйл их байна. Төрийн алба хаагч юм уу, эсвэл нэг томоохон компанид ажилладаг хүмүүс хамжлагад орчихсон юм шиг хавчигнаж байна. Дэмжиж байгаа хэрнээ уулзаж чадахгүй, алга ташиж болохгүй, баяр хүргэж чадахгүй байв. Харин хэнээс ч хамааралгүй энгийн иргэд нь зүрх сэтгэлээ нээж, үгээ хэллээ. Тэд хэнээс ч айхгүй үгээ хэлж, алгаа ташлаа. Эндээс олон зүйлийг харсан. Баян- Өлгий аймагт явж байхад хүний санаанд оромгүй зүйлтэй ч таарсан. Тэднийг тэмцээд байвал иргэншлээс нь хасчихдаг гэж байна. Түүнийг сонсоод их гайхлаа. Энэ миний эх орон мөн үү гэж бодогдоход хүргэсэн. Үг хэллээ гээд иргэншлээс нь хасдаг гэхээр аймшигтай санагдсан. Энэ хэцүү хэлмэгдүүлэлт хүний амьдралын бүхий л хүрээг хамарчихсан байна. Хамгийн хүнд зүйл рүүгээ бид явж байгаа юм байна.
-Та уйлсан гэж ярилаа. Үүнд хоёр зүйл гаргалгаа харагдаж байна. Нэг талаар МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал иргэдэд өрөвдүүлэх гэсэн тактик, нөгөө талаар жинхэнэ дэмжигчдийн нулимс. Энэ хоёрын аль нь вэ?
-Би нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг аваад л уйлсан. Нэр дэвшигчийнхээ үнэмлэх авахад надтай хамт УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Хууль зүйн дэд сайд Л.Эрдэнэжамъян нар байсан. Тэднийг хараад “Гарын таван хуруу” киноны Шагдарын хүүхдүүд шиг санагдаж байв. Нам дээрээ ирээд бас л уйлсан. Бусад намын дарга нар ирчихсэн нэр дэвшигчтэйгээ хамт байсан. Бид өнчин өрөөсөн хүүхэд шиг санагдсан учраас энэ өрсөлдөөн бидний хувьд баяртай гэхээсээ илүү гунигтай байсан. Гэсэн хэдий ч түүхэн хариуцлага манай намын өмнө тулгарсан учраас бид эх орныхоо дуудлагаар, энэ өрсөлдөөнд оролцохоос өөр замгүй байлаа. Өөрөөр хэлбэл, бид хэзээ ч уйлахад бэлэн зүрх сэтгэлтэй болчихсон байв. Мэдээж иргэдийн хувьд гэнэт эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд гараад ирэхээр хонгилын үзүүрт гэрэл харагдсан байх. Уулзалтын үеэр сэтгэл хөдөлгөсөн олон мөчтэй таарсан. Говь- Алтай аймагт уулзалт хийгээд явж байхад эхний эгнээнд нэг эрэгтэй байн байн нулимсаа арчаад л суугаад байсан. Яагаад ингээд байгаа юм бол гээд гайхаад байсан тэр хүн төд удалгүй үг хэллээ. “ Намайг бага байхад манай нутагт том лам байв. Лам миний дэргэд Монголын төрд эмэгтэй хүн гарна, эмч хүн төр барих нь гэж билээ. Би үүнийг сонсч байсан хүний хувьд энэ бүхнийг хэлэхээр уулзалтад чинь ирлээ гэсэн. Дараа нь Өвөрхангай аймагт ирэхэд нэг малчин тосч уулзсан. Тэр хэлж байна. Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч байхдаа надад их тус болсон хүн дээ. Бид галаа асаах шүдэнзгүй болтлоо ядуурчихсан явахад тусламж хүргүүлсэн юм. Уг тусламж бидэнд амьдрах итгэл хайрласан шүү” гэсэн. Одоо төрийн тэргүүнд эмэгтэй хүн гарах цаг нь болсон гэж байсан. Энэ мэтчилэн явсан газар бүрт сэтгэлээ тайлсан үйл явдал давхцаж байлаа.
-Сонгуулийн сурталчилгааны үеэр ажиглаж байхад эмэгтэй хүн улс төрд ганцаардаж явах хэцүү гэдгийг харлаа. Нөгөө талаар эмэгтэй хүн нэг хүнд үнэнч байхаар өөрийгөө ч их зовоодог юм байна , өрөөл бусдад ч хүнд байдаг юм шиг санагдсан. Та Н.Энхбаяр даргад яагаад ингэж ханддаг юм бэ?
-Сүүлийн арван жилийн хугацаанд улс төрд тэмцэхдээ улстөрчдийг хамгийн эхлээд эх орныхоо эрх ашгийг боддог болгоё, эрх ашгийг нь эрэмбэлэхийг хүссэн. Улс төрд байсан МАНАН гэдэг улс төрийн үзэгдлийг сарниулах, улс төрд шургалсан олигархиудтай тэмцье гэсэн зорилготой байлаа. Энэ тэмцэл маань Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн албаа өгсний дараа илүү эрчимжсэн. Өөрөөр хэлбэл, бид хоёр энэ тэмцлийн замд сонирхол нэгдэж, хамтдаа тэмцэж байна. Хүн харахдаа намайг Н.Энхбаяр даргын төлөө тэмцээд байна гэж ойлгодог. Бидний тэмцлийг гэхээсээ илүү хувь хүнтэй нь холбож ойлгож байгаа нь харамсалтай санагддаг. Юм л болвол Н.Энхбаяр даргатай холбох гээд үзээд байдаг. Хэдийгээр ингэдэг боловч би эмэгтэй хүнийхээ талаас гуньдаггүй, хэлснээсээ буцахгүй. Би өөрийнхөө үзэл бодолд тууштай тэмцэж чаддаг учраас намайг яаж ч хэлээд хэн ч намайг зогсоож чадахгүй. Өөрийн тань хэлж байгаа зүйл үнэн. Шударга хүн байнга ганцаардаж байдаг. Ялангуяа өнөөдрийн нийгэм ёс суртахууны уналтад орчихсон, шударгаасаа шударга бус нь давамгайлсан нь шударга байдал өөрөө муухай харагдаж байна. Энэ үед байнга ганцаарддаг. Гэхдээ энэ ганцаардал ард иргэдийнхээ дунд байгаа учраас хэцүү асуудал биш. Өөрөөр хэлбэл, ард иргэдийнхээ дунд жаргалтай, улс төрчдийн дунд гунигтай байдаг асуудал. Хэдийгээр улстөрч дунд ганцаардмал харагддаг боловч олон түмэн миний дэргэд байгаа нь намайг үргэлж зоригжуулдаг.
-Сонгуулийн сурталчилгаа эхлэх үеэс л таныг санал хуваах зорилгоор гарч ирлээ гэж улстөрчид үзэж, бас ярьж эхэлсэн. Илүү санал авах юм бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид, дутуу авах юм бол Б.Бат- Эрдэнийн саналаас зулгаана гэж.. Одоо сонгуулийн сурталчилгаа дуусах үед таны рейтинг өссөн байна?
-Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг өөрөө тодорхой хугацааны сэтгэл санааны бэлтгэл болон янз бүрийн бэлтгэл хэрэгтэй байх нь тодорхой. Миний хувьд нэг өдрийн дотор шийдээд шийдвэр гаргаж, хоёр өдрийн дотор хөтөлбөрөө боловсруулаад гурав дах өдрөөс эхлээд сурталчилгааны ажлаа хийсэн. Нэг үгээр хэлбэл, тэгээс рейтинг эхэлсэн гэж үзэж болно. Харин сурталчилгааны явцад миний ард түмнээс цуглуулсан оноо эрс нэмэгдсэн. Энэ нь мэдээж манай намын нөхөд болон Н.Энхбаяр даргын нэр нөлөө, ард иргэдийн маань дэмжлэг байсан болов уу. Өнөөдөр нэр дэвшиж буй хоёр эрэгтэйтэйгээ эн зэрэгцээд рейтинг өсөөд байгаа нь иргэдийн маань надад үзүүлж байгаа хамгийн том шагнал юм. Мөн мөрийн хөтөлбөр энгийн, эгэл иргэнд хүрсний гол шалгуур болов уу.
-Сонгуулийн сурталчилгаа дуусахад гурван нэр дэвшигч дүнгээ тавиулна. Та ялалт, ялагдал хоёрын алийг нь илүү хүлээж авах бол. Ямар үнэ цэнтэй вэ?
-Би аль алинд нь бэлэн. Гэхдээ хамгийн гол нь сонгууль шударга явагдаасай л гэж их хүсч байна. Манайхан сонгуулийн дүнг засдаг. Би өөрөө сонгуульд хоёр удаа саналаа луйвардуулсан нэр дэвшигч шүү дээ. Одоо болтол шүүх дээр хэрэг нь байна. 2008 оны сонгуулиар 4500 санал луйвардсан гэдэг нь цагдаа, мөрдөн байцаалтаар тогтоогоод шүүх хурал нь болоод, давж заалдах шатан дээрээ манайхан ялчихсан. Одоо хүртэл шүүх дээр байж л байна. 2012 оны сонгууль ч гэсэн яг адилхан болсон. Тиймээс би энэ удаагийн сонгууль шударга явагдахгүй бол хүлээн зөвшөөрөхгүй гэж бодож байгаа. Одоогийн рейтингийн судалгааг харахад би нэг юм уу, хоёроор гарах магадлал өндөр байна. Яагаад гэвэл элит хэсгээсээ илүү, эгэл жирийн ард иргэд хуйвалддаг шударга бус хүмүүсээс залхаж энгийн эх намайг сонгоно гэдэгт итгэж байгаа. Олон ястны өлгий нутаг Ховд аймгийнхан “Нэг гэр бүлд нэг эмэгтэй” гэсэн санаачлагыг гаргасан. Эхчүүдээ сонгоё гээд нэгдчихсэн, эрчүүд ч гэсэн эмэгтэйчүүдээс илүү байж магадгүй гэж тооцоолж буй. Хараад байхад эрэгтэйчүүд намайг илүү их өмөөрч байх шиг байна. Яагаад гэвэл миний сурталчилгаа их төвөгтэй явагдаж байгаа. Мөнгө муутай, ядуу нам учраас хэдэн төгрөгтэй болоод сурталчилгаагаа хийлгэсэн.Ингээд сурталчилгаагаа бага хэмжээгээр хэвлүүлээд тараах гэхээр бусад хоёр намынхаа тараалгахгүй мөнгөөр “зодоод” худалдаад авчих юм. Нэр дэвшигч миний зарим сурталчилгаа сонгогчдод хүрээгүй тохиолдол гарсан. Тиймээс ийм луйврын сонгуулийг дахин хийлгэхгүйн тулд бид тэмцэж байгаа хэрэг шүү дээ. Сонгууль бүрт “амилан” гардаг луйврын ажиллагааг энэ удаа зогсоож чадах юм бол ард түмэн энэ удаагийн сонгуульд ялалт байгууллаа гэсэн үг.
-Аливаа намыг намын дарга нь удирдаж сонгуульд оролцдог. Өнөөдөр МАХН-ын дарга шоронд хоригдож буй. Эмэгтэй хүн нэр дэвшлээ. Нам нь ч санхүүгийн бааз суурь багатай байна. Сурталчилгаагаа хэвлүүлээд заримыг нь тарааж чадсангүй, таныг дэмждэг хэсэг нь сурталчилгааны сонин, сэтгүүлийг дамжуулж уншсан гэж байна. Өөр нэг талаас сонссон зүйл гэвэл нам дотроос чинь зарим нэг нь өөр намд урвасан гэсэн мэдээлэл байна. Та энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Нам дотор хоёр намаас мөнгө төлөөд хагалан бутаргах үйл ажиллагааг эрчимтэй явуулж байна. Төлөөллийн хүнээ аль хэдийнэ томилсон. Намын нэрээр штаб байгуулчихаад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг сурталчлаад явж байгаа тохиолдол гарсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх Бага хурлын чуулганы үед Г.Баярсайхан гэдэг хүн арав гаруй хамгаалагч хөлсөлж авчраад хүчирхийлэл хэрэглээд нам дээр ирсэн. Намын нэр барьж зориуд Б.Бат-Эрдэнийг дэмжиж байгаа гэсэн хөдөлгөөн байгуулсан. Үүнийг би хараад энэ нийгэм ямар ёс суртахууны уналтад ороо вэ гэж л бодсон. Ийм увиагүй хүмүүстэй харилцаад хэрэггүй гэдгийг ойлгосон. Гэхдээ энэ зөвхөн манай нам дээр байгаад байгаа юм биш. Хоёр нам дээр ч ийм хүмүүс олноор “төрж” эхэлжээ. Нам байгуулахдаа өөрөөсөө өөр алдах юмгүй тийм л хүмүүс цугларсан. Үүнээс хойш хоёр сонгуульд амжилттай оролцлоо. Түүнийг зарим нэгэн хараад намаас ашиг олж болно гэж ойлгосон байх. Тийм учраас намын нэрийг барьж хуйвалдаанд оролцдог. Түүнээс мөнгө олдог бялдууч бэртэгчин хүмүүс байна. Мөнгө амлахаар байр сууринаасаа ухарч няцдаг зарим гишүүд байгаа гэдгийг хэлэх цаг нь болсон. Хэн хэн гэдэг хүн энэ улс төрийн шалгуурыг давж байгаа гэдэг нь бидэнд ил байгаа. Энэ сонгууль МАХН-ын гишүүд, дэмжигчдэд тэр байтугай намайг ч гэсэн шалгасан том сонгууль болсон гэж бодож байна.
-Таны төрсөн нутгийнхан найман шарга морио хөлөглөөд таныг угтсан. Мөн Баян-Өлгий аймгийнхан танд нутгийн иргэдээс чинь дутахааргүй бэлэг барьсан гэж сонссон?
-Орон нутагт явж байхад нэг зүйлийг анзаарахгүй байхын аргагүй байв. Замд явж байхад тэнгэр цэлмэг байж байснаа намайг дөхөөд очихоор хэсэг газар бороо орж байгаад л тэнгэр онгойчихдог болсон. Энэ нь олон аймагт болсон. Говь-Алтай аймагт очиход бороо орсон. Тэгсэн нутгийн иргэд П.Жасрай гуай ирэхэд бороо орж байсан удаатай,таныг ирэхэд хурмаст тэнгэр хураа харамласангүй гэж байсан. Баян-Өлгий аймгийнхан Ачит нуурынхаа хөвөөн дээр “Миний сайхан ээж” дууг домбордож дуулаад угтсан. Үнэхээр халуун дулаан хүлээж авч уулзсан. Тэнд дэмжигчдэд дарагдахыг шахсан. Би сонгогчиддоо захидал хүргүүлсэн. Хариу захиа ирсэн байна лээ. Тэнд бичсэнээр “Бүгдээрээ хүн муулахгүй, хүч хэрэглэхгүйгээр цагаан сэтгэлийн цагаан сүүний хувьсгалыг зургадугаар сарын 26-ны өдөр хийе гэсэн. Энэ түүхэн цаг үе болжээ” гэсэн хариу ирсэн. Тиймээс бид эхчүүдээ сэрчихсэн байна гэж хэлээд байгаа юм. Би хөрөг нэвтрүүлгээ хийхдээ аав ээжийнхээ гэрт очлоо. Хашааны хаалгаар гараад аавын гэр рүү орох үед миний өвөр чигтээ шонхор шувуу нисээд өнгөрсөн. Түүнийг би хараагүй харин монтаж хийсэн залуучууд харсан байна лээ. Шонхор шувууг их билэгшээсэн. Тэнгэр хангай ард иргэд минь их ивээлээ гэж бодсон. Их үйлсийн төлөө зориод явахаар тэр аймаг энэ аймаг гэж бодогддоггүй юм билээ. Аймаг бүрийн ард иргэд миний хүүхэд шиг санагдаж нөгөө нүдний ялгаа арилдаг гэж Итгэлт баян хэлдэг шиг зүйл болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд яваад ирэхээр үнэхээр нүдний ялгаа арилчихдаг юм.
-Та сонгуулийн сурталчилгааныхаа үеэр иргэдэд хэлж амжаагүй үг байна уу?
-Би нэг зүйлийг дандаа баримталдаг юм. Адгийн хүн хүн ярьдаг, эгэл хүн амьдрал ярьдаг, аугаа хүн асуудал ярьдаг гэдэг гэж. Би аугаа асуудал ярьсан хүн байж чаддаггүй юм аа гэхэд амьдрал ярьдаг эгэл хүн байя гэж бодож хүн бүрт нийтлэг зүйл ярьж явсан. Ганцхан өөрийнхөө мэддэг зүйлийг ярих ч юм уу, эсвэл өөрийгөө магтах ч юм уу, ер нь эргээд бодоход өөрийнхөө тухай их бага ярьсан. Ард иргэдээ ийм болгоё, оюунлаг тэнгэрлэг хүмүүс шүү дээ гэж явсан. Бид өнөөдөр эхгүй юм шиг, эзэнгүй юм шиг явж байна. Ард иргэд эхтэй байх хэрэгтэй байна.
-Та Ерөнхийлөгч болохоороо энэ асуудлыг шийдэж өгөөрэй гэж иргэд хэлж байсан. Хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдэх вэ?
-Монгол хүнээ эх оронд нь эзэн шиг л амьдруулаарай гэж захисан. Хүнийг хайхардаг болгоорой. Бүх иргэд нэг зүйл дээр санал нэгдсэн. Энэ нь ажилгүйдлийг арилгаж ажилтай болгоно гэдгийг дэмжсэн. Улстөржилтийг зогсоож монголчуудыг эвийн сум шиг эвтэй найртай ард түмэн болгоорой гэсэн.
-2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Танаас олон улсын томоохон мэдээллийн агентлагууд ярилцлага авсан. Мөн олон улсын ажиглагчид Монгол Улсад эмэгтэй хүн нэр дэвшснээр сонгуулийн сурталчилгааны ажлыг их сайхан зөөлрүүлж чадлаа гэж бичсэн байна?
-Эмэгтэй хүн нэр дэвшсэн нь улс төрийн хувьд цоо шинэ үзэгдэл боллоо. Сонгуулийг сонирхолтой болгож байна. Иргэд их сонирхож байна. Эхлээд эмэгтэйчүүд ч гэсэн эргэлзэж байв. Харин тодорхой хугацааны дараа эмэгтэйчүүд дэмжиж эхэлсэн. Эрэгтэйчүүд хоёр долоо хоног өнгөрсний дараа яагаад эмэгтэй хүн төрийн тэргүүн байж болохгүй гэж. Сонгуулийн сурталчилгааны сүүлчээр иргэд эмэгтэй хүнийг сонгоод үзье гэж байна. Энэ нь хурдан хугацаанд рейтинг өслөө. Энэ бол Монголын нийгмийн эрэлт шаардлага юм. Түүнээс биш миний сайнд биш. Монголын төр эмэгтэй хүнээр хазайсан сүлдээ тэгшлүүлж, төрийн үйл ажиллагаа алдаатай дутагдалтай зүйлийг засуулах зайлшгүй шаардлага иржээ. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг дээр очиж уулзахад иргэд Ерөнхийлөгч болчихсон юм шиг хандаж байна. Заавал болох ёстой, өөр сонголтгүй гэсэн. Хамгийн гол нь хар машин, үнэнээрээ гарвал та ялна шүү гэж хэлж байна.
-Сонгуулийн сурталчилгаа дууслаа. Одоо сонголт үлдсэн. Гэхдээ иргэд сонгуульд хэр идэвхтэй оролцох бол. Та юу гэж бодож байна вэ?
-Сонгуулийн сүүлийн өдрүүдэд эрх баригч намууд нэг их мөнгө тараадаг. Үүнийг иргэд битгий аваарай гэж хэлмээр байна. Энэ мөнгө ард иргэд та бүхний мөнгө, эх орноо эмтэлж зарсан мөнгө гэж ойлгоорой. Хэрвээ та бүхэн мөнгө авчихаад тухайн нэр дэвшигчдээ саналаа өгвөл эх орноо хамт зарж борлуулж байна гэж бодоорой. Энэ авлигыг өөгшүүлж өөрийнхөө амьдралаас юүлж өгч байна гэж бод гэж би зориуд уриалга гаргаж иргэддээ хүргүүлсэн. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд бидний явуулсан сонгууль их муухай зуршлыг бий болгосон, хэцүү сургамжийг үлдээсэн. Тэгээд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэн нь энэ сонгуулийг өөрчилье, ард иргэддээ хүндэтгэлтэй хандъя гэсэн байр сууринаас сонгуулийн сурталчилгаа хийж явсан.
-Та МАХН-ын дарга Н.Энхбаярын санал болгосноор Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гэж хэлсэн. Эрүүл мэндийн сайдын тань талаас асууя. Н.Энхбаяр даргын биеийн байдал ямар байгаа вэ. Түүний биеийн байдал муудсантай зэрэгцээд таныг нэрээ татна гэсэн мэдээлэл байна?
-Н.Энхбаяр даргын биеийн байдал тааруу байгаа. Ерөнхийдөө хуурай өлсгөлөн гэдэг бидний мэддэг өвчин биш юм байна. Түүнийг бид зогсоож чадаагүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт бие махбодод явсан процессыг удаан хугацаанд зогсоож чаддаггүй, эсийн задралыг зогсоох боломжгүй. Эмнэлэг шинжилгээнд гарч буй шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Эсийн задралыг зогсоож чадаагүй учраас Н.Энхбаяр дарга жингээ маш их хаясан, танигдахын аргагүй турж эцсэн. Гэсэн хэдий ч өөрөө их тэмцэгч хүн юм. Өөрөө их бясалгал хийдэг байсан учраас тэсвэр нь бусад энгийн хүнийг бодвол тэсвэртэй байна. Нэр татах асуудал нөгөө хоёр өрсөлдөгчдөөс гарч байгаа “бор шувуу” гэж ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө рейтинг өсөөд ирэхээр энэ хоёр нам их оролдож байна. Өнөөдөр жишээ нь Ц.Элбэгдоржийг гаргах гэж Н.Удвал нэр дэвшсэн шүү, тиймээс Удвалд битгий санал өгөөрэй. Ялангуяа МАХН-ынхан битгий санал өгөөрэй гэсэн мэдээллийг өрсөлдөгч хоёр намаас гаргажээ. Энэ мэдээлэл иргэдийг зориуд төөрөгдүүлж буй.
-Таныг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь Н.Энхбаяр даргыг суллуулах гэсэн нэг арга гэж үзэж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Н.Энхбаяр дарга ард иргэддээ хандаж үг хэлье гэсэн юм. Мэдээж намайг дэмжиж үг хэлэхийг зөвшөөрөхгүй байгаа. Хэрвээ үг хэлбэл “ Би Удвалыг Ерөнхийлөгч болвол өршөөл уучлалт гуйхгүй ээ, ингэхийг ч хүсэхгүй байна” гэж хэлмээр байна гэсэн байна лээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн хуулийн дагуу ажиллана. Н.Энхбаяр дарга улс төрийн хоригдол болчихсон байна. Үүнийг ямар ч Ерөнхийлөгч цагаатгах ёстой. Ганцхан Н.Энхбаяр даргыг ч биш. Ерөөсөө хууль хяналтын буруутай үйл ажиллагаанаас болж хэлмэгдсэн нийт иргэдээ бүгдийг нь цагаатгаж эрхийг нь сэргээж эдлүүлэх ёстой. Энэ бол Ерөнхийлөгчийн үүрэг юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгчид анх удаа эмэгтэй хүн нэр дэвшлээ. “Хаан төр хазайхад хатан ухаан түшдэг” гэдэг. Танд Монгол Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлээд, ажилд тань амжилт хүсье. Баярлалаа.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Сэтгэгдэл ( 1 )
tengeriin huch gej yu baihav dee? ih l bodoj tsas boroo orno biz. tengert hezee ch huuli gej baihgui. ene bol soliotoi hunii l bodol baina.