Э.Эрдэнэжамьяан: Н.Удвал, Б.Бат-Эрдэнэ нар тохиролцоогүй

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ажиллагаа өнөөдөр өглөөний 07.00 цагаас 1896 хэсгийн хороод дээр эхэлсэн.  Ерөнхийлөгчийн сонгуульд  1 сая 856 мянга 190 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулагдсан бөгөөд тэдгээрт ажиллаж буй төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 15 мянга гаруй албан хаагч сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж дуусгаад санал хураалтын ажиллагааг эхлүүлээд байна. Гэтэл санал хураалт эхлээд дөрөвхөн цаг өнгөрч байхад хууль зөрчсөн үйлдлүүд ар араасаа гарсаар байгаа нь харамсалтай. МАН-ын сонгуулийн штаб, ухуулагч нар саналаа өгөхөөр ирсэн хүмүүст аман ухуулга хийж, МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-ын нэр дэвшигч Н.Удвал нар тохиролцоонд хүрч, МАН-ыг дэмжихээр болсон. Тиймээс нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд саналаа өгөөрэй хэмээн ухуулга хийж эхэлжээ. Энэ талаар МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяанаас тодруулга авснаа хүргэж байна.

-Сонгуулийн санал авах зарим хэсгийн хороон дээр хууль бус үйлдлүүд илэрч байгаа тухай мэдээлэл бидэнд ирээд байна л даа. Үүний нэг нь МАН, МАХН хоёр зөвшилцөж МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжихээр болсон. Тиймээс иргэдийг саналаа Б.Бат-Эрдэнэд өгөхийг ухуулж байгаа талаар мэдээлэл байна. Үнэхээр ийм тохиролцоонд хүрсэн юм уу?
    

-Манай намын сонгуулийн тойрог, хэсгийн хороод дээр ажиллаж байгаа ажиглагч нараас ийм гомдлууд ирж байна л даа. МАН-ын ухуулагч, ажиглагч нар саналаа өгөх гээд ирж байгаа хүмүүст Н.Удвал, Б.Бат-Эрдэнэ хоёр тохирсон. Тиймээс саналаа Б.Бат-Эрдэнэ аваргад өгөх нь зөв шүү гэх утгатай ухуулга хийж байна гэсэн гомдлуудыг ирүүлж байгаа. Энэ нь Сонгуулийн сурталчилгааг 24 цагийн өмнө дуусгана гэсэн сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. Аман байдлаар ухуулга хийж байна гэсэн үг юм.  Сонгогчдын саналыг татах зорилгоор илт төөрөлдүүлсэн мэдээллийг өгч болохгүй гэж сонгуулийн хуульд заасан байгаа. Гэтэл улаан цайм төөрөгдүүлсэн мэдээллийг хүмүүст ингэж байгаа нь өөрөө хуулийг ноцтойгоор  зөрчиж байгаа үйлдэл л дээ. Тэгэхээр МАН-ын сонгуулийн штабаас зохион байгуулж байгаа бол энэ хууль бус үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна. Хэрвээ намын гишүүд нь дур мэдэн хууль зөрчсөн дээрх үйл ажиллагааг явуулж байгаа бол хариуцлагагүй хүмүүст албан ёсоор анхааруулж таслан зогсоохыг шаардахгүй бол сонгуулийн хуулийг бүхэл бүтэн улс төрийн нам зөрчиж болохгүй гэдгийг хэлмээр байна.

 -МАХН-ын нэр бүхий хүмүүс ийм мэдээлэл тарааж байгаа гэх мэдээлэл ч гараад байсан?
    
-МАХН-ын гишүүн нь  байсан, эсхүл намаас хөөгдсөн, урвасан ийм хүмүүсийг дагуулж яваад сурталчилгаа хийлгүүлээд МАХН Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжээд байгаа мэтээр худал ухуулгыг хийгээд яваад байна гэсэн. Үүгээр иргэдийг төөрөгдүүлж, худал сурталчилгаа хийлгүүлэхийг зогсоох хэрэгтэй гэдгийг дахин хэлье. Манай намын  ямар ч албан ёсны хурал, эрх бүхий байгууллагаас МАН-ыг дэмжих талаар нэг ч шийдвэр гаргаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Түүхтэй холбоод үзсэн ч Чингис хаан дайсныхаа хааныг бариад ирсэн боолуудыг цаазалдаг  байсан. Ийм л шударга хүний удам, үр сад шүү дээ бид чинь. Төрийн тэргүүнд өрсөлдөж байгаа ийм хариуцлагатай сонгуульд өөр намаас нэг хүн урвуулж аваад тэрийгээ дагуулж худал сурталчилгаа хийгээд яваад байх нь  зүй бус юм. Урвагч бол урвагч л байдаг. Эхнэрээсээ, найз нөхөд, намаасаа ч урвасан байсан адилхан шүү дээ. Урвалт бол хэзээ ч зөвтгөж болшгүй зүйл. Ийм урвагчдыг дагуулж явах нь эр хүний хувьд ч зохисгүй юм. Хуучин цагт Манжууд Монголчуудыг тараан бутаргах гэж нэгийг нөгөөгөөс урвуулах гэж үздэг байсан бол одоо цагт Монголчууд өөр хоорондоо нэгийгээ урвуулах гэж хөөцөлддөг болсон байна. Ийм муухай юмаа болих хэрэгтэй.

-Яг аль дүүргийн хэддүгээр хэсгийн хороон дээр ийм үйлдлүүд гарсан тухай тодруулахгүй юу?
    
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэсгийн хороон дээр гарсан байна. Бас хөдөө орон нутгаас ийм гомдол, мэдээллүүд ирсээр байгаа. Ер нь их олон газар ингэж ярьж явж байгаа юм байна. Бид шалгаж байна.

-Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийн ирцийг сайжруулах үүднээс 1000 төгрөгний нэгж өгөхөөр зохион байгуулж байна. Үүнийг та хэрхэн харж байна. Энэ хэр зөв арга барил бол?
   
-Үүнийхээ аргыг их буруу хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл сонгуулиа өгсөн хүн бүрт хэсгийн хороон дээрээ нэгжээ тарааж өгөх ч юмуу арай өөрөөр тараах хэрэгтэй байсан. Гэтэл саналын хуудсан дээрх тэр тоогоо тусгай дугаарт илгээхийг заасан байгаа. Тэгэхээр саналын хуудасны дугаар давхцахгүй, утасны дугаар давхцахгүй шүү дээ. Хэдэн номерын утасны дугаартай хүн хэн бэ гэдэг нь ойлгомжтой. Тэр дугаартай хүн хэнд саналаа өгсөн бэ гэдэг нь тодорхой болчих юм байна л даа. Сонгуулийн Ерөнхий Хороо өөрөө Үндсэн хуулийг маш бүдүүлгээр зөрчиж байна. Маш том алдаа гаргалаа. Арай эвтэйхэн байдлаар энэ ажлыг зохион байгуулах ёстой байсан. Үүнийгээ нэн даруй залруулах хэрэгтэй. Болдог бол хэнд саналаа өгснийг нь мэдэхгүйгээр хажууд нь нэгжээ өгөх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол хэнд саналаа өгснийг нь мэдэх гээд байгаа юм шиг харагдаад байгаа юм л даа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд иргэд нууцаар саналаа өгөх эрхтэй гэж заасан байгаа. Тэгэхэд хамгийн гол нууцаар саналаа өгөх тэр эрхийг нь ил болгох гээд байгаа юм шиг харагдаад байна. Энэ янзаараа байвал Ерөнхийлөгчийн сонгууль их сонин болчих гээд байгаа юм л даа.

-Цаашдаа энэ мэтчилэн танай намын эсрэг сөрөг сурталчигаа яваад байвал МАХН-ын зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
    
-Бидний хамгийн сайн авах арга хэмжээ бол иргэддээ сэрэмжлүүлэх юм. Бусад намын удирдлагуудыг буруу аман ухуулгаа зогсоо гэж шаардаж байна. Яг тэр хэсгийн хороон дээр байгаа ажиглагч, ухуулагч  нар ийм зүйл хийхийг хүсэхгүй байгаа  гэж бодож байна. Энэ бол тодорхой хэмжээнд дээрээсээ бэлдсэн арга хэмжээ л болж байгаа. МАН, түүний сонгуулийн штаб ийм ёс суртахуунгүй үйлдэл хийхээ болиочээ гэж хэлэхийг хүсч байна. Тэртээ тэргүй ард түмэн сонголтоо хийсэн байгаа. Өнөөдөр юу ч гэж ухуулаад сонголт нь өөрчлөгдөхгүй учраас эртхэн улс төрийн соёл гаргахыг хүсч байна.\

-Сонгуулийн Ерөнхий Хороонд хүсэлт гаргаж, албан бичиг хүргүүлэх үү?

-Ард иргэддээ л сэрэмжлүүлэх нь  бидний хийж чадах хамгийн зөв зүйл. Сонгуулийн Ерөнхий Хороонд бичиг хүргүүллээ гээд  хурдан хугацаанд арга хэмжээ авч чадахгүй. Яг үнэнийг хэлэхэд намын штабын гол зохион байгуулсан хүмүүс хариуцлага хүлээдэггүй байхгүй юу. Дээрээсээ үүрэг даалгавар авсан ажиглагч, ухуулагч, эсхүл ядарсан нэг иргэн л хариуцлага хүлээдэг. Бид тийм зүйл хийхийг хүсэхгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top