Петер Шаллертай зоог барьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

Гадаад харилцааны сайд Л.Болд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд доктор Петер Шаллерийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан энэ сарын 25-ны өдөр хүлээн авч уулзан, өдрийн зоог барив.

Элчин сайд П.Шаллер манай улсад Элчин сайдаар ажиллахдаа монгол-германы харилцаа, хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглээд, түүнийг Элчин сайдаар ажилласан хугацаанд Холбооны Канцлер анх удаа Монгол Улсад айлчилсан болон Монгол Улсын Ерөнхийлөгч ХБНГУ-д төрийн айлчлал хийсэн зэрэг олон чухал үйл явдлууд өрнөснийг цохон тэмдэглэв.

Сайд Л.Болд Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр” байгуулсан болон монгол-германы хамтарсан технологийн дээд сургууль энэ оны 9 дүгээр сард анхны элсэлтээ авч үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаа зэрэг бодит үр дүнгээ өгч буй ажлууд нь түүний хичээл зүтгэлтэй салшгүй холбоотойг уулзалтын үеэр дурдаж, Элчин сайдад талархал илэрхийлэн, түүний цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top