Хэт халсны улмаас хүний амь нас эрсджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

АНУ-ын баруун өмнөд хэсэгт халуу шатаж агаарын хэм зуун жилийн өмнөх дээд амжилтыг эвдэх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулаад байна. Хэт халсны улмаас нэг хүн нас барсан бөгөөд хэдэн 10 хүн наранд цохиулсан байна. Калифорни, Невада, Аризоны өмнөд хэсэгт сүүлийн өдрүүдэд агаарын хэм 50 градус хүртэл дээшлээд байгаа бөгөөд Лас Вегаст агааржуулагчгүй байранд амьдардаг нэгэн тэтгэвэрийн хөгшин амьсгал хураасан явдал гарчээ. Түүнчлэн нэгэн хижээл насны иргэн автомашиных нь агааржуулалтын систем эвдэрснээс болж бие нь мууджээ.

Мөн Лас Вегаст задгай талбайд болсон тоглолтын дараа 10 гаруй хүн эмнэлэгт хэвтжээ. Бусад мужуудад ч хүмүүс хэдэн 10-аараа эмнэлэгт хандаж байгаа аж. Үндсэн онош нь наранд цохиулсан, бие дэх шингэний хэмжээ эрс багассан. Тиймээс аврагчид хохирогчдын тоо цаашид ч өсөх хандлагатай байгааг үгүйсгэхгүй байна. Өнгөрсөн ням гарагт л гэхэд Калифорни мужийн хэд хэдэн хотод 56,7 хэм хүрч халсан нь Үхлийн хөндийд сүүлийн 100 жилд бүртгэгдээгүй үзэгдэл болж байгаа юм. Цаг агаарын байдал энэ долоо хоногийн мягмар гараг хүртэл энэ байдлаар үргэлжлэхийг цаг уурчид анхааруулж байгаа бөгөөд байгалийн онцгой үзэгдэл болж байгаа бүс нутгуудад эрх баригчид агааржуулагчаар тоноглогдсон тусгай пунктыг оршин суугчдад зориулан нээжээ. Мөн Финикст иргэдэд үнэгүй зайрмаг, хүйтэн усанд норгосон алчуур тарааж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top