Египетэд цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг баривчилжээ. Энэ талаар Мурсийг дэмжигч “Мусульман ах дүүс” хөдөлгөөний төлөөлөгчид албан ёсоор мэдээлсэн байна. Мөн Мурситэй хамт түүний зөвлөх Эссам аль-Хаддадыг хорьсон гэнэ. Мурсийг баривчлагдсан талаар Египетийн хууль сахиулах байгууллагынхан ч нотолж байгаа бөгөөд түүнийг цэргийн тагнуулын газарт харъяалагддаг нэгэн объектод хорьж байгаа бололтой. Өмнө нь Египетийн Эрх чөлөө, шударга ёсны намын тэргүүн Саад эль-Кататни, түүнчлэн “Мусульман ах дүүс” хөдөлгөөний орлогч дарга Рашад Байюми нарыг хорьсон талаар мэдээлж байсан билээ.
Түүнээс гадна энэхүү ислам шашинтнуудын хөдөлгөөний 300 орчим гишүүнийг баривчлах тушаал гарсан байгаа гэнэ. Долдугаар сарын гурванд Египетийн Батлан хамгаалахын сайд Абдель-Фаттах аль-Сиси Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг түлхэн унагасан тухай, 68 настай Адли Мансур Египетийн Ерөнхийлөгчийг түр гүйцэтгэгчээр томилогдсон талаар зарласан юм. Түүнийг албан тушаалд нь долдугаар сарын дөрвөнд албан ёсоор оруулах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )