Обама Путинээс Сноуденыг нэхэж ярив уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 14

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй өчигдөр  утсаар ярьжээ. Тэднийг ярилцах үед Москвад хэдийнэ шөнө болсон байсан аж. Путиний хэвлэлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэвлэлийнхэнд хийсэн мэдээллээс үзэхэд хоёр улсын ерөнхийлөгч хоёр талын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын болон ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудентай холбоотой асуудлаар ярилцсан гэдгийг Оросын дуу хоолой мэдээлэв. АНУ-ын ТТГ-ыг дэлхийн Интернет болон харилцаа холбооны сүлжээнүүдийг ашиглан тагнадаг тухай тагнуулын нууц мэдээллүүдийг нийтэд илчилсэн оргодол тагнуулын ажилтан асан Эдвард Сноуден нь 6-р сарын 23-наас Москвагийн “Шереметьево” олон улсын онгоцны буудлын транзит бүсэд байгаа юм.

Өнгөрсөн баасан гаригт түүний санаачилгаар Оросын хүний эрхийг хамгаалагчид, өмгөөлөгч нартай зохион явуулсан уулзалт дээр Сноуден ОХУ-аас улс төрийн орогнол олгохыг хүсчээ.Түүний ярьснаар, тэрбээр Латин Америкаас орогнол олгоно гэдэгт найдаж байгаа бөгөөд одоогоор хараахан явж чадахгүй байгаа учраас, Орос улсад түр зуур байхаар төлөвлөөд байгаа аж.

Уулзалтын явцад Сноуден түүнд дэмжлэг үзүүлсэн ОХУ, Венесуэл, Болив, Никарагуа,Эквадор улсуудад талархал илэрхийлсэн аж. Мөн тэрээр цаашид  улс төрийн орогнол олгохтой холбоотой бүх саналуудыг хүлээн авах болно гэжээ.

ОХУ-ын Төрийн думын депутат Вячеслав Никонов уулзалтын дараа мэдэгдэхдээ, Сноуден нь Орос улсад орогнол олгох нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн юм. Уг нөхцөлөөр тэр АНУ-д уршиг тарих ёсгүй юм хэмээн нэмж хэлсэн байгаа.

Тодотгоход, Сноуденыг АНУ-д америкийн тусгай албаныхны нууцын программуудын тухай хэвлэлд гаргасан хэрэгт татаад буй билээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни ээлжит хэвлэлийн бага хурал дээр Орос улсыг Сноуденыг хүлээлгэн өгөхийг уриалсан бөгөөд ингэхдээ шүүх ажиллагааг шудрага явуулна гэж батлан хэлсэн юм.

Тэгэхээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа Сноуденыг өгөхийг дипломат түвшинд шаардсан байхыг ч үгүйсгэх аргагүй л юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top