Сноуден ОХУ-с түр орогнол хүслээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 14

АНУ-ын тагнуулын албаны экс ажилтан Эдвард Сноуден Москвад очоод сураг тасарсанд Вашингтоны зүгээс ихэд хилэгнэж байсан. Сноуденыг Шерметьевогийн олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо зочид буудалд байрлаж байж болзошгүй гэх таамаг байсан ч тэрээр сар гаруйн хугацаанд огт гарч ирээгүй юм. Түүнээс ярилцлага авахаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сэтгүүлчид тус нисэх буудалд олон хоногийг өнгөрөөж байгаа. Тэгвэл өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын12-нд АНУ-ын тусгай албаны экс ажилтан Эдвард Сноудены Шереметьевогийн олон улсын нисэх онгоцны буудалд Оросын хүний эрхийг хамгаалагчид, өмгөөлөгч нартай уулзалт хийсэн юм. Түүний энэхүү уулзалт хэдийгээр хаалттай болсон ч 200 гаруй хэвлэл мэдээллийнхэн цугласан аж. Энэ үеэр тэрбээр  өөрт нь дэмжлэг үзүүлсэн ОХУ, Венесуэл, Болив, Никарагуа,Эквадор улсуудад талархаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр цаашид  улс төрийн орогнол олгохтой холбоотой бүх саналуудыг хүлээн авах болно гэжээ. Түүнчлэн тэрбээр Латин Америкаас орогнол олгоно гэдэгт найдаж байгаа бөгөөд одоогоор хараахан явж чадахгүй байгаа учраас, ОХУ-аас түр хугацааны орогнол хүсч буйгаа Оросын хүний эрхийг хамгаалагч нарт мэдэгдсэн байна. Ингэхдээ тэрээр Орост үлдэхийн тулд Оросын талын тавьсан шаардлагыг биелүүлнэ гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн Сноуден хүний эрхийн төлөөлөгч нарт хандан  түүнд улс төрийн орогнол олгоход нь батлан даалт гаргахыг гуйжээ. ОХУ-ын Төрийн думын депутат Вячеслав Никонов уулзалтын дараа мэдэгдэхдээ, Сноуден нь Орос улсад орогнол олгох нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн юм. Уг нөхцөлөөр тэр АНУ-д уршиг тарих ёсгүй юм хэмээн нэмж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top