Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нельсон Мандела өнөөдөр 95 нас хүрлээ. Тэрбээр төрсөн өдрөө эмнэлэгт өнгөрүүлж байна. Түүний төрсөн өдөрт дэлхий нийт баяр хүргэж, эх орон, ард түмэн нь түүнд хайртай гэдгээ илэрхийлж байна. Түүний эмнэлгийн гадаа дунд сургуулийн мянга мянган хүүхэд цуглаж төрсөн өдрийн мэнд хүргэжээ. Түүнчлэн одоогийн ерөнхийлөгч Жекоб Зума өөрийн биеэр эмнэлэгт ирж Мадибагийн амар мэндийг мэдэж, төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна. Мадибад барьсан өөр нэгэн бэлэг бол улс орон бүрээс ирсэн 700 гаруй мэндчилгээ, зурагт хуудсыг дэлгэн үзэсгэлэн гаргасан байлаа.
Мандела өнгөрсөн сарын наймны өдөр уушигны хүндэрлээс болж эмнэлэгт хүргэгдэн биеийн байдал нь тун хүндхэн байгаа билээ.
Өнөөдөр зөвхөн түүний төрсөн өдрөөс гадна Олон улсын Нельсон Манделагийн өдрийг тэмдэглэж байгаа. Энэ өдөр түүний Өмнөд Африкийн түүхэнд оруулсан хувь нэмэр, өөрчлөлтүүдийг эргэн дурсдаг учиртай. Нельсон Мандела 1994 онд улсынхаа анхын хар арьст ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )