Гуантанамод өлсгөлөн зарлаад буй 104 хоригдлын дотор Хуссейн Алмерфеди байгаа аж. Хоёр дугаар сард эхэлсэн уг өлсгөлөн шоронгийн харгис нэгжлэгээс үүдэлтэй хэмээн хоригдлууд гомдол гаргасан байна. Эдгээр гомдлыг харин цэргийн удирдлагууд ул үндэсгүй хэмээн буцаажээ. Өмгөөлөгчид нь дээрх өлсгөлөнг шүүх ажиллагаа явуулалгүй, тодорхойгүй шалтгаанаар хорьж буйг эсэргүүцсэн хөдөлгөөн гэж нэрлэсэн байна. Гуантанамод 166 хүн хоригдож буйн дотор АНУ-ын эрх баригчдын “шилжүүлэхийг зөвшөөрсөн”-өөс хойш урт хугацаагаар хоригдож буй олон арван хүн байгаа юм. Өлсгөлөн зарласан хоригдлуудын олонх нь 2002 оноос хойш шүүхээр орж ял сонсолгүйгээр хоригдож байна.
2013 оны 6 дугаар сарын 18-ны байдлаарх мэдээнээс үзвэл өлсгөлөн зарласан хоригдлуудын 44 нь гуурсаар хооллуулж, 2 нь эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. Сэтгэл зүйн бүрэн чадамжтай өлсгөлөн зарлагчийг албадан хооллож байгаа нь анагаах ухааны ёс зүйд нийцэхгүйн зэрэгцээ хоригдлын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боогдуулсан явдал болж буй юм. Өлсгөлөн зарлагчдыг 4 дүгээр сарын 13-нд ганцаарчилсан камерт шилжүүлжээ. Эрх баригчид эдгээр хоригдлын эсрэг энэ мэт залхаан цээрлүүлэх арга хэмжээ авч байгаад олон хүмүүс санаа зовниж байна. Албадан хооллох нь харгис, хүнлэг бус, дорд үзсэн харилцааг үүсгэхийн зэрэгцээ санаатайгаар өвчин, зовлон илүү учруулахуйц замаар хийгдсэн тохиолдолд эрүү шүүлтэд ч тооцогдож болдог.
Эрүүл мэндийн Лансет сэтгүүлд 6 дугаар сарын 19-ний дугаарт нийтэлсэн ил захидалд 153 эмч хараат бусаар эмнэлгийн туслалцаа авахыг хүссэн өлсгөлөн зарлагч 13 хоригдлын хүсэлтэд хариу өгөхийг Ерөнхийлөгч Обамагаас шаарджээ.
Гуантанамогийн асуудлаар чимээгүй байсан Ерөнхийлөгч Обама 4 дүгээр сарын 30-нд уг шоронг хаах ёстой гэж үзэж буйгаа дахин илэрхийлсэн байна. Обама 2010 оны 1 дүгээр сарын 22 гэхэд энэ хорих газрыг хаасан байх тухай амласнаас хойш дөрвөн жил гаруй хугацаа өнгөрчээ. 5 дугаар сарын 13-нд Хууль зүйн сайд Эрик Холдер Гуантанамог хаах “шинэ хүчин чармайлт” гаргах, үүний тулд захиргаанаас уг асуудлыг наашлуулж чадах хүмүүсийг хайж байгаа тухайгаа мэдэгджээ. Гуантанамо Бэйг хаах тусгай төлөөлөгчийн алба 2-р сард татан буугдсан юм.
5 дугаар сарын 23-нд Ерөнхийлөгч Барак Обама терроризмтэй тэмцэх асуудлаарх гол илтгэлдээ “........эрх зүйн хэм хэмжээг дордуулсан...............” хэмээн Гуантанамог хаах хэрэгтэй байгаа тухайгаа дахин баталжээ. Тэрээр хоригдлуудыг шилжүүлэхэд тавьж буй хоригоо цуцлахыг Конгрессоос хүсч, “бусад орнууд руу явуулах боломжтой хоригдлуудыг боломжийн хэрээр шилжүүлэх” болно хэмээн амлаж, Төрийн департамент, Батлан хамгаалах яаманд гуравдагч орнууд руу хоригдлуудыг шилжүүлэх асуудлыг хариуцах дээд албан тушаалтныг томилсон тухайгаа мэдэгдэж, “Йемен рүү хоригдол шилжүүлэхийг түр зогсоосон байсныг цуцалж байгаа тул хэрэг бүрийг нэг бүрчлэн дахин хянаж үзэх” тухайгаа дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )