Роберт Мугабе Зимбабвегийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 04

Зимбабвегийн маргаантай санал хураалтын дүн гарч, одоогийн Ерөнхийлөгч Роберт Мугабе зургаа дахь удаагаа дахин сонгогдлоо. Тэрээр энэ удаагийн сонгуулиар 61 хувийн саналаар ялалт байгуулсан бол Ерөнхий сайд Морган Цвангирай 34 хувийн санал авчээ. Ингэснээр өдгөө 89 настай Мугабе долоо дахь удаагийн бүрэн эрхийн хугацаандаа Ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байгаа юм. Түүний өрсөлдөгч Цвангирайн хувьд сонгууль эхлэхээс өмнө Ерөнхийлөгч Мугабегийн намынхан санал хураалтын дүнг хэдийнэ шийдэж, луйвар зохиочихсон хэмээн мэдэгдэж байсан.

Тэрээр сонгуулийн шударга дүнг гаргуулахын тулд хуулийн болон олон улсын байгууллагад хандана гээд, цаашид Ерөнхийлөгч Мугабегийн намтай хамтарч ажиллахгүй гэсэн юм. Өмнөх сонгуулийн үеэр мөн маргаан гарч, улмаас цуст үймээн дэгдсэний улмаас хоёр нам 2009 оноос хойш эвслийн Засгийн газар байгуулан хамтарч ажиллаж байгаа аж. Энэ удаа ч мөн адил таагүй нөхцөл байдал үүсч болзошгүй болоод байгаа бөгөөд ялагдсан намынхны зүгээс “Луйврын сонгууль Зимбабвед Үндсэн хууль, улс төр, эдийн засгийн хямрал эхлүүллээ. Манай улс эмгэнэлтэй байдалд орлоо” гэсэн байна. Тус улсын хувьд энэ удаа ч олон улсын, тэр дундаа барууны ажиглагчдыг нэвтрүүлээгүй бөгөөд Африкийн холбоог төлөөлөн ажилласан 70 ажиглагч сонгуулийг чөлөөтэй, итгэл үнэмшилтэй болсон гэж дүгнэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top