Ойрхи дорнодод байрлах АНУ-ын Элчин сайдын яам, консулын газрууд хаалгаа барина хэмээн урьдчилан мэдэгдэж байсан билээ. Хэлж байсан ёсоороо өнгөрсөн ням гаригт Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби, Иракийн нийслэл Багдад, Египетийн Каир хотууд дахь Элчин сайдын яамд хаалгаа барьсан байна. Эдгээр цэгүүд рүү алан хядах бүлэглэл дайрч магадгүй гэж таамаглалын дагуу ийм арга хэмжээ авсан юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ашиг сонирхолд хор хөнөөл учруулах довтолгоон явуулах талаар хоорондоо зөвлөлдөж байсан "Аль-Каидагийн" лидерүүдийн яриаг тусгай албаныхан замаас нь барьж авсан юм байна.
Тэгвэл энэ таамаглал зөрөөгүй болох нь эхнээсээ батлагджээ. Өчигдөр Иракийн зарим дүүргүүдэд хүчирхийлэл болон халдлагын улмаас 14 хүн амиа алдсан байна. Нийслэл Багдад хотноо хоёр бөмбөг дэлбэрч гурван хүн нас барж, арван хүн хүндээр шархадсан байна. Харин урьдчилан арга хэмжээ авсны үндсэн дээр АНУ-ын Элчин сайдын яамдаас хүн бэртэж гэмтсэн хэрэг гараагүй байна. АНУ-аас эдгээр хотуудад цаашид ч гэсэн халдлага хийх магадлалтай байгааг ард иргэддээ анхааруулсаар байгаа аж. Төрийн департаментын мэдээгээр довтолгооны бай нь жуулчдын төв түүнчлэн олон нийтийн тээврийн хэрэгсэл болж магадгүй гэжээ. Өнгөрсөн 2012 онд Ливи дэх Элчин сайдын яаманд халдлага гарч, Элчин сайд Кристофер Стивенс хэд хэдэн ажилтнуудынхаа хамт амиа алдсан гашуун түүх байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )