Олон улсын цэргийн хөгжмийн наадам эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн оролцож буй “Эдинбүргийн олон улсын цэргийн хөгжмийн 65 дахь удаагийн наадам”-ын нээлтийн ажиллагаа 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эдинбүрг хотноо албан ёсоор эхэллээ. Нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга бригадын генерал Г.Энхбаатар, БХЯ-ны ГХАГ-ын орлогч дарга хурандаа Д.Ганхуяг нар оролцлоо. Энэхүү олон улсын цэргийн хөгжмийн наадамд Монгол Улс, Шинэ Зеланд, Мексик, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оман, Малти, Шотланд, Их Британий хүндэт харуул, цэргийн хөгжмийн болон мотоциклийн үзүүлбэрийн баг оролцож 8 дугаар сарын 02-24-ний өдрүүдэд Эдинбүрг хотноо дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх 220,000 гаруй үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн байна. Эдинбүргийн олон улсын цэргийн хөгжмийн наадмыг зохион байгуулснаар Их Британи Улс өөрийн түүх, өв уламжлал, соёл урлагийг дэлхийн нийтэд сурталчлах, бусад улс орнуудтай соёл урлаг, гадаад худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх гадаад харилцааны үндэс суурийг бэхжүүлэх өндөр ач холбогдолтой арга хэмжээ болдог байна. Эдинбүргийн олон улсын цэргийн хөгжмийн наадамд Монгол Улсын цэргийн баг нь өөрийн түүх соёл, Чингис хааны байлдан дагуулалт, эзэнт гүрний сэргэн мандалтыг харуулсан урлагийн тоглолтоороо оролцож байгаа бөгөөд манай үзүүлбэрийн утга санаа, хөгжмийн найруулга, тоглолтын ур чадварыг хүрэлцэн ирсэн үзэгчид болон уг арга хэмжээг зохион байгуулагч тал өндрөөр үнэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top