Еврогийн бүсэд өсөлт хурдсаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Эдийн засгийн мөчлөгийн эргэх цэгийг таамагладаг Нэгдсэн түрүүлэгч индикаторын энэ сарын мэдээгээр Хятадыг эс тооцвол дэлхийн эдийн засгийн чиг хандлага хэвээр ч бүс нутгуудын эдийн засаг харилцан адилгүй байна. Эдийн засаг уналттай байсан аж үйлдвэржсэн орнуудад буцаад сэргэж, харин хөгжиж буй орнуудад тогтвортой буюу бага зэрэг удаашралттай байгаа нь анхаарал татаж байна. Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан, урт хугацааны чиг хандлагаасаа доогуур ороод байгаа бол Еврогийн бүсэд эдийн засгийн өсөлт хурдсах хандлагатай болж ирлээ. Өнгөрсөн сард АНУ-ын эдийн засаг хямралыг давж, өсөх замдаа орсон нь улам тодорхой болж, ЭЗХХА-ын байгууллагын гишүүн орнууд Англи, Японы эдийн засгийн өсөлт нь бататгагдсан байна. 

Тухайн улсын эдийн засгийн онцлогоос хамааран улс бүрийн Нэгдсэн түрүүлэгч индикаторын бүрэлдэхүүнд нь харилцан адилгүй хувьсагчид ордог ба энэ нь аливаа улсын эдийн засгийн мөчлөгийг өөр хувьсагчид түрүүлдэг гэсэн үг юм. Жишээ нь АНУ-ын НТИ-т шинээр ашиглалтад орсон байрны тоо, Удаан эдэлгээтэй барааны нийт захиалга, Нью-Йоркийн бирж дээрх хувьцааны үнэ, Хэрэглэгчийн индекс, Ажлын цаг, Менежерийн худалдан авалтын индекс, Хүүгийн зөрүү зэрэг хувьсагчид багтдаг бол Хятадын НТИ-т М2, Химийн бордооны үйлдвэрлэл, Түүхий гангийн үйлдвэрлэл, Аж үйлдвэрийн салбарын компаниудын захиалгын индекс, Барилга барилт, Машины үйлдвэрлэл, Шанхайн биржийн нийт эргэлтийн хөрөнгө зэрэг үзүүлэлтүүд ордог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top