Гана-ын явдлыг Ганаа өгүүлэх нь

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

Энэ бол баруун Африкийн Гана улсад болсон явдал юм. Нетэд нэрээ хайж яваад ижил нэрээ санамсаргүй шагайтал нэг “сайхан зүйл” гарч ирэв. Энэ нь үнэхээр сонирхолтой учир өгүүлэхээр шийдэв. Улс үндэстнийхээ өмнө гавъяа байгуулсан олон эрхмийг бид зөвхөн түүхэнд л байдаг мэт төсөөлөх. Гэтэл тийм биш л дээ. Энд өгүүлэх Жерри Жон Ролингс (Jerry John Rawlings) гэдэг эрхэм Гана Улсын Ерөнхийлөгч байсан бөлгөө. Ёстой гавъяа байгуулна гэж энийг л хэлдэг байх…

Тэр эгэл хүн байжээ…

Жон Ролинг 1947 оны 6 дугаар сарын 22-нд эмийн санчийн гэр бүлд төржээ. Уг гарал нь эве үндэстэн, гэхдээ шотланд угсаатай зочид буудлын эзний хүү байсан гэдэг.

Тэгээд Ганын Цэргийн Академи, улмаар Такоради дахь Нисэхийн Сургуулийг 1969 онд төгсчээ. Улмаар нислэгийн ур чадвараараа шилдэг нисгэгч болж, “Хурдны шувуу” хэмээх нэр алдартай шагналын эзэн болж байжээ. Түүнийг сахилга бат, хариуцлага, ёс суртахууны чанараараа шилдэг офицер хэмээн алдаршуулж байжээ.

Гэтэл офицер мянга шилдэг байгаад нэмэр байсангүй. Цэргийн дэглэм улс орныг ёстой сүйрүүлээд хаяж. 1979 онд дэслэгч Ролинг бага тушаалын офицеруудын хамт генерал Ф.Акуффо-гийн дэглэмийг түлхэн унагахыг оролдсон байна. Тэр хэдхэн хоноод баригдаж үхлийн ял сонсжээ.

Шүүхийн өмнө улс орондоо нүүрлэсэн нийгмийн гүн гүнзгий шударга бус явдлыг ялласан түүний мэдэгдэл нийгэмд хүчтэй донсолгоо үүсгэсэн байна. Тухайлбал армийн янз бүрийн хүрээнийхэн түүний зорилготой бүрэн санал нэг байгаагаа илэрхийлжээ.

1979 оны 6 дугаар сарын 4-нд иргэдийн дэмжлэг авсан цэргийнхэн түүнийг шоронгоос чөлөөлж, бага шиг тулалдаанаар цэргийн эргэлт хийн генерал Ф.Акуффо-гийн дэглэмийг түлхэн унагажээ.

Засгийн эрх мэдэл бага тушаалын 16 офицероос бүрдсэн Зэвсэгт Хүчний Хувьсгалт Зөвлөлд (ЗХХЗ) шилжсэн ба түүний дарга нь Ролингс болсон байна.
Зэвсэгт Хүчний Хувьсгалт Зөвлөл зэвсэгт хүчин хийгээд удирдлагын аппаратыг авилгалд автсан болон эдийн засгийн замбараагүй байдалд оруулсан буруутан этгээдүүдээс цэвэрлэх цорын ганц зорилгоор богино хугацаанд засгийн эрх авч байна гэж мэдэгджээ.

“Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн” учир дээд тушаалын найман цэргийн дарга, түүний дотор Ганын цэргийн дээд удирдагч байсан И.Ачампонг, Ф.Акуффо, Дээд Шүүхийн гурван шүүгчийг цаазалжээ. Мөн дээд тушаалын хэдэн зуун түшмэлийн өмчийг хураан цөллөгт илгээжээ. Энэтхэг, ливанчуудад хамаарч байсан хэд хэдэн компанийг улсын болгож, татвар төлөхөөс зайлсхийсэн хүмүүст торгууль тогтоож, дамын наймаачдын нууц агуулахуудад байсан ихээхэн хэмжээний нөөц барааг хураажээ.

Зэвсэгт Хүчний Хувьсгалт Зөвлөлийн шийдвэрээр 1979 оны 6 дугаар сарын 18-нд болсон парламентын сонгуулиар Ард түмний Үндэсний Нам ялжээ. Мөн 7 дугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ намын нэр дэвшигч Х.Лиман ялалт байгуулжээ. Ийм учраас Ролингс иргэний шинэ засгийн газарт эрх мэдлээ шилжүүлэн өгсөн байна.

Энд нэг зүйлийг онцлон дурдах ёстой. Төрийн эргэлт хийсэн цэргийнхэн иргэний засагт эрх мэдлийг тайван замаар шилжүүлэн өгсөн тохиолдол түүхэнд байдаггүй. Гэтэл Ролингс анд нөхдүүдийнхээ дургүйцлийг үл харгалзан, жинхэнэ цэрэг хүн шиг, ёс суртахууны дээд чанарыг үзүүлэн эрх мэдлээ өгч чадсан агуу хүн юм.

Зэвсэгт Хүчний Хувьсгалт Зөвлөл засгийн эрх барьж байхдаа хүртэл Сахарын Арабын Ардчилсан Бүгд Найрамдах Улсыг хүлээн зөвшөөрсөн байдаг. 1979 оны 9 дүгээр сард Гаванд болсон Эвсэлд Нэгдээгүй орнуудын YI Бага Хурал дээр Ж.Ролингс үг хэлэхдээ хүртэл Гана улс империализмын эсрэг гадаад бодлого баримталж, африкийн дэвшилтэт дэглэмүүдтэй харилцаа холбоогоо бэхжүүлнэ гэж байсан юм.

Тэр үед ч, хожим ч Ролингс баруун, зүүн рүү аль руу нь ч хазайгаагүй, харин үндэсний хөрөнгөтний сөрөг байдлыг даван туулж, Баруун Африкт улс төрийн тэнцвэрт байдлын эхлэлийг тавьж чаджээ.

Гэтэл засгийн эрх авсан иргэний засгийн газар улс орноо ёстой сүйрүүлээд хаях нь тэр. 80-аад оны эх гэхэд Гана улс сүйрлийн ирмэг дээр ирж, хүнсний барааны үйлдвэрлэл, экспорт, ашигт малтмалын олборлолт унаж, санхүүгийн хямрал эхэлж, авилга, гэмт хэрэг гаарч, сүүлдээ хүмүүс эх орноосоо дүрвэн гарах болов.

Энэ үед Ролингс засгийн газрыг эрс шүүмжлэх болов, ингэснээрээ түүний нэр хүнд ч өсөв. Гэтэл иргэний Ерөнхийлөгч түүнийг огцруулж, шүүхэд өгч, армид цэвэрлэгээ явуулж эхэлжээ. Ингэж тэр тусыг усаар хариулжээ.

Эх орныхоо төлөө

Тэхээр нь Ролингс 1982 оны 1 дүгээр сарын 1-нд цусгүй төрийн эргэлт хийж Лиманы засгийн газрыг түлхэн унагажээ. Тэр Үндсэн Хуулийг халж, улс төрийн бүх намын үйл ажиллагааг хориглов. Засгийн эрхийг Батлан Хамгаалах Түр Зөвлөлд (БХТЗ) шилжүүлж, даргаар нь ахиад л Ролингс болов.

Тэрээр цэргийнхэн “үндэсний ардчилсан хувьсгал” хийж, ганачуудын амьдралыг үндсээр нь өөрчилнө гэдгээ мэдэгджээ. Ролингс гүйцэтгэх засаглалын бүх байгууллагыг тарааж, тэдний эрх мэдлийг хувьсгалын хамгаалах хороодод (ХХХ) шилжүүлэв.

Энэхүү Хувьсгалыг Хамгаалах Хороод нь “улс орныг удирдахад ард түмнийг татан оролцуулах, шинэ маягийн ардчиллыг бүтээх” зорилгыг тунхаглажээ. Эдгээр хороод гэмт хэрэг, авилгал, хилийн наймаатай (контрабанд) тэмцэж, үйлдвэр, албан байгууллагуудын ажлын хянаж, хүнсний зүйлийн хуваарилах зэрэг ажилд идэвхитэй оролцож байжээ.

Гэхдээ 80-аад оны сүүлчээр тэдний бүрэн эрхийг танаж, тэдний үйл ажиллагааг засгийн газраас хүчтэй хянах болов. Шинэ засгийн зорилт бол улс орны эдийн засгийг сэргээн босгох явдал байсан юм.

Ингээд хувийн секторыг хянах явдлыг сулруулж, гадаадын хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт үзүүлсэн хөрөнгө оруулалтын шинэ хууль гаргаж, баруун европын валюттай харьцуулахад үндэсний валютын “хөвөгч” ханш тогтоож, шинэ татвар бий болгож, улсын зардлыг багасгаж, үнийн хяналтыг үгүй болгон, цалинг царцаажээ.

1983 оны 11 дүгээр сараас эхлэн олон улсын валют-санхүүгийн байгууллага, түүний дотор ОУВС, баруун европын орнуудаас зээл, тусламж хэлбэрээр ихээхэн мөнгө орж ирэх болов. 1983-1986 онуудад Ганы ДНБ-ийн жилийн дундаж өсөлтийн хурд 6,5% болж, улс орны гадаад өр 2,5 дахин багасав. Бүхэлдээ бол Ролингсийн засгийн газар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж чаджээ.

Экспортын тэргүүлэх салбарууд тогтвортой хөгжиж, хөдөлмөрийн бүтээмж өсч, үйлдвэрлэлийн хүчин чадлын ачаалал нэмэгдэв. Тээврийн сүлжээ сэргэж, усан боомтууд сэргээн засагдаж, инфляци буурч, эрүүлийг хамгаалах, боловсролын байгууллагын сүлжээ өргөжив. Эдийн засгийн либералчлалыг дотоод бодлогын аядуу чиглэл дагалдав. “Үндэсний эвлэрлийн” бодлогыг тунхаглав. Улс орны хоцрогдсон умард нутгийг идэвхитэй цахилгаанжуулж эхлэв. Засгийн Газар Нигерт ажиллаж байсан хэдэн арван мянган ганчуудыг буцаан авчирч, бүгдэд нь ажлын аятайхан байр олгов. Эрүүлийн хамгаалах, гэгээрэл хөгжиж эхлэв.
Улс орны эдийн засагт гадаадын шинэ хөрөнгө оруулалтыг идэвхитэй хайж эхлэв. Ролингс 1995 онд Хятад, Малайз, Сингапурт, 1997 онд Японд албан ёсоор айлчилсны гол зорилго нь зөвхөн энэ байлаа.
Түүнчлэн гадаад хөрөнгө оруулалтын асуудлаар америкчуудтай 1995 онд Техаст, 1996 онд өөрийн сонгуулийн өмнөхөн Германд айлчилж амжилттай ярилцжээ. Ролингсийн санаачлагаар Африкийн орнуудад хувийн хөрөнгө оруулалт татах асуудлаар анхны Бага Хурал болсон юм.

Гэхдээ асуудал амар хялбар байгаагүй юм. 1983-1986 онуудад Ролингсийн Засгийн Газрыг унагах 17 оролдлого гарсан ба түүний ихэнхэд хөрш Кот-д’Ивуара болон Того-гоос хаясан хөлснийхөн оролцож байсан юм.

Гэхдээ Ролингс цэргийн дэглэмээс үндсэн хуульт дэглэмд донсолгоогүй, удаан хугацааны шилжилтийн хөтөлбөргүйгээр шилжих боломжийг ямагт хайж байсан юм. Гэхдээ Ролингс үүнийг шууд хийгээгүй юм.

Ролингс 1989 онд улс орныхоо бүх 110 районы орон нутгийн хурлыг нам бус үндсэн дээр сонгож ардчилсан төрийн байгууламж руу шилжих эхлэлийг тун болгоомжтой тавьсан аж.

Ингээд 1992 оны 4 дүгээр сарын 28-нд бүх ард түмний санал асуулгаар улс орондоо олон намт улс төрийн систем бий болгох шинэ Үндсэн Хуулийг дэмжжээ.
1992 оны 5 дугаар сарын 18-нд улс төрийн намын хоригийг цуцлахын хамт Ролингс өөрөө Үндэсний Ардчилсан Конгресс намыг байгуулж, өөрөө тэргүүлэв. Энэ нам зүүн төвийн, социал-демократ чиглэлийн нам бөгөөд одоо Социнтерний гишүүн юм.

Ингээд 1992 оны 11 дүгээр сарын 3-нд Ганад сүүлийн 10 жилд болоогүй Ерөнхийлөгчийн сонгууль болжээ. Энэ сонгуульд Үндэсний Ардчилсан Конгресс Нам, Үндэсний Эвлэрэл болон Хөдөлгөөний Намаас ганцаараа нэр дэвшсэн “Гана хүн болгон газар сайгүй амьдрана” уриа дэвшүүлсэн Ролингс 58,4%-ийн саналаар ялалт байгуулжээ.

Энэ нь цэргийн дэглэмийн тэргүүн ардчилсан сонгуулиар ардчилсан улсын Ерөнхийлөгч болсон анхны тохиолдол болж түүхэнд орсон юм.

Дараа нь 1996 оны 12 дугаар сарын 7-нд Ролингс 57,4%-ийн саналаар дахин сонгогдож, түүний тэргүүлсэн Үндэсний Ардчилсан Конгресс Нам парламентын 200 суудлын 133-ыг авсан юм. Ролингс засгийн эрх барьсан бүхий л хугацаандаа цаг ямагт амжилт л гаргаж иржээ. Ганц жишээ хэлэхэд л 1994-2000 онуудад Ганад хүнсний үйлдвэрлэл 148% өссөн байна.

Ардчиллын төлөө

Ингээд яваад байвал түүнд боломж байж. Ард түмний олонхи түүнийг бараг шүтэж байлаа. Гэвч тэр 2000 онд гурав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоос өөрөө татгалзаж, улс төрөөс бүрмөсөн холдсон байна. Гэхдээ өөрийн залгамжлагчаар Жон Милссийг зарлажээ.

Ролингс гадаад бодлогодоо Өмнөд Африкийн үндэсний-эрх чөлөөний хөдөлгөөн, панафриканизмийн үзлийг дэмждэг байжээ. Ухаандаа 5 жилийн турш тасралтгүй дайтсан Либерийн байдлыг зохицуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

Ролингсийн нэр хүндийг хүлээн зөвшөөрч, түүнийг Баруун Африкийн орнуудын Эдийн засгийн хамтын нийгэмлэг ЭКОВАС-ын даргаар 1994 онд сонгосон байна. Түүнд улс орноо үр ашигтай удирдсан, өлсгөлөнтэй тэмцсэн гэж олгодог олон улсын Н.Азикиве-гийн нэрэмжит шагналыг 1993 онд олгожээ. Тэр шагналын бүх мөнгөө тэрбээр Ганын их сургуулиудад тоног төхөөрөмж, ном худалдан авахад зарцуулдаг байна.

Ролингс Medgar Evers коллеж, Нью-Йоркийн Их Сургуулийн хүндэт доктор, Линкольны Их Сургуулийн дипломат болон хөгжлийн асуудлаарх докторын зэрэгтэй. Огцорсныхоо дараа 1997 онд Ямайкийн одонгоор шагнуулжээ.

Албан ёсны олонхи арга хэмжээнд Ролингс Ганы үндэсний хувцастай буюу цэргийн хэлбэрийг нь харагдуулдаг бараан хөх хувцас өмсдөг. Цэргийн хуарангийн хажууд даруухан амьдрахыг илүүд үздэг нөхөр гэнэ. Манай дарга нарыг ингэж даруу бай гэвэл яах бол…

Ролингс африкийн хамгийн ядуу орныг нэг их сүрхий биш ч гэсэн эдийн засгийн байнгын өсөлттэй, ардчилсан, хамгийн гол нь нэн тогтвортой орон болгож чадсан агуу хүн юм. Ганын эргэн тойрны улсуудад иргэний дайн олон арван жил дүрэлзэж байхад ингэнэ гэдэг бол санаанд багтамгүй явдал юм. Одоо тэр лекц уншиж, хааяа нэг одоогийн засгийн газраа шүүмжилчихээд сууж байдаг гэнэ.

Тэр ном уншиж, автомашинаар давхиж, усан поло тоглож, морь унаж, нисэх аппарат зохион бүтээж, нисэх онгоц жолоодох зэргээр өтөл насандаа юм юмаар л оролдож байдаг аж. 2004 онд өөрийнхөө тухай кинонд тоглоод авсан гэж байгаа. Ерөнхийлөгч байхдаа гадаад руу сөнөөгч онгоцоор очих дуртай байсан хүн чинь аргагүй шүү дээ…

Хэдийгээр санамсаргүй олж үзсэн боловч Ганад болсон энэ явдал монгол судлаач Ганаад үнэхээр таалагдав. Яагаад гэдгийг нь асуух ч шаардлага байхгүй хэмээн санана. Надад агуу их эх оронч яагаад таалагдаж болохгүй гэж ?!

Судлаач Х.Д.Ганхуяг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(78.182.71.1) 2013 оны 08 сарын 24

Umnu baisan harina odoo zvgeer l ng zvilrvv tyilshiragchid l bna

0  |  0
зочин(202.126.89.251) 2013 оны 08 сарын 22

тийм хүмүүс монголд байгаа шүүдээ.

0  |  0
Top