Эрэн сурвалжлагдах дээрээ тулсан “Уруулын будаг”-ийн Дээгий хаачив?

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

Монголын рок, поп амьд хөгжмийн хамтлагт цахиур хагалан гарч ирсэн “Уруулын будаг” хамтлагийн гишүүн Дээгийг эрэн сурвалжилж эхэллээ. Анх 1999 онд байгуулагдаж, тухайн үедээ охидын мэргэжлийн амьд квартет гэсэн тодотголтой дуулж тэр үеийн “Супер одууд” байсан гэхэд хилсдэхгүй. Тэд “Хүрээ хүүхнүүд”, “Уруулын будагтай хацар” хэмээх бие даасан хоёр тоглолт хийсэн байдаг. Үзэгч сонсогчдын зүрх сэтгэлийг “Хүрээ хүүхнүүд”, “Чамгүйгээр” зэрэг дуугаараа уярааж хөглөж, явсан шар үс, тод өнгийн хувцаслалтаараа бусдаас ялгарч байсан охидын хамтлагийг нэг л өдөр усанд хаясан чулуу шиг алга болно гэдгийг хэн мэдэх билээ. Хамтлаг чухам яагаад тарах болов? гэдэг асуулт үнэнч фэнүүдэд нь асуулт болсоор байсан юм. Тэгвэл охидын хамтлаг тарах болсон шалтгааныг хамтлагийн ахлагч Дээгий БНСУ-д сурах болсонтой холбон тайлбарладаг. Тэд хамтлагийн ахлагчгүй хоцорсон ч үлдсэн гурван гишүүн уран бүтээлээ үргэлжлүүлж 2005 онд таван жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн. Ийнхүү тоглолтын дараа “охидын хамтлаг” албан ёсоор тарж, дахин тайзан дээр үзэгдээгүй юм. Хамтлагийн продюссер Б.Долгион хамтлаг тарах үеэр  “Уруулын будаг”-т өнөөдрийг хүртэл дуулах, оршин тогтнох боломж бүрэн байсан. Гэвч хамтлагийн гишүүдийн хувьд тодорхой цаг үед уран бүтээлээ хийгээд л зогсох ёстой гэсэн байр суурьтай байсан гэдэг.


Хамтлаг тарснаас хойш тэд хувийн амьдралдаа анхаарч, тус тусынхаа замыг хөөх болов. Тухайлбал, Хамтлагийн ахлагч Г.Ичинхорлоо ССАЖЯ-нд соёл, урлагийн маркетингийн чиглэлээр ажиллаж  байгаа бол Энжи “Шинэ Монгол” сургуульд багшилж, Гэгээнээ Америкт сургууль төгсөж ирээд эх орондоо ажиллаж амьдарч байгаа. Харин Ганаа Францад, Дээгий Солонгост байгаа гэсэн сураг дуулдав.

Хамтлагаасаа эрт гарч Солонгос улсыг зорих болсон хамтлагийн ахлагч Дээгийг яагаад ЦЕГ-аас эрэн сурвалжлах болов? Тодруулбал, ЦЕГ-ын цахим мэдээллийн хуудаст эрэн сурвалжилж байгаа иргэдийн мэдээлэлд Дээгийгийн зураг болон мэдээлэл нийтлэгдсэн нь олон хүний анхаарлыг татсан юм.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар түүнийг “Зоос” банкнаас их хэмжээний мөнгө залилсан гэж байгаа аж.  Харин хамтлагийн гишүүд нь тухайн үед ярилцлага өгч байхдаа “Дээгийгийн банк, мөнгөний асуудлыг бид мэдэхгүй. Дээгий хамтлагаас гарахаасаа өмнө “Зоос” банктай манай хамтлаг гэрээ байгуулаад, хамтран ажиллаж байсан. Тэднийхийг сурталчилж байсныг олон түмэн ч санаж байгаа байх” гэжээ.

Тэгвэл дуучин бүсгүй мөнгөний асуудлаас болоод эх орноосоо дайжин зугатаж харийн оронд бүгэх болов уу?. Гэтэл нөгөө талаас ар гэрийнхэн өдийг хүртэл холбоо барилгүй олон жил хэл сураг тасарсан охиноо сураг гаргахаар ЦЕГ-т хандсан гэх албан бус эх сурвалж мэдээлсэн. Ямартай ч нэгэн үед охид залуусыг байлдан дагуулж байсан “Уруулын будаг” хамтлагийн ахлагч Дээгийг эрэн сурвалжилж байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top