Дэлхийн валютын захын мэдээллийг харахад улстөрийн нөхцөл байдлыг нь авч үзэх хэрэгтэй юм. Түүнчлэн Сири улсад болж буй үймээн самуун дайны байдалд хүрч, АНУ болон барууны зарим орнууд тус улсад цэргийн ажиллагаа явуулах магадлал өндөр болсон нь хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс зайлсхийхэд хүргэлээ. Үүнтэй холбоотой иен, Швейцарь франк зэрэг эрсдэл багатай валютуудын эрэлт долоо хоногийн эхнээс нэмэгдэж эхэлсэн. Япон улсын төв банкны дэд тэргүүн Кикюо Ивата тус банк улсынхаа инцляцийн түвшинг 2 хувьд тогтвортой хүрэх хүртэл одоогийн мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлсээр байх болно гэсэн мэдэгдэл хийсэн нь иений ханш эргээд бага зэрэг сулрах шалтгаан болсон байна.
АНУ-ын эдийн засгийн өсөлт өнгөрсөн улиралд өмнөх улирлаас 2 дахин их буюу 2.5 хувийн өсөлттэй гарсан нь хүлээгдэж байснаас хавьгүй өндөр хэмжээ болсон ба тус улсын эдийн засгийн байдал сайжирч байгаагийн томоохон илэрхийлэл боллоо. Мөн тус улсын долоо хоног тутмын шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан байна. Уг мэдээний дараа Холбооны нөөцийн банк 9-р сарын хурлаараа бонд худалдан авалтыг бууруулна гэсэн яриа улам эрчимжив.
Долоо хоногийн сүүлийн өдөр НҮБ-ын шинжээчид Сири улсын удирдлагууд ард иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн нь тодорхой болсон тухай мэдээлсэн ба АНУ-ын зүгээс Сири улсад цэргийн ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдсэн нь зах зээлд нөлөөлж, ам.долларын голлох 6 валютын эсрэг ханшийн индекс сүүлийн 4 долоо хоногийн дээд түвшинд хүрснээс гадна 5-р сараас хойшхи хамгийн өндөр өсөлттэй долоо хоногийг дуусгасан мэдээ байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )