Дээрхийн гэгээнтэн, XIV Далай ламын гүйцэтгэж байсан Түвдийн дүрвэгсдийн засаг захиргааны тэргүүн хэмээх хүнд хэцүү албыг Харвардын их сургуульд боловсрол эзэмшсэн, залуу хуульч Лувсан Сангай залгамжлан авахаар болжээ. Энэтхэг дэх Түвдийн засаг захиргаа болон дэлхийн 30 гаруй оронд цагаачлан гарсан түвд иргэдийн дунд явуулсан Ерөнхий сайдын сонгуульд тэрээр 55 хувийн саналаар ялсан байна. Түүнтэй сонгуульд өрсөлдсөн хоёр нэр дэвшигч нь Түвдийн дүрвэгсдийн засаг захиргаанд олон жил алба хашсан, туршлагатай хүмүүс байсан юм. Гэвч түвдүүд Далай ламыг залгамжилж, энэ хариуцлагатай албыг авах хүнийг шинэ цагийн, өндөр боловсролтой, бас шинэ сэтгэлгээтэй нэгэн байх хэрэгтэй гэж үзсэн бололтой. 83400 хүн амтай Түвдийн засаг захиргааны гурав дахь Ерөнхий сайдаар сонгогдсон Лувсан Сангай Энэтхэгт төрсөн, 42 настай. Түүний эцэг 1959 онд Далай ламыг Түвдээс дүрвэдэг жил мөн эх нутгаа орхин гарч, Энэтхэгт иржээ. Лувсан Сангай Түвдийн засаг захиргааны хувьд хамгийн том асуудал болох Хятадтай харилцах харилцаандаа Дээрхийн гэгээнтний барьж байсан бодлого, зарчмыг хэвээр барина гэж мэдэгдсэн байна. “Хэрэв түвдүүдэд автомат эрх олговол Түвдийг Хятадын нэг хэсэг болохыг хүлээн зөвшөөрнө” гэж тэрээр BBC агентлагт өгсөн ярилцлагандаа тэмдэглэжээ.
Эх сурвалж: Ардчилал
Сэтгэгдэл ( 0 )