”Зөөлөн хүч засаглал” гэж юугаа хэлээд байгаа юм бэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 28

Бидний "зөөлөн хүч засаглал" гэж нэрлээд байгаа тэр зүйл бол бидэнд хэрэгтэй байгаа тэр үр дүнгүүддээ хүрэхийн тулд бусад улс үндэстнүүдэд ирээдүйн лидерүүдийг нь сургаж үзэл сурталчдаар нь дамжуулан нөлөөлж байх явдал юм"

Джозеф Най, америкийн улстөр судлаач, неолиберализмын өнөөгийн гол үзэл сурталчдийн нэг, Харвардын Их сургуулийн Олон нийтийг удирдах сургуулийн профессор

Өнөөдөр санхүү, эдийн засаг нь ангалын ирмэг дээр дэнжигнэж байгаа АНУ цаашид дэлхий дахинд ганцаар ноёрхсоор байх байр суурийг нь ирээдүйд чухам юу хадгалж чадах вэ? Дэлхийн бусад бүх улс орнуудын батлан хамгаалах нэг жилийн төсвүүдийг нийлүүлснээс ч илүү их санхүүжилтийг нэг жилд залгиж байдаг дэлхийгээр нэг тараан байрлуулсан асар олон цэргийн баазуудтай нүсэр арми нь уу эсвэл магадгүй, нисгэгчгүй гэхдээ алсын удирдлагатай, пуужингаар харваж сөнөөдөг онгоцууд нь уу?

Үгүй ажээ! Энэхүү үүргийг өнөөдөр Барууны сургалт, боловсрол гэдэг энгийн мэт нэг зүйл - soft power буюу зөөлөн хүч засаглал гэдэг зэвсэг нь гүйцэтгэсээр байгаа ба цаашид ирээдүйд ч гүйцэтгэсээр байхыг тэд хүсч байгаа ажээ!..

АНУ бусад гадаад улс орнуудын засгийн эрхэнд ойрын ирээдүйд гарч ирэх боломжтой гэж сонгож авсан ирээдүйн "лидерүүдэд" нь Америкт их дээд сургуулиудад суралцах боломжийг олгож тэдний “тархи толгойд, итгэл үнэмшилд нь” хөрөнгөө оруулдаг байна. Америкийн эрх баригчид нь тооцохдоо цаг нь болохоор тэдний олонх нь өөрсдийн улс орнуудад америкийн бүх эрх ашгуудыг хамгаалан зүтгүүлж байх болно гэдэгт бүрэн итгэлтэй байдаг ажээ!

Сара Соненштейн, АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын олон нийтийн дипломат бодлогыг хариуцсан орлогч:

Ирээдүйд улстөрийн лидерүүд нь болох тэр бүлэг хүмүүсээ дэмжих сургаж байх хэрэгтэй. Тэд энд заалгаж сурч Америктай [бидэнтэй] өөрийн биеэр танилцаж туршлагатай болсон байдаг. Тэд нар эргэж очоод өөрсдийн улс орнууддаа манай талын хамтран зүтгэгчид болох нь бараг гарцаагүй юм...”

Махмуд Джибраиль бол үүний нэг тод жишээ юм. Тэрээр өмнө нь АНУ-д суралцаж төгссөн бөгөөд хожим яваандаа Ливийн Шилжилтийн засгийн газрын нэг лидер нь болсон юм. Одоо тэрбээр энэ улс орны хамгийн том улстөрийн намын нэгийг толгойлж байна. Газрын тосны ашигтай гэрээ, хэлцлүүдээс олох асар их ашгийг хуваарилахад тэр чухам ямар улсын ашиг сонирхлыг хамгаалж зүтгүүлэх вэ гэдэг нь ямар ч эргэлзээгүй юм.

АНУ-ын гадаад улстөрийн албаны ажилтнууд түүнийг Ливид “хувьсгал” гарахаас бүүр өмнө анхаарал, ийм халамжиндаа авсан байсан ажээ. 2008-2010 онуудад Ливид сууж байсан АНУ-ын элчин сайд Джин Кретцийн төв үрүүгээ илгээсэн нэг дипломат буухиа шуудан хожим ил болсон ба тэнд ноён элчин сайд Махмуд Джибраилийг

 “... ямар ч асуудлыг [бидэнтэй] хамтран хэлэлцэхэд хэзээд бэлэн байдаг маш сайн хамтрагчийн сэтгэгдлийг надад төрүүлсэн. Тэр бол аливаа шийдвэрийг гаргаж байгаа [цаад] хүмүүсийн нэр хүндийг асуудалд оруулахгүйгээр өөрийн хүмүүстээ нөлөөлж чаддаг гайхалтай шинж чанартай хүн шиг байдаг...”гэж тодорхойлж бичиж байсан байна. Тэгээд ч Махмуд Джибраиль бол АНУ-тай нэг “хэлээр” ярьдаг эндхийн цорын ганц хүн бас биш гэж дээш нь илтгэж байсан ажээ.

Жич: Хамгийн сонирхолтой нь, ирээдүйн лидерүүд болох "тавилантай" энэ хүмүүсийг тэд сонгон авахад тэдний сэтгэлзүйн хөрөг нь - онцгой сул талууд /нэр хүнд албан тушаалд нугасгүй дуртай, өөрийгөө голохгүйгээр улс орны "жолооны хүрдэн" дээр ямар ч аргаар хамаагүй гарч суух "хорхойтой" г.м/, сэтгэлзүйн далд хөшүүргүүдтэй /баян тансаг эд юмс хэрэглээг эрхэмлэдэг байдал, нэр хүнд эд баялаг, эрх мэдлийн төлөө юунаас ч буцахгүй шинж чанар гэх мэт/ нь их чухал байдаг байна...!!!

Сара Соненштейн, АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын олон нийтийн дипломат бодлогыг хариуцсан орлогч:

 “Энэхүү хөтөлбөрт хичнээн хүүхдүүд (!) оролцсныг би та нарт илтгэх гээгүй байна. Гэвч тэд нар маань эргэж очоод 5 жилийн дараа ямар ямар албан тушаалууд дээр очих нь миний сонирхлыг хамаагүй их татаж байдаг. АНУ-ын засгийн газрын энэ солилцооны хөтөлбөрүүдэд оролцсон тэр хүмүүсийн 92 хувь нь эргэж очоод иргэний албан тушаалууд буюу – парламентад эсвэл засгийн газрын бус байгууллагууд /NGO/-д ажиллаж байдаг".

Жич: "Ардчилсан" + "чөлөөт зах зээлийн" + "4 жил тутам ардчилсан сонгууль явуулдаг болсон" өнөөгийн  Монголын улс төрийн өндөр албан тушаалд гарч ирэх нэг үндсэн шалгуур нь Баруунд очиж иймэрхүү сургалтанд хамрагдсан байх явдал бол бичигдээгүй хууль болсон байгаа билээ.....

Бас Монгол улсын УИХ, Засгийн газрын хяналтаас гадуур, тэр тусмаа Монголын улсын аюулгүй байдал, ард түмний язгуур эрх ашгаас "эрх чөлөөтэй" бас "хараат бус" мөртлөө харин гаднаас санхүүжиж тэдэнд стратегийн хувьд ашигтай, элдэв гоё нэртэй гэхдээ хоёрдмол зорилго агуулуудтай төслүүдийг нь улс эх орондоо ард түмнийхээ дунд зүтгүүлж эргээд тийш нь бүх ажлаа тайлагнаж тэднээс удирдамж, зааварчлагууд авч байдаг энэ олон "олон нийтийн / засгийн газрын бус" нэрээр халхавчилсан байгууллагуудын үйл ажиллагаа хаашаа, чухам юунд чиглэсэн байгаа вэ?.... Урьд нь өмнө нь иймэрхүү далд зорилготой боловч үйл ажиллагаагаа ил тод явуулдаг хүмүүс, байгууллагуудыг юу гэж нэрлэдэг, тусгаар тогтносон улсын хувьд яагаад хатуу хориглож тэмцдэг байсан бэ?...!!

Соррая Сепапур-Уильрих, хараат бус шинжээч:

“Би 2000-аад оны дундуур 2 жилийн турш Өмнөд Калифорнийн Их сургуульд [олон нийтийн, ардын] дипломат үйл ажиллагааны талаар судалж суралцаж байсан. Миний судалж байсан энэ хичээлийн бүх лекцүүд дээр Төрийн департаментын ажилтнууд нь ирж оролцдог байсан. Ийм болохоор үнэн хэрэг дээрээ чи олон нийттэй харьцах дипломат харьцааг судалж суралцаж байгаа хэрэг бус харин тэдний нэг төлөвлөгөөг амьдралд гардан нэвтрүүлэхэд суралцаж байгаа гэдэг нь маш ойлгомжтой болж ирж байсан юм”.

АНУ-ын худалдаа, хөгжлийн агентлаг бол Төрийн департаментын хажуу дахь Олон улсын хөгжлийн агентлагийн нэг салбар нь бөгөөд тус агентлаг энэхүү тусламж гэж нэрлээд байгаа зүйл бол үнэн хэрэг дээрээ өвөрмөц хөрөнгө оруулалт хэмээн баталцгааж байна. Энэ агентлагийн захирлын орлогч хэлэхдээ энэхүү хөрөнгө оруулалтанд зарцуулж байгаа 1 доллар бүр эргээд 8 долларын ашиг болж буцан орж ирдэг гэж ярьж байна. Эдгээр америкийн түшмэдүүд энэхүү “олон нийтийн дипломат ажиллагаа”-д  хөрөнгө оруулахын давуу талуудыг үнэлж баршгүй гэж нэгэн дуугаар баталцгааж байна.

Джон Керри, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга:

 “...Би энэ бүхнийг бидний хувьд зардлууд биш ээ, харин хөрөнгө оруулалт гэж нэрлэж байна. Одоо ч байдал тийм байгаа нь ямар ч эргэлзээгүй. Энэ хөрөнгө оруулалтуудыг үнэлж тооцоход нилээд төвөгтэй. Гэвч бид үүнийг тухайн тэр улс орон уруу илгээх шаардлагагүй байгаа армийн цэргүүдээрээ бодож тооцож болох юм...” (тэнд аль хэдийнэ манай талын "нутгийн" хүмүүс - манай цэргүүд байгаа гэсэн үг юм )

Соррая Сепапур хожим өөртөө улстөрийн албан тушаал, эрх ямба байр суурь олж авахын тулд тэрхүү курсын “сургалтаар” олж авсан нөгөөх “барууны өндөр боловсрол, чухал туршлагуудаа” амьдрал дээр хэрэгжүүлэхийг хэзээ ч  эрмэлзэж байгаагүй ажээ.

Бие даасан шинжээч Соррая Сепапур ингэж ярьж байна:

 “Энэ бүхэн чинь бусад улс орнуудын төрийн бодлогод хөндлөнгөөс оролцож байгаа нэг хэлбэр яах аргагүй мөн шүү дээ. Би энд нэг зүйлийг зориуд хэлэхийг хүсч байна. Магадгүй, надад Иран таалагдахгүй байж болох ч би Иран улс тусгаар тогтносон бие даасан улс байхын төлөө бол бүрэн тэдний талд байна. Тэрхүү сургалтын явцад Иранд яаж ардчилал тогтоох вэ, засгийн газрыг нь яаж сулруулах вэ гэх мэт сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулж байсан ба тэр хичээлүүдэд би ч оролцож байсаан.

Ийм учраас л энэхүү хөтөлбөрийг нь дуусгаж салах нь миний хувьд бол жинхэнэ хүнд сонголт байсаан. Тэнд ганц Ираны ч тухай биш бас Хятадын тухай бага зэрэг, ялангуяа хуучин ЗХУлсын бүрэлдэхүүнд байсан зарим улс орнуудын тухай яриа их өрнөж байсан. 2007 онд намайг тэнд сурч байхад л тэд нар Афррик уруу зангаж эхэлсэн юм шүү дээ...”

Ийм дипломат бодлогоо маш сайн бизнес гэж АНУ-ын Төрийн департамент нэг бус удаа зарлаж байсан билээ. Ийм болохоор эдгээр улс орнуудын тэргүүнүүд ба тэдний зөвлөхүүд нь англиар ярьдаг, тэдний өнцгөөс боддог, тэдэнд ашигтай байдлаар сэтгэдэг “тэдний талынхан” байх нь АНУ ба тус улсын явуулж байгаа гадаад улстөрийн бодлогод илүү нааштай байлгаж энэ бүхэн нь эцэстээ энэ улс орнуудыг "ардчилах" гэж, "чөлөөт зах зээлд" шилжүүлэх гэж бөмбөгдөхөөс хамаагүй хямдхан тусдаг ажээ.

Ийм учраас л soft power - зөөлөн хүч буюу засаглал нэртэй үнэн хэрэг дээрээ бол гадна талаас нь хүчээр засаглах ийм бодлогоо илүү идэвхтэй явуулж байх нь АНУ-ын эрх ашигт бүрэн нийцдэг ажээ.

Эх үүсвэр: Гаянэ Чичакян, Russia Today /RT бол 7/24 цагаар англи хэл дээр нэвтрүүлгээ цацдаг, АНУ-д байрладаг, сүүлийн үед үзэгч уншигчдын тоо нь тэнд маш хурдацтай тэлж байгаа, ОХУлсын мэдээллийн агентлаг юм/

Эндээс наад зах нь дараахи асуултууд өөрийн эрхгүй урган гарч ирж байгаа. Та үүнд өөрөө хариулах гээд үзээрэй. Бас өөрийн тавих асуултыг сэтгэгдэлд бичээрэй:

Манай өнөөгийн эрх баригчид хаана хаана ийм улстөрийн сургалтыг дүүргэсэн байгаа вэ?

Өнөөгийн төрийн өндөр албан хаагчид, эрх баригчдын дунд тэнд очиж "адис аваагүй" харийн неолибералч шашинд "шавь ороогүй" хүн байгаа болов уу?

Одоо МАН-аас бас 5 “ирээдүйтэй” улстөрчдийг нь сонгож авсан ба АНУ-ын Джорджтауны болон Иелийн их сургуулийн тусгай  курст сургахаар болсон мэдээ байгаа!

Яахаараа тэнд сургалтанд хамрагдсан хүмүүс "нэг л янзаар сэтгэдэг" болчихдог юм бэ?

Ийм байхад Монгол улс, монголын ард түмний язгуур эрх ашгийг хэн хамгаалах юм бэ?

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top