О.Цагаанзам: Кирсан Илюмжинов үндэсний хэлээ мэдэхгүй, Москваг ихээр шүтнэ...

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 19

Халимагийн нэрт  туульч О.Цагаанзамыг Монгол түмэн мэдэх билээ. “Жангар” туулиа хайлж,  “Ээж минь” дуугаа эгшиглүүлж Монгол туургатнуудад танигдсан тэрбээр Монгол Улсын Иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавиад даруй хоёр жил өнгөрөөд байгаа юм. Түүнийг манай улсын иргэн болох хүсэлтээ тавьсны дараа уулзан яриа өрнүүлж байснаа уншигчиддаа хүргэж байна. Тэрээр  Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжиновын дэргэд дөрвөн жил шадарлаж, Үзэл суртал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд ийм шийдвэр гаргах болсон нь  анхаарлыг татахаас өөр аргагүй байсан юм. Харин сүүлийн үед тэрээр чимээгүй байх болсон бол Кирсан Илюмжинов өдгөө манай төр засгийн эрхмүүдтэй тун найрсаг харилцаатай байгаа. Түүгээр зогсохгүй Монголын шинэ төмөр замын төслийн 26 хувь буюу 2000 км замд 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах болсон “Еврази финанс” сангийн үүсгэн байгуулагч гэдгээрээ ид яригдаж буй юм.

Ингээд туульч О.Цагаанзамын ярианд анхаарал хандуулъя.

 

 

Таныг Монгол Улсын Иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжилсан гэж сонслоо.  Андуураагүй бол, таны Монгол нутагт дахин ирэх болсон хэрэг зориг тань энэ болов уу?

Халимагууд бид Монгол нутагт ирэх,  адис авах дуртай байдаг юм. Боломж гарвал Монголд ирэх юмсан гэсэн сэтгэл бидний цусанд байдаг. Би энэ жил  Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй  гурван  ч удаа уулзсан. Монгол Улсын Иргэн болох хүсэлтээ сая тавьсан. Франц зэрэг гадаадын улс  орнуудаар явж байхдаа хууль бусаар амьдардаг олон монгол хүнтэй таарч байсан. Тийм болохоор өөртөө  “Цагаанзам минь Америкт очиж цагаач иргэн болох уу.  Эцэг өвгөдийн нутаг Монголдоо ирж амьдрах уу”  гэж асуулт тавиад байна. Америк бол хүний нутаг. Зөвхөн гэдсээ тэжээж  амархан амьдрахын төлөө бол тийшээ явж болно. Гэхдээ тэнд юу хийж энэ насаа өнгөрөөх билээ. Хүнд хэцүү  боловч аав, ээжийн өлгий болсон энэ газар нутагтаа ирээд чадлаараа байя  гэсэн сэтгэл надад байна.

Мөн энэ удаа Монголд ирсэн хэрэг зориг минь  форумд  зориулсан тоглолтонд оролцох байв.   Үүний өмнө есдүгээр сард  Батлан хамгаалах салбарын 100 жилийн ойн  үеэр ирээд хоёр өдөр болоод  буцсан. Дараа нь Нью-Йорк хотноо болсон Чингис хааны тахилгын ёслолд оролцсон юм.

 

Халимагийн ард түмний хүндлэлийг хүлээсэн туульч таны хүсэлтийг энгэрт тань Алтангадас одон зүүж өгсөн  Монгол Улсын Ерөнхийлөгч хэрхэн хүлээн авч байна вэ?  

 

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч “Би дэмжмээр байна. Таны  сэтгэл надад таалагдаж байна. Ерөнхийлөгч ямар шийдвэр гаргаж байна. Тэр нь зөв үү, буруу юу  гэдгийг ард түмэн харж байгаа. Гэхдээ  Халимагаас өөр хүмүүс  ирвэл  яаж хүлээж авах ёстой болох бол гээд асуудал гарч болох юм”  гэж  үнэн сэтгэлээ ярьсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургадугаар сард Халимагт очсон шүү дээ. Халимагийн ард түмэн болоод өөрийнхөө зүгээс албан ёсоор хэлэх үг байна. Түүнийг ирэхэд манай Халимагууд үнэн сэтгэлээсээ баярласан. Бидний өвгөд дээдсийн нутаг  наран ургах зүгээс, “манай Монгол” гэж  биднийг дэмждэг Ерөнхийлөгч ирээд элэг дэвтээгээд, сэтгэл сэргээгээд явсан.  Намайг хайж олоод Алтангадас одонгоор шагнаад явсан. Юуг нь нуухав. Манай Халимагт  Орост дийлэгдэж, Оросын соёлд орж яваа хүмүүс байдаг. Тэрийг нь хүлээн зөвшөөрдөггүй  үндэсний бодолтой хүмүүс байдаг. Хэн нь  хэнийгээ дийлэх үү гээд  далд тэмцэл өрнөдөг. Тиймээс Монгол Улсын  Ерөнхийлөгчийг ирэхэд үндэсний үзэл бодолтой  Халимагууд их дэмжсэн. Монгол язгууртай Халимагийн ард түмэн  болоод Монголын ард түмний харилцааг сайжруулах, нийлүүлэх тал дээр ихэд нөлөөтэй чухал явдал болсон гэж би баталмаар байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж надтай хамт дуу дуулаад намайг Алтангадас  одонгоор шагнаад явсаны дараа манай зарим хэвлэлүүдээр бичиж байсан. Монголын Ерөнхийлөгч ирээд манай  туульчтай “Ээж минь”  гэдэг дууг  дуулж байхад хажууд нь К.Ильюмжинов,  Алексей нар байсан ч  дуулаагүй.  Яагаад гэхээр тэд Халимаг хэл мэдэхгүй, дууны үг мэдэхгүй учраас дуулж чадаагүй гэж бичиж байсан юм.

 

Халимагийн ард түмний дунд талцсан байдал бий  юм байна гэж таны ярианаас ойлголоо.  Монгол Улсын төрийн тэргүүн таныг шагнасныг Халимагчууд яаж хүлээж авч байв?

 

Би  өвгөд дээдсийнхээ  хайлж явсан туулиа хайлаад Алтангадас гэдэг одон авсан. Ганц миний шагнал биш юм. Эцэг өвгөдийнхөө өв соёлыг өдийг хүртэл дотроо хадгалж яваа хүмүүсийн нэг гэдэг үүднээс би шагнуулж байна. Арай илүү харагдсан нь Цагаанзам байж болно. Ц.Элбэгдоржийг  явсаны дараа Монголын Ерөнхийлөгчийн Халимагийн ард түмэнд  сайн сэтгэлийг нь таньж мэдсэн, үндэс язгуураа гэсэн сэтгэлтэй хүмүүс цугласан юм. Тэд надад  “Цагаанзам тэр одон ганц чинийх биш манай одон”  гэж хэлж байсан. Тэгэхээр нь би  “энэ одонгоо солиод ээлжлээд зүүж байя”  гэж хэлсэн. /инээв/

 

Энэ дашрамд өгүүлэхэд Монгол Улсын төв талбайд Чингис хааны хөшөөг  босгосны дараа би ирж байсан юм. Холоос ирсэн хүний нүдээр харахад машины урсгал нь нар буруу яваад байгаа харагдсан.  Тиймээс энэ тухай хэвлэлд ярьж байв.  Харин сая ирээд харахад хагас нь зөв эргэж байна.  Жижиг  боловч санаа минь хүрсэн юм болов уу гэж л бодогдож байна.

 

Таныг туульчаас гадна К.Илюмжинов Ерөнхийлөгчийн зөвлөх гэдгээр  Монголчууд мэднэ шүү дээ. Чухам яагаад  ийм шийдвэрийг гаргах болов оо?

 

Хамгийн гол зүйл  ард түмэн. Халимаг,  Монголын ард түмний амьдрал сайжрах нь чухал. Хэрэв ард түмний амьдрал хэцүү бол улсыг удирдаж буй удирдагч муу нэр зүүнэ.

 

Кирсан Илюмжинов  ерөнхийлөгч  “Цагаанзамыг миний найз,  миний багш гэж боддог.  Эгэл хүн биш. Дээр байгаа Жангар туулиас, өвгөдийнхөө бодлоос үүдэж хайлдаг хүн”  гэж ярьсан байна. Би Ерөнхийлөгчийн Үзэл суртлын нарийн бичгийн дарга болж дөрвөн жил хамт ажилласан. Ерөнхийлөгч гэдэг  сайхан. Ард түмэн нь Ерөнхийлөгчөө дэмжээд, Ерөнхийлөгч нь ард түмнээ хүүхдээ мэт бодоод яаруу түргэн ямар нэг программ гаргаад явах нь нэг хэрэг. Би Кирсантай  дөрвөн жил ажиллахдаа түүх туужаа сэргээж Бурхан халдун дээр түүнийг дагуулан ирж Жангар туулиа хайлж байсан. Мөн “Ээж минь” дууныхаа клипэнд оруулж байсан.

 

Миний бодлоор бид  хамт явж чадахгүй хүмүүс.  Тэр хүн үндэсний хэлээ мэдэхгүй. Москваг ихээр шүтнэ. Оросын нөлөөнд амархан орж чадна. Ард түмний амьдрал  жил ирэх тусам хэцүү болоод байдаг. Тиймээс би Ерөнхийлөгчтэй уулзаад ярьсан. “Дөрвөн жил хамтраад, дөрвөн жил найдаад өдийг хүрлээ. Болохгүй байнаа. Ард түмний амьдрал сайжрахгүй. Та тэдний төлөө сайн юм хийж чадахгүй. Би таны хажууд явдагаа больё. Надад ичмээр байна. Намайг таны хажууд явахаар ард түмэн найдаж байна шүү. Би тэдэнд худлаа найдвар төрүүлж явахгүй. Би явъя”  гэсэн. Кирсан бол намайг хажуудаа дагуулмаар байсан. Шатрын хотдоо хамгийн гоё байшин гаргаж өгөөд,  цалин гаргаж өгөөд.  Тэр нь надад хэрэггүй гэж би  хэлсэн.  Тэгээд тэрийг нь хаяад, түүнээс холдоод  яг л Далай лам шиг явна шүү. /инээв/ “1949 оноос хойш би байх гэр үгүй явнаа”  гэж Далай ламын хэлсэн нэг үг байдаг даа.

 

Миний хувьд орон нутагтаа амьдарч байгаа, намайг хүн хөөхгүй ч, зориг гаргаад  Ерөнхийлөгчийн хажуугаас явсан. Тиймээс  Ерөнхийлөгчийн   хажууд байдаг хэдэн хүн  надад дургүйцэж  “Юу нь дутсан юм бэ. Аятайхан байснаараа байхгүй яав” гэж байна. Харин ард түмэн  дэмжиж байна.  Манай Халимагийн телевизүүд, хэвлэлүүд  Цагаанзамын тухай бол  гаргахгүй, бичихгүй.  Миний тууль хайлж байгааг ч гаргахгүй. Тэгэхээр миний  үндэсний үзэлд  дургүйцэж байна уу. Үнэнээ хэлээд явсанд минь дургүй байна уу. 400 жилийн ойн   том тоглолт болоход намайг оруулаагүй.  Би тэнд дарагдаж яваа.  Намайг тэндээ дарагдаж явахад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч олж уулзсанд баярлаж байна.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би Цагаанзамтай уулзмаар байна”  гээд Соёлын яамны хүмүүсийг шахсан юм билээ. Тиймээс надад түүнтэй  уулзах боломж гарсан гэдгийг та нарт мэдүүлмээр байна. Хэрэв Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж надтай уулзахыг хүсээгүй бол би түүнтэй уулзаж чадахгүй байх байсан. Надад тийм боломжийг тухайн үед тэнд олгохгүй байх байсан.

 

Миний бодлоор Монголд, бас манай Халимагт юу сайхан, юу хэцүү байна. Зовлон баяраа хуваалцаад, тус дэм бололцоод  үндэс язгуур нэг ард түмэн гэдгээ батлаад явах ёстой гэж бодож байна.

 

ФИДЕ-г  16 дахь жилдээ толгойлж байгаа К.Илюмжиновыг чадалтай хүн гэж л Монголчууд боддог.  Халимагийн ард түмний амьдрал яг ямар байна вэ?

 

Ухаантай, зоригтой,  чадалтай ямар байлаа гээд өр зөөлөн сэтгэл байхгүй бол тэр хүн ард түмнийг удирдаж чадахгүй гэсэн агуулгатай Чингис хааны сургааль бий.  Кирсан бол их мундаг хүн. Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч байна гэдэг нь  Халимагийн нэр  шүү.  Гэхдээ ард түмний Ерөнхийлөгч гэчихээд ард түмэн нь ядарвал сайн биш.

 

Сүүлийн 18 жил зах зээлийн замаар яваа манай ард түмэн ядарч байна. Москва өөрийн тавьсан хүмүүсээрээ дамжуулаад тусламж, дэмжлэг ирүүлдэг нэртэй. Халимагийн ард түмэнд тэр бүр хүртээмжтэй байж чадахгүй байна.  Манай Халимагт Москвагийн нэрээр гарсан том улсууд бий. В.Путин дуртай хүмүүсээ тавьж байна шүү. Манайд Ерөнхийлөгчөө өөрсдөө сонгох бололцоо байхгүй. Паспорт дээр тавдугаар функт гэж бий. Тэнд Халимаг,  Татар,  Башкир Чечень гэхчлэн овгуудаа бичдэг юм.  Гэтэл  паспорт дээрээс тэр бүгдийг устгаад хаячихсан байна.  Үнэхээр муухай юм болж байна. Оросын олигархиуд Халимагийн, Чеченийн байгалийн баялагт амархан хүрэх замаа засч байгаа нь тэр. Бүгдийг нэгдсэн оросын дор оруулж байгаа ч, тэр нь одоогоор төдийлөн мэдэгдэхгүй, харагдахгүй байдлаар хийгдээд байна.

 

Уг нь манай Халимаг баян нутаг. Нефть,  газ байна. Тарвас, усан үзмийн ургац  маш сайн. Малын бэлчээр сайтай. Тэр бүгд нь Москвад дарагдаад,  булаагдаад байна. Москва нэг гараараа илгээгээд нөгөө гараараа буцаагаад авдаг л байдалтай.  Газрын тосыг булаагаад л авсан байна. Ер нь бүх л юмыг К.Илюмжиновын хүмүүс авдаг.  Москвагийн олигархиуд нь  ирээд булаагаад авдаг л байдалтай байна.

 

Орос улс  ганц хүний удирдлага дор ядарч байгаа. Дээрээс нь банкны маш өндөр хүүтэй  зээл гаргаж, ард түмэн нь өрөнд орж, өндийж чадахгүй болж байна. 30 минутын дотор зээл олгоно гэж телевизээр, сониноор зарлаад, тэгээд 20-30 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг. Мэхлэгдсэн иргэд бизнесмэнүүд биш. Энгийн хүмүүс. Эцэстээ цагдаа сэргийлэхдээ тулж, гэр орноо хураалгадаг жишээ маш их.

 

Халимагт ийм байдал  бий юү?

 

Манай Халимагт ч бас тэгж байна. Өндөр хүүтэй зээл авсаны дараа буцааж чадахгүй бол паспортыг нь хураан авч,  гадагшаа гарах  аргыг нь таслаж байна. Нэг ёсондоо Халимаг том шорон болж хувирч байна. Гадаад ертөнцөд ил харагдахгүй  боловч манай Халимагт үнэхээр тийм аюул үүсээд байна.

 

 

 

Ингээд  ярихаар танд  эрсдэл дагуулахгүй юу. Танд болгоомжлол байна уу?

 

Одоо Оросууд  мөнгөөр л бүх зүйлийг дарж байна. Москва  хүмүүсийн үзэл бодлыг  мөнгөөр худалдаж авч байна. Миний бодлоор үзэл суртал гэж юм Орост одоо байхгүй. Дандаа олигархиуд төрд байна. Бүх зүйлийг бизнесийн журмаар шийдэж, хийж байна. Сталины үеийнх шиг үзэл суртал одоо байхгүй болов уу. Хар баячууд дээшээ гарсан байна шүү. Миний бодлоор энэ Монгол Улсад аюултай. Яагаад гэхээр нэг талд нь бат чанга үзэл сурталтай Хятад байна. Нөгөө талд нь  мөнгө бизнест дийлэгдсэн,  үзэл суртал гэж юм  бараг байхгүй болсон Оросууд байна. Тиймээс энэ хоёрын хооронд байгаа Монгол яанаа гэж санаа зовдог.

 

Монголд ирэх болгонд том том байшингууд баригдаад, гадаа гарахад такси баригдахгүй болсон байна. Цалин нэмэгдэж, иргэд нь машинтай болж байна л гэж харагдаж байна. Нэг талаасаа сайн хэрэг.  Гэхдээ  Чингис хааны үеийнх шиг төр улсын үйлс нь бат чанга, тогтвортой байна уу. Ард түмнээ баталж чадаж байна уу гэсэн бодол байна.

 

Бидний Халимагууд, Өвөрмонголчууд, Шинжааны торгууд  бид хүний гарт байна. Монгол Улс  бол эрх чөлөөтэй. Тэр бол хамгийн сайн. Тиймээс хамгийн зөв гэсэн замаа бүгдээрээ хэлэлцэж шалгаруулаад явах ёстой. Би түрүүн хэлж байсан. Чингис хаан хамгийн гол нь өр зөөлөн сэтгэл гэж хэлсэн байдаг. Хүн зоригтой, хурдан, чадалтай ямар ч ухаантай бай хамаагүй. Хэрвээ өр зөөлөн сэтгэл байхгүй бол 10 хүний толгойд  тавьж болохгүй гэж хэлсэн байдаг.  Харин өр зөөлөн байгаад өөрийн дор байгаа хүмүүстэйгээ  хоолоо хуваалцаад, хувцасаа хувааж явбал аяндаа бүгдийнх нь чадал  тэгшрээд чангарчихдаг байна. Миний бодлоор Чингис хааныхаа сургаалиас сургамж аваад явбал сайн байх болов уу гэж үздэг юм.

 

700 жилийн өмнө Монголоос гарсан Хазара Монголчуудын  үр удам болох  хүнтэй уулзаж байхад, өвгөд дээдсийн нутагтаа ирж үзэхийг хамгийн их хүсч байсан хэмээн ярьж байв. Үнэхээр ч  дэлхийн монголчууд монголоо их санацгаадаг гэдэг. Халимагуудын тэр сэтгэлээс та хуваалцахгүй юу?

 

Бид  элэг нь татна гэж ярьдаг юм. Газар нутгийн хувьд  5-6 мянган км заагтай, цаг хугацааны хувьд 402 жил тусгаарлагдсан ч,  санаа сэтгэл нь ойрхон. Монгол гэхээр элэг нь урсдаг, элэг нь татдаг хүмүүс. Эндээс тасраад гарсаны дараа 28 том, жижиг дайнд оролцон,  цавчилдаж амьдарсан хүмүүс. Нутаг усны тухай шүлэгээ сонсохоор нүднээсээ нулимс унагадаг хүмүүс. Манай Халимагууд өөрсдийгөө  бат чанга гэж бахархдаг.  Бид 140 мянгуулаа  байсан  ч  цөөрч байгаа.

 

Дагестанд түмэн цэргийг толгойлж байсан Ногай ханы үр удам  Ногайчууд бий. Тэд мусульманы шашинд ороод Турк хэлтэй болсон байна. Бид  хоорондоо сайн найз нөхрийн харилцаатай байдаг.  Бидний гал голомт Монголын Бурхан халдун гэж  хоорондоо ярьдаг юм.

 

Би  1989 онд анх  Монголд ирж байсан. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд ганц нэг дуугаа дуулаад Монголын ард түмэнд танигдсанаа миний хувь заяа гэж бодож  бахархдаг.

 

Одоо цагт Монгол язгууртай бидэнд нийлэх, нягтрах боломж гарч байна гэж хардаг.  Мал боловч хол газраас мөөрөлдөж ижлээ хайна гэж ярьдаг шүү дээ. Шинжааны,  Өвөрмонголын, Хөх нуурын дээд Монгол, Халимаг,  Буриадууд бид ойр харилцаатай. Энд тэнд тарж одсон биднийгээ  хэзээ Ар Монгол маань нэгтгэж, нийлүүлж авах бол. Ар Монгол маань хэзээ их хүчирхэгжиж, биднийг нэгтгэх боломжтой болох бол гэж ярьцгаадаг.

 

Та түрүүн Халимагийн иргэд цөөрч байна гэлээ. Тоо баримттай хэлвэл?

 

1991 онд 145 мянган иргэн байсан. 2002 онд тооллого явуулахад  80 мянга гаруй болсон байсан. Тэгээд яагаад ингэж цөөрөв гэж ихээхэн асуудал болоод  дээрээс нь 40 мянгыг нэмж худлаа бичсэн. Хэчнээн иргэн байгааг ард түмэн мэдэхгүй. Амьдрал яаж ядарч байгаа нь дээр байгаа хүмүүст  хамаагүй. Дандаа бизнес,   шатрын тухай яриад л  явж байна.

 

Манай Халимагт хамгийн аюултай нь төрөлт маш бага байна. Москва  хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд тэтгэмж олгоно гэх зүйлийг ярьсанаас хойш арай нэмэгдэж байна. Гэхдээ тэр мөнгийг авахад хэцүү юм шиг байна. “Шархаа долоосон нохой таргалахгүй” гэдэг. Халимагийн ард түмний зовлонг нэмэхийн төлөө биш байгаасай гэж хүснэ. Халимагийн залуучууд ажил хайн  Европ руу их гарч байна. Монголд бас тийм байна шүү. Халимагаас Монгол руу ирэх сонирхолтой хүмүүс цөөнгүй бий. Мянган хүн ч ирж магадгүй.

 

Таныг иргэншилээ солино гэхээр К.Илюмжинов Ерөнхийлөгч хэрхэн хүлээж авах бол? Лав дуртай байхгүй болов уу? 

 

Орост бол ийм асуудал хамаагүй. Харин Хятад бол өөр.  Хэрэв иргэншилээсээ татгалзвал “Манай нутагт амьдрал муу байна гээд зугтаж байна. Манай нэрийг муутгаж байна”  гээд үзэл суртал бодож дургүйцнэ. Орост  бол  “Цагаанзам явж байна. Цагаанзамын орыг эзлэе”  гээд л баярлана. Тийм сайхан нутгаа хаяна гэдэг миний хувьд харамсалтай байна.  Амьдрахад хэцүү ч тэр газрыг Монголын газар гэж би бодож байна. Монголын Алтын ордын нутаг. Ижилмөрөнтэй, ашигт малтмалын нөөцтэй юм юмтай сайхан нутаг.

 

Оросууд  Монголын уул уурхайн орд газруудыг их сонирхоод байдаг. Хариуд нь  “Халимагт нэг аймаг гаргаж өг” гэх маягаар тохиролцож яагаад болохгүй гэж боддог. Энэ зөвхөн миний бодол шүү. Газар хол байх нь хамаагүй. Халимаг Москвагаас хамаарахаа больвол  дотоод асуудлаа өөрсдөө зохицуулаад ард түмний амьдралыг сайжруулаад замд нь оруулж болно гэж санадаг.

 

Ингэхэд таны гэр бүл Халимагтаа байгаа юу. Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

 

Би гурван хүүхэдтэй. Цагаанзамын хүүхдүүд гэхээр Халимагт бас хэцүү л байна. Том охин Америкт, дараагийн хүү нутагтаа.  Отгон  хүү  10 настай. Мөн нутагтаа бий.

 

Би хүүхдүүддээ хэлдэг юм. Одоо цаг зуур дарагдаад, дийлэгдээд байгаа боловч зовоод, сэтгэл санаагаар унаад байж болохгүй. Бид Дува сохрын дөрвөн хүүгийн хоёрдугаар хүүгийнх нь   Баатад гэж овогтой. Тиймээс чанга байх хэрэгтэй. Биеэ батлах хэрэгтэй гэж хэлдэг. Манай хоёр том хүүхэд халимаг Монгол хэлтэй. Харин бага хүү  Хошуу улаан минь Орос хэлэнд дийлэгдэх гээд  байна. Үүнд нь сэтгэл ихэд зовж байгаа ч,  гадаа гараад гүйхээр нь бүх юм  Орос хэл дээр байхад, Улсын  Ерөнхийлөгч нь ч  Оросоор ярьж байхад арга ч үгүй байх гэж заримдаа бодох юм.

 

Харин отгон хүү маань “намайг Монголд аваачиж үзүүлээч” гэж надад хэлсэн.  Хэлээ Монголд  сурмаар байна гэсэн. Тэгэхээр нь би  “аавын хүү ухаантай. Их баярлаж байна” гэж хэлсэн. Америк гэж байхаар Монголдоо  ирээд ижил дотроо байж байсан нь зөв болов уу гэж бодож байна. Энэ дашрамд, Монголчууддаа халуун мэнд дамжуулъя. Сайн сайхныг хүсье. Монголоос илүү орон  нарт дэлхийд байхгүй. Бурхан халдуныг бурхантай харилцдаг, бурхантай залгаа гэж би тайлбарладаг.  Хүннү, Уйгар, Швед, Англосакс гээд бүгд л Бурхан халдунаас гаралтай болж байна шүү дээ.  Би арабын хүлэг  морьдыг монгол морьд гэж боддог. Гадагшаа гарах цэрэг хамгийн сайн морио унаад гардаг. Тиймээс Хүлэгү хааны  дагуулж гарсан хүлэг морьд болов уу гэж боддог юм.  Жангар тууль дээр сайн морь нь сүүлээ сэглэдэг, хоёр чихээ хайчилдаг. Гэтэл арабын  гэх тэр морьдууд яг тэгдэг шүү дээ.  Исландын арал дээр гэхэд Алтан ордоос худалдаж авсан Монгол морьд байна гэж байхад яагаад болохгүй байх билээ.

 

Та ярианы эхэнд Америк явж Чингис хааны тахилгад оролцсон гэж байсан. Тэр талаараа тодруулбал?

 

Манай Халимагууд Нью-Йорк хотноо жил болгон Чингис хааны тахилгыг хийдэг. Монгол, Америкийн соёлын ассоциациас зохион явуулдаг.  Хувьсгалын дараа Европоор дамжаад Америкт очсон хүн тус ассоциацийн Ерөнхийлөгч нь юм.

 

Тэгэхээр  Монгол язгууртай хүмүүс цуглаж нийлээд хийдэг гэсэн үг үү. Та өмнөх тахилгуудад нь оролцож байсан уу?

 

Хүчээр биш санаа сэтгэлээрээ нийлсэн хүмүүс хийдэг. Чингис хааныг шүтдэг, Чингис хаанаа хүндэлдэг. Нутгаа санадаг, газар усаа бодож явдаг Монголчууд оролцдог тахилгын ёслолыг 1988 оноос эхлэн хийж ирсэн юм байна. Би анх удаагаа очсон. Визний асуудлаас болоод нэг өдөр хоцорч очсон. Дараа жил хоцролгүй очно гэж бодож байна. Жил ирэх тусам сайхан болж байна гэж хүмүүс хэлж байсан.

 

Та тэгээд хэзээ нутаг буцах вэ?

 

Халимагт 28-ны өдөр Жангар туульд  зориулсан хурал болно. Тэнд оролцох хэрэгтэй. Гэхдээ  буцаад Монголд ирмээр байна. Би хөөмийлдөг, хархирдаг хэдэн найзуудтайгаа нийлээд Монголын нэрийг дуудуулж явах санаатай байгаа. Соёл гэдэг их чухал. Аливаа улс, үндэстэн түүх,  соёл хоёроороо  өөрийгөө батлах ёстой юм. Горный Алтай, Тува,  Буриадад их нэрд гарсан хөөмийч,  хархираачид байвал нийлж, нэгдээд  соёлоор нь  дамжин  Монгол туургатныг нийлүүлэх,  модель босгох боломж бий. Би 20-иод жил гадаадаар явж байна. Хөөмийлөхөд,  хархирахад хаана ч гэсэн чимээгүй болдог, биширдэг юм.

 

Бээжинд гэхэд  хөөмий хархираа их сонирхож байна. Хятадууд хөөмийг өөрийн урлаг гээд ЮНЕСКО-гийн соёлын өвд оруулчихсан.  Төрөөс нь   урлагийн давуу талыг мэдэрч,  тэгж өөрийн болгож байгаа нь нэг талаас сайн хэрэг.  Гэхдээ хөөмий бол Монголынх шүү гэдгийг  би хаана ч явахдаа хэлдэг. Монголынх гэдгийг Монголчууд өөрсдөө л  баталгаажуулах ёстой юм.

 

Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

 

Э.Болорхажид 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eh oronch(202.126.89.246) 2013 оны 10 сарын 21

ene eronhiilogch eleg negt mongolchuudiig oruulahgui hujaa nariig iheer oruulah ni yu be mani hun ooroo urd zugiin bolood nutag negtnuudee naashaa shahaj bga yum bish biz halimguud mongold orj ireh tusam mongol huchirhegjine gej aigaad .

0  |  0
Iiki(76.218.69.21) 2013 оны 10 сарын 20

Halimagiin nutag halimagiin l nutag shdee.orosiih bish

0  |  0
Goodoi(76.218.69.21) 2013 оны 10 сарын 20

Umhii hyataduudtai shadarladag shivshgiin baasnuud uuniig unshaad medej avaarai,tanart eh oron gej baihgui shoo.herev hairtai hyataddaa ochihod chin tanariig hench bish bolgono bizdee.

0  |  0
Sain bna(103.26.194.96) 2013 оны 10 сарын 20

Ene khuniig Mongoliin irgen bolgoosoi.

0  |  0
duwa sohor(103.26.194.191) 2013 оны 10 сарын 20

ilyumjinev ene zeregtei yavj baigaa ni ih,yum orosuudad tal zasahaas argagui,harin odii boltol allagiin bai bolchihoogui,halimaguudiig ugsaa negtnuudtei holbootoi yavj bna,tsagaanzam hersuu huu bish bna,orosoor yarihaas yahav.

0  |  0
duwa sohor(103.26.194.47) 2013 оны 10 сарын 20

ilyumjinev ene zeregtei yavj baigaa ni ih,yum orosuudad tal zasahaas argagui,harin odii boltol allagiin bai bolchihoogui,halimaguudiig ugsaa negtnuudtei holbootoi yavj bna,tsagaanzam hersuu huu bish bna,orosoor yarihaas yahav.

0  |  0
duwa sohor(103.26.194.54) 2013 оны 10 сарын 20

ilyumjinev ene zeregtei yavj baigaa ni ih,yum orosuudad tal zasahaas argagui,harin odii boltol allagiin bai bolchihoogui,halimaguudiig ugsaa negtnuudtei holbootoi yavj bna,tsagaanzam hersuu huu bish bna,orosoor yarihaas yahav.

0  |  0
duwa sohor(103.26.194.49) 2013 оны 10 сарын 20

ilyumjinev ene zeregtei yavj baigaa ni ih,yum orosuudad tal zasahaas argagui,harin odii boltol allagiin bai bolchihoogui,halimaguudiig ugsaa negtnuudtei holbootoi yavj bna,tsagaanzam hersuu huu bish bna,orosoor yarihaas yahav.

0  |  0
zochin(103.26.194.48) 2013 оны 10 сарын 20

iliymjinev ugaasaa l orosiin hun sh dee,enenii talaar tsets bulaatsaldaad baih hereggui,tegeed ch hezee ch ijil mornii haviar mongol ulsiin taliin,eshul tsagaanzam shig bodoltoi hun eronhiilogch bolgohgui.

0  |  0
zochin(103.26.194.71) 2013 оны 10 сарын 20

iliymjinev ugaasaa l orosiin hun sh dee,enenii talaar tsets bulaatsaldaad baih hereggui,tegeed ch hezee ch ijil mornii haviar mongol ulsiin taliin,eshul tsagaanzam shig bodoltoi hun eronhiilogch bolgohgui.

0  |  0
zochin(103.26.194.49) 2013 оны 10 сарын 20

irgen bolgoj bolohgui sh dee,daraa ni neg hoyor engiin halimag hun ,irgen boloyo gevel yah uu,avahgui geh uu

0  |  0
zochin(103.26.194.49) 2013 оны 10 сарын 20

tsagaanzam sanaa ni zov yum,gehdee halimagiin ard tumen orosiin nutagt amidarch baigaa tsagt hezee ch mongoloor yaridag eronhiilogch garch irehgui.

0  |  0
Зочин(202.21.106.169) 2013 оны 10 сарын 20

Элбэгдорж очиж ард түмнийг нь хагаралдуулахад нэмэр болсон байна даа.Үндсэрхэг үзэлтнүүд нь давраад , манайд намуудаар хувваагддаг бол тэнд үндэсний үзэл бодлоороо хуваагддаг байх нь.Аль ч улсад ерөнхийлөгчийг дэмждэггүй ,үзэн яддаг хэсэг байдаг шүү дээ.Илюмжинов бол Монголоо гэсэн сэтгэлтэй сайн ерөнхийлөгч.Мон

0  |  0
Зочин(89.177.61.186) 2013 оны 10 сарын 19

Халмиаг оюутнуудтай уулзаж ярилцаж блаа.илюмжиновд халимагын ард түмэн дургүй тэд их ядуу амьдардаг энэ үнэн шүү.

0  |  0
Зочин(89.177.61.186) 2013 оны 10 сарын 19

Халмиаг оюутнуудтай уулзаж ярилцаж блаа.илюмжиновд халимагын ард түмэн дургүй тэд их ядуу амьдардаг энэ үнэн шүү.

0  |  0
Zochin(85.218.60.11) 2013 оны 10 сарын 19

Yamr mundag hun be?orosiin genoitsid bodlogiin dund ystaj ugui boloh auyl tylgarch bgaa um bn daa .harin say Xamag mongol toglolt tarsan mongolchuudaa negtegehed , mash chuhal zuil bolloo

0  |  0
s(69.243.80.212) 2013 оны 10 сарын 19

ene huniig Mongoliin irgen bolgoj boldoggui yum uu? Halimagt baij bolohgui bolood l Mongold namaig irgen bolgood uguuch geed baigaa yum bishuu??? Esvel Uls*****nuluu buhii hun bolhoor Mongoliin tal huleej avahgui baigaa yum uu?

0  |  0
mongol(112.72.13.111) 2013 оны 10 сарын 19

halimagt ochij vzeh yumsan gej bodoj yavdag ohiduud n ih tsarailag mash uhaantai gej duulsan. huudee neg ber avaad iryel saihan tsus selbene de

0  |  0
зочин(49.0.140.169) 2013 оны 10 сарын 19

Сайхан ярилцлага байнаа үгүй яахав цөөхөн хэдэн Монголчуудаа наашаа ирэхийг хүсэж байгаа хэдийг нь цаашаа гээд яахав.Тэгээд ч энэ хүн биднээс илүү түүхээ мэдэж байгаа нь дамжиггүй.

0  |  0
Huh mongol(103.26.194.31) 2013 оны 10 сарын 19

Za ter, helee ugui yu...ulemjid itgej bolohgui gej...tegtel manai zarim neg malnuud tsus negt hamaatan maani geed bdag...tsus yahvee, setgel sanaa ni tsaashaa bolson hun shuu dee!!!

0  |  0
Top