“Зам бүхэн Парисийг зорьдог” гэсэн үг бий.. Тиймээс ч аялалд дуртай хэн хүний сонирхлыг татдаг нь эргэлзээгүй. Гоо үзэсгэлэнт Мариана дагины орон гэж нэрлэгддэг Францын Парис хотыг аварга том музейтэй зүйрлэдэг нь нүдээ олсон хэрэг юм.
Парис нь хойд Францын Сена мөрний эрэг дээр, Иль-де-Франс бүсийн төвд орших, Европын хамгийн их хүн амтай метрополис газар нутгуудын нэг.
Хоёр мянган жилийн турш маш чухал суурин газар байсан бөгөөд өнөө үед дэлхийн бизнес, соёл урлагийн томоохон төвүүдийн нэг болжээ. Улс төр, боловсрол, үзвэр үйлчилгээ, мэдээлэл, хувцасны загвар моод, шинжлэх ухаан, соёл урлагт үзүүлэх нөлөө нь томоохон "дэлхийн хот" байх байр суурьд нь нэмэлт нөлөө үзүүлдэг юм.
Парисийн бүс нь Европын тэргүүлэгч томоохон эдийн засаг бөгөөд үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн хотуудын тавдугаарт бичигддэг. Тус бүсийн бизнесийн дүүрэгт Fortune Global-ын 500 компанийн 36 нь байрладаг. Эдгээр дүүргүүдийн хамгийн том нь Ла Дэфэнс бөгөөд энэ нь Европын хамгийн том, бизнест зориулагдаж барьсан дүүрэг юм.
Парист ЮНЕСКО; Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага; Олон улсын санхүүгийн байгууллага; Парисийн клуб зэрэг байгууллагуудын төвүүд оршдог. Парис нь дэлхийн хамгийн олон жуулчдыг татдаг газар бөгөөд жилд 30 гаруй сая жуулчид ирдэг.
Мэдээж Парисийн алдарт уран барилга, үзвэрүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй. Эйфлийн цамхаг, Луврийн музей, Александрын гүүр, Парисийн дарь эхийн сүм, Champs Elysée өргөн чөлөө, Ялалтын хаалга, Concorde-ын талбай зэрэг алдартай газрууд олон бий. Мөн дэлхийд алдартай институциуд, паркууд байдаг юм.
Сэтгэгдэл ( 0 )