Хятадууд тэнгэр баганадсан Манхеттан Плазаг 725 сая ам доллараар авах нь ээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 04

Наяад он Японы “Мицубиши Эстэйт” компани Манхеттанд байршилтай Рокефеллерийн Төвийг худалдаж авч байсан юм. Тэр үед наран улсын эдийн засаг оргил үедээ байв. Тэгвэл өнөөдөр дэлхийн санхүүгийн цөм болсон энэхүү дүүрэгт Хятадын хөрөнгө оруулагчид үл хөдлөх хөрөнгө худалдаж авч эхэлжээ. Хятадын Фосун Интернэшнл групп Уолл Стрийтийн хажууханд  байршилтай тэнгэр баганадсан Манхеттан Плазаг 725 сая ам доллараар худалдах авахаар боллоо. Харин  үүний өмнөхөн Хятадын Засгийн газрын хөрөнгө оруулалттай Грийнланд компани Брүүклин дахь Атлантик Яардз бүтээн байгуулалтын төсөлд, Жан Шин консорциум Манхеттан дахь Женерал Моторзийн Барилгын хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн юм байна.

 

Хэдэн жилийн өмнө Хятад Улсын гадагшаа хийгдэх хөрөнгө оруулалт нь төрийн компаниудын хөгжиж буй улсуудын эрчим хүч, эрдэс баялаг, газарт хийсэн хөрөнгө оруулалтаас бүрдэж байсан бол өнөөдөр энэ байдал өөрчлөгдөж, аж үйлдвэржсэн, хөгжилтэй орнууд руу чиглэх хөрөнгийн урсгал нийт гадагшаа хийж буй хөрөнгө оруулалтын гуравны хоёрыг эзлэх болсон байна. Эхний хийгдсэн хөрөнгө оруулалтуудын өгөөж хангалттай байж чадаагүй учир Хятадын Засгийн газар ийнхүү чиглэлээ өөрчилж хөгжиж буй улсуудын ашиг муутай төрийн оролцоотой төслүүдийн оронд зах зээл, шинэ санааны төлөө өрсөлдөж байдаг хувийн салбар луу анхаарлаа хандуулж эхэллээ. Өнөөдөр Хятадын гадагшаа хийгдэх хөрөнгө оруулалтын дийлэнхийг аж үйлдвэржсэн, хөгжилтэй эдийн засгийн үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн төслүүд болон бусад технологи шингэсэн хувийн салбарын төслүүд эзэлж байна. Тухайлбал, Хятадын машин үйлдвэрлэгч компани “Гийли”  Шведийн Волво маркийг худалдаж авсан бол Францын Пойжой-Ситроеныг ч мөн Хятадууд худалдаж авах тухай яриа байна. Өнгөрсөн 7 хоног гэхэд л Хятадын электроник худалдааны Али Баба АНУ-д салбар бизнесээ нээхээ зарласан бол компьютер үйлдвэрлэгч Lenovo, Канадын BlackBerry-г худалдан авах санал боловсруулж эхлээд байгаа юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top