Кенийн Засгийн Газарт албадан нүүлгэлтийг зогсоохыг уриалжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 06

 

 

Орон байртай байх нь Хүний эрх юм. Хаана амьдарч буйгаас үл хамааран хэнийг ч албадан нүүлгэж болохгүй. Албадан нүүлгэлт нь олон улсын, бүсийн хүний эрхийн хуулийн дагуу хууль бус үйлдэл юм. Албан бус суурьшилд амьдарч буй хүмүүс ч бусдын адил шаардлагад нийцсэн орон байр, цэвэр ус, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангагдах ёстой гэдгийг Олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс хэлж ярьсаар байдаг.

 

Гэсэн ч хүний эрхийг зөрчих энэ явдал дэлхийн улс орнуудад гарсаар байна. Тухайлбал, энэ оны тавдугаар  сарын 10-ны өдөр Найроби хотын Сити Картон гэдэг албан бус сууринд албадан нүүлгэх үйл ажиллагаа явагдаж, 400 гаруй хүмүүсийн орон гэр сүйтгэгдсэн байна. Албадан нүүлгэлт эхлэхээс өмнө өглөөний 4-5 цагийн хооронд сууринг 170 гаруй цагдаагийн албаныхан бүсэлсэн байжээ. Өглөө үүр цайх үед Сити Картоны оршин суугчдыг сэрээж, 200 гаруй залуучууд тэднийг хүчээр гэрээс нь хөөн гаргасан байна. Цагдаагийн албан хаагчдын нүдэн дээр лантуу, лоом барьсан залуучууд байшингуудыг нурааж эхэлжээ... Сити Картон дахь албадан нүүлгэлтийн асуудлаар ажиллаж байгаа Эмнести Интернэшнлийн шинжээчийн  тэмдэглэлд энэ тухай өгүүлсэн байдаг аж.  

 

Өнөөг хүртэл Кенийн эрх баригчид Найроби хотын хүн амын талаас илүү хувийг орон байраар хангаж чадаагүй л байна. Ойролцоогоор хотын 2 сая гаруй оршин суугчид эрүүл мэндийн үйлчилгээ, цэвэр ус, аюулгүй байдлаар хангагдаагүй, сургууль цэцэрлэггүй эсвэл алслагдсан албан бус суурин, ядуусын хороололд амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Момбаса болон Кисуму дахь албан бус сууринд оршин суугчдын хувьд, тэд хотын бусад оршин суугчдын адил татвар төлж, санал өгөн эдийн засаг, нийгмийн амьдралд хувь нэмрээ оруулдаг хэдий ч хотын төсөв, төлөвлөлтөөс  хасагддаг байна.

 

Тиймээс Кени улсын Газар, Орон сууц, Хотын хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын танхимын Нарийн Бичгийн Даргад хандсан дараах уриалгад нэгдэж,  гарын үсгээ зурахыг Эмнести интернэшнлийн зүгээс уриалжээ. Уриалгад, Танхимын Нарийн Бичгийн Дарга Хүндэт Нгилу танаа, 

 

Эмнести Интернэшнл, хамтрагч байгууллагууд, дэмжигчид Кенид болж буй албадан нүүлгэлтийн талаар ихэд санаа зовниж байна. Албадан нүүлгэлт нь хууль бус үйлдэл бөгөөд энэ явдлыг нэн даруй зогсоох ёстой.

 

Таныг Кени дэх бүх албадан нүүлгэх ажиллагааг даруй таслан зогсоох, аливаа нүүлгэн  шилжүүлэлтийн үед аюулгүй байдлыг хангах болон албадан нүүлгэлтийг хориглох тухай хууль батлан,  хэрэгжүүлэхийг уриалж байна.  Уг хууль нь олон улсын, бүсийн хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн байвал зохино.

 

11-р сарын 15-ны өдөр Найробид Танхимын Нарийн Бичгийн Дарга Нгилуд Уриалгыг гардуулж өгөх бөгөөд дэлхий даяарх элчин сайдын яамдуудаар дамжуулан Кенийн Засгийн Газарт хүргэх юм гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top