Оскарын шагналт, алдарт жүжигчин Никол Кидман 2013 оны 10 дугаар сард Vanity Fair сэтгүүд өгсөн ярилцлагадаа өөрийн үзэл бодол, амьдрал уран бүтээл, анхны болон одоогийн гэрлэлтийн талаар илэн далангүй өгүүлжээ.
Алдарт жүжигчин маань 2001 онд Том Круизээс гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд 2006 онд коунтри дуучин Кейти Урбантай гэрлэж хоёр охинтой болсон ба Hollywood-ийг орхин “Хөгжмийн хот” гэгддэг Nashville-д суурьшсан билээ.
Тэрээр хэлэхдээ: “Том Круизтэй гэрлэхэд би дөнгөж 23 настай, хүүхдээрээ байлаа шүү дээ. Тиймээс энэ гэрлэлт маань дууссаны дараа би нэг хэсэгтээ ганцаараа байж, насанд хүрсэн хүний амьдралаар амьдрахыг хүссэн. Түүнээс гадна нэг харилцаанаас нөгөөд зүгээр л үсрээд орохыг хүсээгүй учир надад хугацаа хэрэгтэй байлаа. Ганцаараа нилээдгүй хугацааг үнэхээр жаргалтай өнгөрүүлсний дараа би дахин гэрлэхэд бэлэн болсон юм. Хэдийгээр анхны гэрлэлтдээ хүндэтгэлтэй ханддаг маань хэвээр боловч одоо л өөрийн жинхэнэ агуу хайраа олж аз жаргалтай амьдарч байгаагаа энд хэлмээр байна” гэжээ.
Энэ дэлхий дээр Том Круиз та хоёрын гэрлэлтийг ойлгон хүлээж авч чадах, магадгүй цорын ганц хос нь Брэд болон Анжелина нар байж болох юм. Ер нь тухайн цаг үеийнхээ хамгийн алдарт хосууд байсан нь та хоёрын гэрлэлтэд хэрхэн нөлөөлсөн бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад:
“Миний бодлоор хосуудын харилцаанд тэдний алдартай эсэхээс үл хамааран оршдог хамгийн чухал зүйл бол зөвхөн хоёулахнаа байж, бие биедээ анхаарал хандуулах үед үүсдэг ер бусын гайхамшигт мэдрэмж юм. Тэрхүү нандин мэдрэмжийг хуваалцаж буй хайртаас чинь илүү чамайг ойлгох хүн хаана ч байдаггүй. Тиймээс хайртай хүнтэйгээ илүү ойр байж, илүү романтик харилцаатай байхыг эрхэмлэх нь хамгийн чухал. Брэд болон Анжелинагийн хувьд энэ мэдрэмжийг бусад хосуудын л адил хуваалцсан гэдэгт итгэлтэй байна.” хэмээн хариулжээ.
Мөн тэрээр цааш нь “Нэр алдартай байх нь миний амьдралд төдийлөн их байр суурь эзлэхээ больсон. Хаана ч очсон хүмүүс намайг таньж байх нь надад гайхалтай санагддаг байлаа.
Гэхдээ энэ байдал миний хүүхдүүдийн нүдээр хэрхэн харагдах вэ гэдэг нь огт өөр асуудал юм. Тэд маань надаас хүмүүс яагаад тантай зураг авахуулахыг хүсдэг юм бэ, эсвэл бидний танихгүй хүн яагаад бидэнтэй мэндэлж байгааг асуудаг. 5 настай охиндоо үүнийг ойлгуулах хэрэгтэй болдог л доо. Ер нь бид бүх зүйл эргэн тойронд маань өрнөдөг хөл хөдөлгөөнтэй Hollywood-ийг орхин нүүсэндээ харамсдаггүй. Учир нь би тэнд тодорхой нэр алдарт хүрсэн, тэгээд л тэндээ байгаад байх нь миний амьдралын хэв маяг биш юм. Өөр хаана ч юм, бусад хүмүүс амжилт гаргаж буй газарт очиж өөрийгөө таниулах нь надад илүү чухал байдаг. Чухамдаа зорилго тэмүүлэлд хөтлөгдөн амьдрах дуртай. Тиймээс л би Nashville амьдрах уу гэсэн саналыг хүлээн авсан хэрэг. Түүнээс гадна би Nashville-д нэг тийм алдар нэрээс ангид, тайван байдал мэдэрдэг юм” гэжээ.
Өдгөө 46 настай нэрт жүжигчин маань нөхөр Keith Urban болон охидынхоо талаар өгүүлэхдээ: “Бидний амьдралыг цавуутай зүйрлэж болно. Бид хүүхдүүдээ өсгөж, өөрсдийн түүхийг бүтээж байгаа маань биднийг алгуурхнаар улам бүр ойртуулан, салгах боломжгүй болгож байгааг би мэдэрдэг. Бидний гэрлэлт үнэхээр эв найрамдалтай, бие биенийхээ сэтгэлийг илбэн засаж, эдгээн анагаах хүчтэй тийм нандин холбоо юм” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )