Английн алдарт тогооч, “The Fat Duck”-ийн эзэн гэдгээр нь бидний сайн мэдэх Heston Blumenthal “Эсийн түвшинд хоол бэлтгэх” буюу хоолны урлагийн цоо шинэ хэв маягийг санаачлан олон нийтэд таниулах ажлыг хийж эхэлсэн байна.
Тэрээр энэхүү шинэ чиг хандлага нь хүн төрлөхтний хоолны урлагийг илүү сонирхолтой, маш их ашигтай салбар болгон өөрчлөнө гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд дэлхийн хүн амын хэт өсөлт, хүнсний хомсдлын асуудлыг шийдвэрлэх нэг арга зам мөн гэдийг нотлохыг хичээж буй ажээ.
Энэ талаар Францын химич Herve This өгүүлэхдээ: “Аливаа хүнсний бүтээгдэхүүн нь өөрөө химийн зарим үндсэн элементүүдийн нэгдэл байдаг учир тэдгээрийг агуулсан тос, шингэн, нунтаг зэргээр шим тэжээлтэй хоол бэлтгэх бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл гурил, мах, ногоог шууд ашиглалгүй зөвхөн тэдгээрийг бүрдүүлдэг элементүүдээр шинэ хүнсний бүтээгдэхүүн хийж болно.” гэжээ.
Тэрээр мөн цааш өгүүлэхдээ “Ер нь энэ төрлийн үйл ажиллагааг зураач хүн янз бүрийн өнгийг ашиглан зурах эсвэл хөгжмийн зохиолч нот ашиглан хөгжим бичихтэй адилтган ойлгож болох юм. Харин үр дүнд нь бидний таваг дээр амтат хоол байх болно. Хэдийгээр өнөөгийн хүмүүс энэ санааг дэмжихгүй байж болох ч бидний ирээдүйд нүүрлээд буй энергийн болон усны гэх мэт нөхөн сэргээгдэх боломжгүй баялаг шавхагдах үед хамгийн гол гарц байх болно ” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )