Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Барилга, хот байгуулалтын сайдтайгаа хамтран Йордан голын баруун эрэгт 20 мянга гаруй орон сууцыг барихаар төлөвлөж буй талаар урьд нь мэдэгдэж байсан билээ. Эл хэргээс үүдэн тус улсын Палестинтай хийсэн хэлэлцээ нурахад хүрээд байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд энэхүү төлөвлөгөөгөө дахин бодолцож, өөрчилж магадгүй байна. Энэ талаар Израйлийн Барилга, хот байгуулалтын сайд Ури Ариэл өнгөрсөн мягмар гаригт мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Бид Йорданы баруун эрэг дэх барилгажилтын ажлаа дахин авч хэлэцэх болно. Энэ бол Ерөнхий сайдын хүсэлт юм" хэмээн мэдэгджээ. Израйль улсыг Йорданы баруун эрэг болоод Йерусламын зүүн хэсэгт барилга барих гэж байна хэмээн Палестины тал өмнө нь НҮБ-д мэдээлж, хэрэв тус газар барилга баривал бид хэлэлцээгээ цуцлах болно гэдгээ мэдэгдэж байсан билээ. Харин АНУ Йорданы баруун эрэгт барилгажилтын ажлыг эхлүүлэх нь ихээхэн эрсдэл учруулж болзошгүйг Израйлийн талд сануулж байсан юм. Б.Нетаньяху ч холбоотон орныхоо зөвлөгөөг дагасан ажээ. Тэрбээр төлөвлөгөөнөөсөө буцсанаар Палестинтай илүү найрсаг харилцаа үүсгэхэд томоохон түлхэц болохыг ажиглагчид хэлж байна. Өнгөрсөн наймдугаар сард байгуулсан энхийн хэлэлцээрийн хүрээнд Израйль улс Палестины 52 хоригдлыг суллаад байгаа билээ.
Хоёр улс газар нутгийн маргалдааны улмаас өнөөг хүртэл зөрчилдөөнтэй байгаа юм. Израйль улс 1967 онд тус бүс нутгийг хүчээр эзлэн авсан ч, Палестины 500 мянга гаруй еврей иргэн Йорданы баруун эрэгт оршин суусаар байна.
Сэтгэгдэл ( 0 )