Коммунизм байгуулж байсан Зөвлөлт Холбоот Улсын Чернобыль хотын атомын цахилгаан станцад 1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр аймшигт дэлбэрэлт болж осол гарсан. Шинжээчид энэ дэлбэрэлтийг америкчуудын Хиросима, Нагасаки хотноо дэлбэлсэн атомын бөмбөгнөөс 500 дахин илүү хүчтэй байж цацарг идэвхит хордлого нь 50 сая кюри хүрсэн гэдэг.
Энэ дэлбэрэлтийн улмаас 3,2 сая хүн бүхий бүс нутагт цацраг идэвхит хор тархсан бол, цацрагийн хордлогын төв Чернобылээс 143 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.
Ослын уршгийг арилгах, хүн амыг нүүлгэн шилжүүлэхэд тухайн үеийн ЗХУ-ын бүхий л бүгд найрамдах улсуудаас ойролцоогоор 660 мянган хүн оролцсоны 300 мянга нь оросууд байсан гэдэг. Ослын үеэр хэдэн арван хүн амь алдсан бол үүнээс хойш долоо хоног, сар, хэдэн жилийн дараагаар хэдэн зуу, хэдэн мянган хүн амь алдсаар байсан. Харамсалтай нь нас барж байгаа хүнийг яг цацрагийн хордлогоос болж байгаа нь хэд болохыг нарийвчлан судалж тоог нь гаргахгүй байгаа юм. Украинд гэхэд л зөвхөн 1994 онд цацрагийн хордлогын улмаас 124 мянган хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн. Атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн дараа ослын уршгийг арилгахад оролцсон 532 хүн гэхэд л 2003 онд нас барсан гэж тайлагнажээ.
Чернобылийн ослын улмаас цацрагийн хордлогод өртөж тахир дутуу болсон, тэднээс төрсөн бие эрхтний элдэв гажигтай хүний тоо өнөөдөр 60 мянга давсан гэж судлаачид хэлдэг. Энд элдэв мутаци, эрхтэн системийн гажиг, булчирхайн хорт хавдраас гадна сэтгэцийн эмгэг бүр тав дахин нэмэгдсэн гэнэ.
Олон улсын цөмийн эрчим хүчний байгууллага МАГАТЭ-гийн тооцоолсноор цацаргийн өндөр дозоор хордсон хүний тоо 600 мянга гэсэн. Өөр нэг судалгаагаар 586 мянга гэдэг. МАГАТЭ-гийн тооцоолсноор өнөөдөр Орос, Украин, Белорусын нутаг, цацрагаар хордсон бүсэд нийтдээ 5,0 сая хүн амьдарч байгаа юм. Эдний 1,6 сая нь хордлогын хүчтэй бүсэд байгаа бол дэлбэрсэн цахилгаан станцын битүүмжилсэн блокын дэргэд 400 хүн амьдарч байгаа юм.
2005 оны есдүгээр сард Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын төлөөлөгчид хамтарсан форум зохион байгуулж Чернобылийн ослын аюулын талаар хэлэлцсэн.
Хамгийн аймшигтай нь энэ ослын үр дагавраар хорлогын ул мөр 800 жилийн туршид мутаци үргэлжилсээр байна гэж генетикийн олон улсын бага хурал дээр эрдэмтэд хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )