Хятадын баячуудын тоо хэдийнэ дэлхийд тэргүүлээд эхэлжээ. "Руперт Хугверфийн 100 баяны жагсаалт"-ыг үүсгэн байгуулагч Руперт Хугверфэ энэ 2013 онд БНХАУ-ын дотор газарт 1 тэрбумаас дээш хөрөнгөтэй баячуудын тоо 263-т хүрсэн бөгөөд Шянганыг нэмбэл 481-д, Тайванийг нэмбэл Америкийн баячуудын дээр гишгэж байгааг онцолж байна. Энэ жил "Руперт Хугверфийн 100 баяны жагсаалт"-ыг Хятад улсын Вань Да группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ван Жяньлинь 135 тэрбум юанийн хөрөнгөөрөө тэргүүлсэн. Мэдээж тэрээр улсынхаа ч тэргүүн баянаар тодорсон гэсэн үг.
Ер нь Хятад улсын хүн амын орлого бусад улс орныхоос харьцангуй өндөр байгаа. Дундаж давхаргын хүн амынх нь тоо Англи улсын нийт хүн амаас 4 дахин их болоод байгааг шинжээчид онцолж буй. 2000-аад оны эхээр хот суурин газар амьдардаг иргэдийн дөнгөж 4% нь дундаж давхаргад хамаарагддаг байсан бол энэ тоо 2013 оны байдлаар 66%-д хүрсэн байна. Энэ хурдаараа өсвөл 2022 он гэхэд 75%-д хүрнэ гэсэн таамаглал байгаа юм.
За харин эхэнд өгүүлсэн тэргүүн баячуудын тухайд сонирхолтой баримт мэдээллүүд бий. Өнгөрсөн жил Хятадын хамгийн их хөрөнгөтэй мянган хүний 900 нь Коммунист намын гишүүд болоод төрийн албан тушаалтнууд гэдгийг “Хурун” сэтгүүлээс гаргасан “Hurun Rich List” илтгэж байсан юм. Энэхүү жагсаалттай холбоотойгоор “Форбес” сэтгүүлд Жон Ли өгүүлэхдээ “Бээжин эрх мэдлээ алдахгүйн тулд эдийн засгийн гол салбаруудыг хяналтандаа барьж байна” гэсэн байдаг. Тэрээр цааш өгүүлэхдээ “Гишүүн байж гэмээнэ эрх ямба эдэлнэ”. Ялангуяа Хятад улсад. Нийгмийн давхрагын шатаар өгсөхөд энэ нь зайлшгүй шаардлагaтай. Форбес сэтгүүлээс 2011 оны Хятадын тэргүүн 400 баяныг жагсаахад долларын тэрбумтан 146 бүртгэгдсэн нь дээд амжилт болсон юм. 2010 оны жагсаалтанд долларын тэрбумтан 128 байжээ. Эдийн засаг нь найман жил тутамд 2 дахин томорч байгаа улсад мега-баячуудын тоо нэмэгдэх нь гайхаад байх зүйл биш билээ. Гэхдээ Хятадын “Хурун” сэтгүүлээс жагсаасан “Hurun Rich List”-ээс харахад тэргүүлэгч 1000 баяны 90 хувь нь төрийн албан тушаалтан. Эсвэл Коммунист намын гишүүд байна. Энэ нь эрүүл бус тогтолцооны илэрхийлэл. Хятад улсын баялаг хэрхэн бүтээгдэж, хэрхэн хуваарилагддагийг нягтлаж үзвээс тус улсын төвлөрсөн удирдлагын тогтолцоо нь нийт хүн амдаа үйлчилдэг гэдэгт эргэлзэх шалтгаан бий болж байна.
1921 онд байгуулагдсан Хятадын Коммунист нам 2001 онд анх удаа бизнесмэнүүдийг эгнээндээ элсэхийг урьж байгаагаа зарласан юм. Тэр үеийн БНХАУ-ын дарга Зян Зэмин тийнхүү мэдэгдэхэд ажиглагчид алмайран хүлээж авсан гэхэд болно. Гэтэл энэ алхам нь 1989 оны үйл явдлаас хойш нэр хүндэд нь сэв суугаад байсан Хятадын Коммунист намын зүгээс эрх мэдлээ улам бататгаж, эдийн засгийг хяналтандаа бүрэн авах гэсэн бодлогынх нь хэрэгжилтийн нэгээхэн хэсэг гэдгийг хүмүүс төдийлөн анзаараагүй болов уу. Хятадын Коммунист нам нь эдийн засгийн хамгийн чухал бөгөөд ашигтай салбаруудад үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниудыг тусгай бодлогоор дэмжиж, дотоодын хувийн компаниудыг тэдэнтэй өрсөлдөх боломжгүй болгосон юм.
Жишээ нь, өнгөрсөн 10 жилийн хугацаанд улсын албан ёсны санхүүжилт буюу банкны зээлийн 2/3 нь хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр төрийн өмчит компаниудад олгогджээ. Тодруулбал, 2008-2010 oнуудад нийт банкны зээлийн 90 хувь нь ийм хэлбэрээр төрийн өмчит компаниудад очиж байсан бол одоо энэ хувь хэмжээ 80 хувьтай байна.
Ийм дэмжлэгийн үр дүнд улсын нийт баялгийн дийлэнхийг төв засгийн харьяалалтай 150, орон нутгийн засгийн харьяалалтай 120,000 төрийн өмчит компани хянаж байна. Үлдсэн хэсэгт нь 4 сая орчим хувийн компани, хэдэн арван саяар тоологдох жижиг аж ахуйн нэгжүүд ажиллаж байна. Төв Засгийн газрын харьяалалтай 150 компани нь улсын нийт хөдөлшгүй активын 2/3-ыг эзэмшдэг ба жил бүр Хятад улсын аж ахуйн нэгжүүдийн нийт орлогын тал хувийг эдгээр 150 компани бүрдүүлдэг гэх статистик нь гайхалтай байгаа биз?
Эдгээр ТӨК-уудын ихэнх нь хувьцаат компани боловч хөрөнгийнх нь 50-иас дээш хувь буюу 2/3 нь төрийн өмчид байдаг байна. Тэрчлэн яамны зэрэглэлтэй Төрийн Өмчийн Удирдлага, Хяналтын Хороо тэдгээр компаниудыг хариуцаж ажилладаг. Энэ байгууллага нь Коммунист намын Зохион байгуулалтын газартай зөвлөлдсөний эцэст ТӨК-уудын ТУЗ-ийг томилдог аж. Ийм ч учраас ТУЗ-ийн дийлэнх, Гүйцэтгэх удирдлагын 3/4 нь коммунист намын идэвхтэн гишүүдээс бүрдсэн байдаг.
Нам нь төрийг төлөөлж ТӨК-уудыг тусгайлан дэмжих бодлого явуулж байгаа нь бизнес эрхлэгчдийг намд элсэх замаар ч юмуу, ямар нэг байдлаар намын ивээлд багтах шаардлагатай болгож буйд асуудлын гол нь оршиж байгаа юм. Ерөөс тус улсын тэрбум гаруй хүн амаас намын дээд удирдлагатай сайн холбоотой цөөнх нь л баялгаас хавьгүй илүүтэй хүртэх боломжтой болж байгаа юм. Хятад улсын ядуурал 1979-1989 онуудад эрчтэй буурч эхэлсэн байдаг. Тэгвэл энэ нь ТӨК-ууд эдийн засагт нь давамгайлж эхлэхээс өмнөх цаг хугацааны асуудал гэдгийг өдгөө төдийлөн дурьдаад байдаггүй билээ.
Нэгэнтээ Хятад улс Азид баялгийн хамгийн тэгш хуваарилалттай улс байсан. Харин төрийн өмчит том компаниуд нь бизнест давамгайлах болсон үеэс эхлээд баялгийн хамгийн тэгш бус хуваарилалттай улс болж хувирсан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуураар үзэхэд Хятадын тэгш бус байдал Энэтхэг, АНУ, тэр ч байтугай Бразиль улсынхаас ч дор байна. Тус улсын 400 сая хүний бодит орлого сүүлийн 10 жилд өсөөгүй, ядуурлын хувь хэмжээ нэмэгдсэн байгаа юм. Хэдийгээр ТӨК-уудын орлого нь жил бүр 20-30 хувь өсч ирсэн ч, дундаж өрхийн орлого ердөө л 2-3 хувь нэмэгджээ.
Хятадын хамгийн чинээлэг иргэдийн баяжсан угшил нь дандаа улсын өмч давамгайлсан үл хөдлөх хөрөнгө, барилга, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, харилцаа холбоо гэсэн салбаруудтай холбогддог. Тэд хамгийн сайн газар, зах зээлийн түвшнээс доогуур хүүтэй зээлийн санхүүжилт, хямд хөрөнгө зэрэгт тулгуурлан баяжсан байдаг. Бүр зарим нь иргэдээс хууль бусаар хураан авч, төрийн нэр дээр бүртгэгдсэн зүйлс дээр тулгуурлан хөрөнгөжсөн байдаг. Гол нь тэгж баяжсан хүмүүс бараг бүгдээрээ коммунист намын албан тушаалтан эсвэл гишүүд байдаг аж. Хятадын Коммунист нам одоо 85 сая гишүүнтэй. Дээрээс нь 80-100 сая бэлтгэл гишүүд бий.
Тэгэхээр Хятадын Төрийн өмчит бизнесийн шинэ үеийн түүхэн дэх хаана ч байгаагүй их өсөлт зогссон тэр үед л бусад зуу зуун сая иргэд, хувийн бизнесүүд эдийн засгийн болон бизнесийн тэгш эрхтэй боломжид хүрнэ. Гэхдээ Коммунист нам эдийн засгийн эрх мэдлээ тавихыг хүсэхгүй байхад энэ нь хэрэгжихгүй л болов уу. Коммунист намын хүч чадал, эрх мэдэл нь материаллаг бааз, боловсон хүчнийг хянаж байгаад оршиж буй юм. Цөөн баячуудын хувьд энэ нь сайн байж болох ч, нийгмийн шатлалд хөлөө олох гэж ядаж байгаа тэрбумаар тоологдох бусад иргэдийн хувьд сайн зүйл биш ажээ.
Сэтгэгдэл ( 0 )