Сүүлчийн ил захидал ба Үнэний дээд шүүхийн өмнө очих цаг...

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 30

 

 Иракийн дайны ахмад дайчин, тэнгисийн явган цэрэг Томас Ёнг АНУ-ын эрх баригчдад хандан илгээсэн Ил захидлыг хүргэж байна. Тэрээр захидалдаа “Үнэний дээд шүүхийн өмнө очих миний цаг ирж байна. Та нарынх ч бас ирнэ ээ! Та нар бас шийтгэл гэсгээлээ амсана гэдэгт би найдаж байна. Гэхдээ би та нар намайг болон надаас өөр, өдийд амьд сэрүүн, эрүүл саруул явах учиртай байсан олон олон над шиг хүмүүсийг чухам ямар болгосноо хүлээх ёс суртахууны тэвчээр хаттай байгаасай гэж хамгийн их хүсч найдаж байна.

 

Би энэхүү захидлыг Иракийн дайн эхэлснээс хойш 10 жилийн дараа энэ дайнд оролцсон цэрэг нөхдийнхээ нэрийн өмнөөс бичиж байна. Би үүнийг Иракт амиа алдсан америкийн 4488 тэнгисийн явган цэрэг болон бусад цэргүүдийн нэрийн өмнөөс бичиж байна.

 

Би энэхүү захидлыг энэ дайнд оролцож эрэмдэг зэрэмдэг болсон зуу зуун мянган шархдагсад, энэ дайнаас авсан бие сэтгэлийн шархнаасаа болж амь амьдрал нь сүйрсэн цэрэг эрсийн нэрийн өмнөөс бичиж байна.

 

Би үхлийн шарх авсан тэдгээр дайчдын нэг бөгөөд 2004 онд Садар хотод босогчдын отолтод өртөж одоо хөдлөх чадваргүй болтлоо шархдсан юм. Одоо миний амьдралын сүүлчийн мөч ирж байна. Би эмчилгээгүй өвчтөнд үзүүлдэг асаргаа сувилгаанд байгаа.

 

Би энэхүү захидлыг өөрийн хань ижилээ алдсан эхнэрүүд нөхрүүдийн өмнөөс, эцэг эхээ алдсан үй олон хүүхдүүдийн өмнөөс, хөвгүүд охидоо алдсан эцэг эхүүдийн өмнөөс, мөн миний нэгэн адил үхлийн шарх гэмтэл авсан, эрэмдэг зэрэмдэг болсон олон мянган цэрэг нөхдийнхөө өмнөөс бичиж байна.

 

Би энэхүү захидлыг Иракт үүрэг гүйцэтгэж явахдаа үзэж харсан тэр аймшигт зүйлүүдэээсээ болоод сэтгэл санааны гүн гүнзгий цочирол, хямралд өртөж эцэст нь амиа хорлосон, бас одоо үүрэг гүйцэтгэж байгаа тэнгисийн явган цэргүүдийн өмнөөс бичиж байна. Тэнд одоо дунджаар өдөрт нэг америк цэрэг цөхрөл, мухардлаас болж амиа хорлож байна!

 

Би энэхүү захидлыг Иракийн газрын тосноос болж алагдсан 1 сая орчим иракчууд, одоо тоогийг нь тогтоох боломжгүй болсон шархдаж, хүнд гэмтэж эрэмдэг зэрэмдэг болсон жирийн хүмүүсийнх нь өмнөөс бичиж байна.

 

Би энэхүү захидлыг та нарын өдөөсөн тэр дайнаас гэмтэл шарх авч хүний биеийн тасархайнууд болж үлдсэн, үлдсэн бүх амьдралынхаа турш эцэс төгсгөлгүй өвдөлт, зовлон гасланд өнгөрөөх болсон тэр хүмүүсийн өмнөөс бичиж байна. 

 

Та нар шударга шүүхээс бултаж мэдэх юм. Гэвч та нар бузар булай энэ дайныг өдөөсөн, дээрэм тонуул хийсэн, бүр цаашилбал мянга мянган америк залуусын амь амьдрал, ирээдүйг сүйтгэж алсан энэ гэмт хэрэгт буруутай хүмүүс шүү. 

 

Би энэхүү сүүлчийн захидлаа ноён Джордж Буш, ноён Дик Чени та нарт хандан бичиж байна. Үүнийг бичиж байгаагийн учир нь та нар хувийнхаа эд баялаг, өмч хөрөнгө, хувийнхаа ашиг сонирхол эрх мэдлийн төлөөх ёроолгүй шуналдаа хөтлөгдөж худал хэлж байсан, элдэв арга заль мэх зохиож байсан (бидний тархийг угаасан) явдал чинь хүний ёс суртахуун болоод хүнлэг ёсыг уландаа гишгэж ийм аймшигтай үр дагавруудад хүргэсэсэн гэдгийг эрхбиш ойлгоно байх гэж бодсон, найдсан учраас тэр юм аа.

 

Би одоо үхэхийнхээ өмнө энэхүү сүүлчийнхээ захидлыг бичиж байгаагийн учир нь энэ дайнд оролцсон миний нөхөд - мянган мянган цэрэг дайчид, тэдний зэрэгцээ манай сая сая энгийн иргэд, Ирак болон Ойрхи Дорнодын зуу зуун сая энгийн номхон хүн ардууд та нарыг чухам хэн болохыг чинь ойлгоосой гэсэндээ бичиж байгаа юм.

 

Та нарын тэр их эрх мэдэл, хувийн өмч хөрөнгө болох сая сая долларууд чинь, хүмүүсийн тархийг угааж эргүүлэхэд тусалдаг тэр зөвлөхүүдүүд чинь; өндөр эрх дарх, хүч нөлөө чинь та нарын тэр хуурамч гаднах дүр төрхийг чинь цашид халхалж чадахгүй ээ! Ноён Дик Чейни та өөрөө Вьетнамын дайнд цэрэгт явахаасаа бултан зайлж байсан, ноён Буш та өөрөө Үндэстний гвардиас чөлөөгүй оргон зайлж байсан хирнээ бид нарыг өөрсдийнхөө хувийн эд баялагийн шуналын төлөө хүн алж талцгаа бас өөрсдөө үхэцгээ хэмээн Ирак уруу илгээсэн билээ.

 

Та нарын энэхүү хулчгар хуурамч гаднах төрх байдал, зөвхөн амин хувиа хичээсэн зан араншин чинь хэдэн зуун арван жилээр тогтож бүүр хэвшсэн цаад мөн чанар чинь шүү дээ.

 

Та нар өөрсдөө бол улс үндэстнийхээ төлөө амиа өрсөхийг хүсээгүй мөртлөө одоо зуу зуун мянган эрчүүд ба эмэгтэйчүүдийг ийм утга учиргүй эзлэн түрэмгийлж булаан эзлэх дайнд ердөө хогоо гадна гарган асгаж байгаатай адил илгээж байсаан.

 

Би 2001 оны 9 сарын 11-ний халдлагын дараа л цэрэгт явсан билээ. Миний цэрэгт явсны шалтгаан бол тэр үед миний Эх орон гаднын дайралтанд өртсөн гэж та нар өдөр шөнөгүй тархи угааж сурталчилж байсан явдал байсаан. Тэр үед манай 3000 гаруй иргэн энэхүү халдлаганд амь үрэгдсэн гэж та нар ярьж ухуулж ятгаж баталж байсан учраас л би тэр дайснуудад хариуг нь өгөхийг хүссэн юм.

 

Хэрэв Ирак улс 2001 оны 9-р сарын 11-ны дайралтанд оролцоогүй гэдгийг мэдэж байсан бол мөн хөрш улс орнууд нь АНУ-д аюул занал учруулж байна гээгүй байсансан бол тэр үед би Ирак-т явна гэж цэрэгт мордохгүй байсаан. Би Иракийн ард түмнийг та нарын ухуулж ятгаад байдаг тэр “дарангуйллаас нь чөлөөлөх” гэж, хожим хоосон үлгэр домог болж хувирсан тэрхүү "үй олноор хөнөөх зэвсгийг" нь устгах гэж, Багдад болон Ойрхи Дорнодод та нарын тэр цаанаа ёжтойхон хэлээд байдаг "ардчилал" гэгчийг чинь тогтоох гэж би цэрэгт яваагүй ээ.

 

Tа нарын бас ярьдгаар Иракийн газрын тосноос орох орлогоор хийгдэх Иракийн сэргээн босголтод оролцох гэж би цэрэгт яваагүй ээ. Гэвч энэ дайн чинь АНУ-аас 3 триллион доллар зарлагадахад хүргэсэн шүү дээ! Би бас өрсөж цохилт хийх дайн гэгчид чинь оролцох гэж цэрэгт яваагүй ээ. Өрсөж цохилт хийх дайн гэгч чинь олон улсын эрхзүйн хэм хэмжээгээр бол хууль бус юм шүү.

 

Иракт цэргийн үүргээ гүйцэтгэж байхдаа би та нарын энэ ёроолгүй тэнэглэл, гэмт хэргийн чинь хамсаатан болж байсаан.

 

Иракийн дайн бол АНУ-ын хувьд стратегийн хамгийн муйхар алдаа байсан билээ. Энэ дайн бол Ойрхи Дорнод дахь хүчний харьцааг бүрэн алдагдуулсан юм. Хүний ёс суртахуун, цаашдын стратеги, цэрэг - эдийн засгийн бүх талаасаа Иракийн дайн бол АНУ-ын хувьд жинхэнэ том алдаа, сүйрлийн эхлэл нь байсан юм.

 

Энэхүү алдаа-сүйрлийн эзэд бол ноён Джордж Буш, ноён Дик Чейни та нар байсан шүү дээ.  Ийм учраас энэ бүхний үр дүнг та нар л бүрэн хариуцах ёстой!

 

9 сарын 11-ний дайралтыг хийсэн гэгддэг Афганистанд байлдаж яваад ингэж шархадсан бол би энэхүү захидлыг бичихгүй байх байсаан. Би тэнд шархадсан байлаа ч, миний бие эрүүл мэндийн доройтол, одоо гарцаагүй болсон үхэл гээд ямар л олигтой байв гэж дээ. Гэсэн ч би өөрийн хайрт Эх орноо хамгаалж яваад ийм болсон гэдгээсээ жаахан ч гэсэн уужрал тайтгарлыг авах байсан биз ээ. Гэвч огтхон ч тийм бус билээ!

 

Үнэнийг хэлэхэд, миний бие эрүүл мэнд өдөр хоногоор сулран доройтсоор байна. Та нарын газрын тосны хувийн компанийн өчүүхэн тэр шунал тачаал, Саудын Арави дахь газрын тосны эзэд шеихүүд болон та нарын тэр хамтарсан бизнесүүд, мөн та нарын тэр дэлхийн эзэрхэг гүрнийг байгуулах тухай галзуу солиотой бодлын чинь төлөө золисон зуу зуун мянган хүний амь нас, бие эрүүл мэнд, түүний дотор энэ дайны золиосууд болсон тэр олон мянган гэмгүй хүүхдүүдийн нэгэн адил миний бие одоо сульдан доройтсоор байна.

 

Энэ дайнд оролцож тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болсон олон олон мянган цэрэг ахмад дайчид одоо болохоор "Дайнд оролцогчдод туслах байгууллага"-ын чинь хангалтгүй, мөн идэвхгүй, ямар ч хайхрамжгүй асрамжаас чинь болж зовж шаналж зүдэрсээр байгааг ч энд хэлмээр байна. Tахир дутуу болсон тэр олон цэрэг дайчид болон би ч гэсэн бас бид бүхний бие, сэтгэлийн шарх зовлон шаналал та нарт болоод бусад улс төрчдөд огт хамаагүй болохыг одоо бүүр сайн ойлгож байгаагаа бас энд хэлмээр байна.

 

Бид нар бүгд та нарт хууртаж ашиглагдчихжээ! Бид бүхэн та нарт мэхлэн залилуулж хууртагдчихжээ!  Одоо болохоор бид бүгд цөмөөрөө та нарын хэнд нь ч хэрэггүй хаягдсан байгаа шүү дээ.

 

Эрхэм Буш! Та Христийн шүтлэгтэн болж их дүр исгэдэг хүн шүү дээ. Худлаа ярина гэдэг чинь нүгэл биш гэж үү? Хүн алж тална гэдэг нүгэл биш гэж үү? Хулгай дээрэм тонуул хийж хувиа хичээн шунан тачаадаж байгаа чинь нүгэл биш гэж үү дээ?

 

Би өөрөө Христийн шүтлэгтэн биш л дээ. Гэхдээ би Христосын эрхэм дээд эрмэлзлэлд нь итгэдэг нэгэн. "Та бусад хүмүүст юу хийж байна, тэр зүйлээ өөртөө бас хийж байгаа" гэсэн сургаалд нь би итгэдэг.

 

Үнэний Шүүхийн өмнө очих миний цаг ойртон ирж байна. Та нарынх ч бас ирнэ ээ. Та нар шийтгэл гэсгээлээ хүлээх болноо.

 

Гэхдээ би та нар намайг болон надаас өөр, өдийд амьд сэрүүн, эрүүл саруул явах учиртай байсан олон олон над шиг хүмүүсийг чухам ямар болгосноо хүлээх ёс суртахууны тэвчээр хаттай байгаасай гэж хамгийн их хүсч найдаж байна.

 

Миний амь амьдрал ингээд дуусаж байгаагийн нэгэн адил, та нарын ч ялгаагүй амь амьдрал дуусахаас өмнө та нар Америкийн ард түмний өмнө, ер нь бүх хүн төрөлхтний өмнө, хамгийн гол нь Иракийн ард түмний өмнө уучлал өршөөл гуйх сэтгэлийн хат тэнхээтэй байгаасай гэж хүсэх байна даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top