Тайландын Ерөнхий сайд Йинглак Шинаватра тэргүүтэй Засгийн газрын эсрэг олон хоног үргэлжилж байгаа билээ. Эсэргүүцлийн жагсаалыг толгойлж буй өмнөх Ерөнхий сайдын орлогч Сутер Таугсубан жагсагчдыг цагдаагийн удирдлагууд руу дайрч, тэднийг авч хаяхыг уриалсан байна. Ерөнхий сайд Йинглак Шинаватратай нууцаар уулзаж, эрх мэдлээсээ татгалзах хоёр өдрийн тулган шаардлага өгөөд буй Сутер Таугсубан сүүлийн үед олны өмнө ихээр гарч, үг хэлэх болсон юм. Харин түүнийг Тайландын шүүхээс бослого, үймээн дэгдээсэн хэргээр баривчлахаа анхааруулжээ. Сутер Таугсубан нь уурссан ард иргэдээр далимдуулан Йинглак Шинаватрагийн Засгийн газрыг огцруулж, сонгуулиар ялагдал хүлээсэн “Ардын зөвлөл”-д эрх мэдлийг шилжүүлэхээр оролдож байгаа аж.
Тайландын жагсагчид өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын байр, яамд руу уулгалан дайрч, заримыг нь эзэлсэн билээ. Мөн тэд цэргийнхнийг жагсаалд нэгтгэн төрийн эргэлт хийх зорилгоор армийн удирдлагуудын байр руу халдсан удаатай юм. Тайландад өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нөөс эхэлсэн эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн ням гаригийг хүртэл харьцангүй тайван болж байсан юм. Гэвч өчигдөр Тайландын жагсагчид гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг, салют зэргээр зэвсэглэн цагдаа нартай ширүүн мөргөлдөөн хийсэн байна.
Тайландын ард иргэд Ерөнхий сайд Йинглак Шинаватраг 2006 онд цэргийн эргэлтээр төрийн эрхээс зайлуулагдсан Таксины заавраар ажиллаж байна хэмээн сэрдэж байгаа юм. Үүний хажуугаар Йинглак Шинаватра ахыгаа өршөөлд хамруулах зорилготой өршөөлийн хууль санаачлан Засгийн газраар батлуухаар оролдсон нь түүний эсрэг ард иргэд босоход хүргэсэн юм байна.
Сэтгэгдэл ( 0 )