Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун 2011 оноос хойш улсаа удирдаж байгаа. Эцэг Ким Жөн Ир нас барсны дараахан тэрээр ийнхүү тус албыг хаших болсон билээ. Энэ хугацаанд тэрээр удирдах дээд албан тушаалтнуудын дунд нэг бус удаа "цэвэрлэгээ" явуулж, байр сууриа бэхжүүлсээр буй. Хамгийн сүүлд гэхэд Умард Солонгосын Үндэсний Батлан хамгаалахын хорооны орлогч даргаар ажиллаж байсан авга ах Чан Сон Тхэкийг албан тушаалаас нь огцруулсан байж болзошгүй гэх мэдээллийг Өмнөд Солонгосын Тагнуулын Үндэсний агентлагаас мэдээлжээ. Учир нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Чан Сон Тхэкийн ойрын хоёр туслах авлигын хэрэгт буруутгагдан цаазлуулсан юм. Тэр цагаас хойш Чан Сон Тхэк олны өмнө харагдахгүй байгаа аж.
Чан Сон Тхэк нь БНАСАУ-ын удирдагч агсан Ким Жөн Ирийн отгон дүү, генерал Ким Гён Хигийн нөхөр. Улсынхаа хоёрдугаар хүнд тооцогдож байсан тэрээр 67 настай юм. Албан тушаалаасаа огцорсон нь батлагдвал энэ нь төрийн эрхэнд гарснаас хойш Ким Жөн Уны хийсэн хамгийн том эрс шийдэмгий өөрчлөлт болох юм хэмээн ажиглагчид онцолж байна. Учир нь Чан Сон Тхэк БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ирийг өвчтэй байсан цагаас улсаа хөшигний араас удирдаж байсан гэх. Мөн тэрээр одоогийн төрийн тэргүүнийг хар багаас нь удирдагчийн эрдэмтд сургах үүрэг хүлээж байсан аж. Ким Жөн Ир нас барсны дараа Чан Сон Тхэк болон Ким Жөн Ун нар төрийн эрхийг булаацалдаж магадгүй гэсэн таамгийг ажиглагчид дэвшүүлж байв.
Чан Сон Тхэк мөн эдийн засгийн шинэчлэгч аж. Тэрбээр Пхеньяны гол холбоотон болох Хятадтай харилцах асуудлыг хариуцан ажиллаж байсан гэдэг. Тиймээс ийнхүү түүнийг огцруулсан нь үнэн бол энэ нь асар том өөрчлөлтөд болох юм.
Чан Сон Тхэк нь 1970 онд Солонгосын Ажилчны намд элсэж байжээ. Түүнээс хоёр жилийн дараа тэрээр тухайн үеийн удирдагч, мөнхийн Ерөнхийлөгч Ким Ир Сений охин Ким Гён Хитэй гэрлэж байжээ. 1992 онд Намын төв хорооны гишүүн болж байсан ч үзлээсээ болж, хэлмэгдүүлэлтэд өртөн шахагдаж байсан нэгэн аж. Харин 2006 онд улс төрдөө эргэн ирсэн гэдэг. Тэрбээр 2011 онд Умард Солонгосын Үндэсний батлан хамгаалах хорооны орлогч даргаар ажиллах болсон ч ийнхүү огцорсон бололтой.
Сэтгэгдэл ( 0 )