Өмнөд Суданд иргэний дайн нүүрлэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 18

Өмнөд Суданд иргэний дайн нүүрлэж болзошгүй талаар дэлхий нийт шуугиж эхэллээ. Ердөө ганц өдрийн дотор 500 орчим хүн амиа алдсан бослого хөдөлгөөн тэмцлийн галыг тус улсын эрх баригчид унтрааж хүчрэхгүй болжээ. Зөвхөн ням гаригт л гэхэд олон мянган хүн гэмтэж, хэдэн зуун хүн золиос болсон ба цөөнхийн эсэргүүцэл ийм хэмжээнд хүрнэ гэж тооцоолоогүй Салва Кир армийн хүчээ ашиглахаар шийдсэн байна.

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсын ерөнхийлөгч Салва Кир өнгөрсөн долоодугаар сард дэд ерөнхийлөгч Рьек Мачарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ явдал түүнийг дэмжигчдийн эгдүүцлийг хүргэж, төрийн эргэлт хийхээр бослого хийн, үймээн дэгдээж байгаа. Саяхныг болтол цөөн тооны эсэргүүцэгчийн жагсаал төдийгөөр хязгаарлагдаж байсан тэмцэл ийнхүү хурцадсан нь НҮБ-ын анхаарлыг татаж, энэ асуудлаар шуурхай зөвлөгөөн хийсэн байна.

Үүний дараа НҮБ-ын шинжээчид Өмнөд Суданд иргэний дайны болзошгүй нөхцөл үүссэн ба дүрвэгсдийн асуудалд нэн яаралтай анхаарал хандуулах шаардлагатай гэж үзжээ.

Одоогоор 20 мянга гаруй дүрвэгч НҮБ-ын хамгаалалтад, Жубы хотын захад оршдог хоргодох байранд байрлажээ. Гэтэл одоо дүрвэгсэд хоол, цэвэр ус, эмнэлгийн хэрэгсэл, халдварт өвчнөөс сэргийлэх эм бэлдмэлээр дутагдаж, өлсөглөнгийн аюул нүүрлэжээ. Үүнээс гадна энгийн иргэд хил даван дүрвэх явдал гаарч, хөрш орнуудын заагийн маргаан ч дэгдсэн байна.

Өнөөгийн нөхцөл байдлыг Өмнөд Суданы эрх баригчид Рьек Мачартай холбон, түүнийг буруушааж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь гал дээр тос нэмсэн хэрэг болж, эсэргүүцэгчид Ерөнхийлөгчийн ордон руу дайрчээ.

Өмнөд Суданы хувьд 2011 оноос Суданаас салан тусгаарласан ба өнөөдрийг хүртэл бослого хөдөлгөөн, терроризм тасраагүй. Энэ байдлыг НҮБ хараандаа авч, энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж буй ч тодорхой үр дүнд хүрээгүй. Үүнийг Орос тэргүүтэй гүрнүүд хүчтэй шүүмжилдэг.

Өмнөд Судан найман сая гаруй хүн амтай. Дийлэнх нь хар арьст нутгийн иргэд, христийн шашинтан, нутгийн уугуул мөргөлтэй хүмүүс байдаг. Албан ёсны хэл нь англи болов ч нилот, адамава убанги хэлээр түлхүү яридаг.

Дэлхийн банкны хамгийн сүүлд гаргасан тайлангаар хамгийн ядуу орны тоонд орсон. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбар нь үндсэндээ хаягдсан.  Улсын төсвийг бүрдүүлэгч гол эх үүсвэр нь газрын тос хэдий ч томоохон ордууд нь гадныхны мэдэлд байдаг ба авлигын сүлжээ нийгмийн бүх давхаргад тархсан.

НҮБ, ДЭМБ-ын толгойн өвчин болсон тус улсад булчин задрах тахал, халуун хумхаан халдвар их. ДОХ-ын халдвараараа дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. НҮБ-ээс гаргасан  тайлангаас үзвэл 2008 оны байдлаар энэ улсын насанд хүрэгчдийн 15 хувь нь ДОХ-ын халдвартай байжээ.

Манай улс Өмнөд Суданы сөргөлдөөнд энхийг сахиулах байр сууриас оролцож байгаа. Үүний дагуу өнгөрсөн сард 850 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй батальон Өмнөд Суданыг зорьсон ба энэ сард мотобуудлагын батальон олон улсын цэргийн сургалтад хамрагдах хуваарьтай ажээ.

Үүний өмнө хоёр ээлжийн цэргийн бүрэлдэхүүнтай баг Өмнөд Суданд алба хаасан. Энэ хугацаанд хоёр монгол цэрэг золгүй байдлаар амиа алдсан.

Өнгөрсөн онд маргаант бүсээс цэргээ татсан Өмнөд Суданы гадаад байдал намжмал болсон ч ийнхүү дотоодын асуудал нь хурцдаж, дайн болж болзошгүй энэ үед Монголын цэргүүд чухам ямар үүрэг гүйцэтгэх нь одоогоор тодорхойгүй байна.

Д.Маргад

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top