Америк, Хятадын байлдааны усан онгоц мөргөлдөх шахжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 19

Энэ сарын 5-нд Хятад улсын байлдааны хөлөг онгоц АНУ-ын  усан онгоцтой мөргөлдөх шахсан талаарх мэдээлэл барууны хэвлэлээр цацагдсан. Харин өнөөдөр Хятадын талаас энэхүү мэдээллийг үнэн болохыг баталгаажууллаа.

Хятадын “Liaoning” АНУ-ын “USS Cowpens” байлдааны усан онгоцууд хоорондоо мөргөлдөх шахсан бөгөөд энэ нь 2009 оноос хойш Хятадын өмнөд тэнгист гарсан анхны онц байдал юм.     АНУ-ын хөлөг онгоц далай тэнгисээр ажиллаж явсан бөгөөд мөргөлдөөн болох дөхсөн нь санаамсаргүй зүйл хэмээн эрх баригчид тайлбарлаж байв. Харин Хятадын хэвлэлийн мэдээлж буйгаар АНУ-ын “USS Cowpens” Хятадын хөлөг онгоцыг нууцаар дагаж, үйл ажиллагаанд нь саад учруулж байсан хэмээжээ.

Мөргөлдөөний үеэр хоёр тал шуурхай арга хэмжээ аван чиглэлээ өөрчилж, болзошгүй аюулаас сэргийлж чаджээ.

Энэхүү үйл явдал Хятадын гаргасан шийдвэрийн дараахан болсон нь ажиглагчдын анхаарлыг татаад байгаа юм. Учир нь өнгөрөгч долоо хоногт Японы зарим арал орших Хятадын өмнөд тэнгисийг Хятад улс өөрийн агаарын хамгаалалтын бүс болгон тогтоосон нь АНУ, Япон, Өмнөд Солонгосын дургүйцлийг хүргээд байсан юм. Хятад улс ийм  нэг талыг баримталсан шийдвэр гаргахаас татгалзах хэрэгтэй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри мягмар гарагт мэдэгдсэн.

Өмнө нь 2009 онд Хятадын байлдааны таван усан онгоц тус далайд эргүүл хийж явсан АНУ-ын зэвсэглээгүй  усан онгоцны үйл ажиллагаанд саад учруулж  байсан талаар мэдээлэл цацагдаж байсан удаатай. Энэ явдлын тухай хятадын талаас өөрийн мэдлийн газар нутагт үйл ажиллагаа явуулж байсан төдий гэсэн хариулт өгч байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top