Дэлхийн металлын зах зээл өнгөрсөн арваннэгэн сарын хугацаанд тонн зэсийн дундаж үнэ 7336,9 ам.доллар байсан байна. Энэ нь өмнө оны мөн үеийн дундаж үнэ болох 7951,56 ам.доллартой харьцуулахад 7,73 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Энэ оны эхнээс зэсийн зах зээл дээр илүүдэл үүсч эхэлсэн юм. Үүнд өнгөрөгч оны 10,11,12 дугаар сард боловсруулсан зэсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдсэн нь нөлөөлсөн. Хятад улсын ихэнх хайлуулах үйлдвэрүүд хоёрдугаар сарын эхээр зэсийн баяжмал нөөцлөх үйл ажиллагаагаа зогсоосон. Цагаан сарын баяр болон Хятадын коммунист намын их хурлын дараа бүтээн байгуулалтын ажил эхэлж зэс болон бусад металлын үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан ч Хятадын засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ хяналтын бодлого хэрэгжүүлэхээ зарласан нь хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулж улмаар зэсийн нөөцийн хэмжээ 3 дугаар сарын сүүлчээр Шанхайн бирж дээр 3 хувиар, Лондонгийн металлын бирж дээр 2875 тонноор нэмэгдэж 565350 тонн болж байсан нь зэсийн эрэлт сул байгааг үзүүлж байсан.
Сүүлийн үед үнэт болон өнгөт металлын үнэ буурсаар байгаа ба үүнд Хятад улсад зээлийн бодлого чангарч эхэлсэн нь нөлөөлсөн. Цаашид зэсийн хүдэр болон бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэх боловч хэрэглээ сул хэвээр байгаа тул зэсийн үнэ буурах хандлагатай байгаа ба ойрын болон дунд хугацаандаа зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр 6900-7300 ам.доллар/тн-ын хооронд, Шанхайн бирж дээр 49000-53000 юань/тн-н хооронд хэлбэлзэх хандлагатай байна. Гэвч сүүлийн үед Лондонгийн металлын биржийн зэсийн нөөц буурч байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа бөгөөд энэ тохиолдолд үнэ өсөх нь тодорхой гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )