Цайрын баяжмалын арилжаа сул байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

Дэлхийн зах зээл дээрх цайрын дундаж ханш оны эхний арваннэгэн сарын байдлаар 1904,26 ам.доллар байлаа. Үүнийг өмнөх оны мөн үеийн  дундаж үнэ 1939,62 ам.доллартой харьцуулахад 1,82 хувиар  буурсан үзүүлэлттэй  байна.

Энэ оны эхний хагас жилд Киприйн асуудал болон АНУ-ын долларын  ханш чангарснаас шалтгаалан цайрын үнэ нилээд хэмжээгээр буурсан. 2013 онд Хятад улс  үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ бодлого хэрэгжүүлэхээ зарласнаар түүхий эдийн зах зээл сэргэх итгэлийг бууруулсан. 2 дугаар  улирал нь түүхий эдийн борлуулалтын оргил үе байдаг ч цайрын хэрэглээ сул хэвээр байсан тул  үнийн бууралт цаашид үргэлжилсэн. 8-9 сард нэмэгдэж байсан цайрын үнэ Хятад улсын мөнгөний нийлүүлэлтийн бодлого чангарах нь гэсэн мэдээллээс шалтгаалан буурч эхэлсэн байна.  2013 оны 1-8 сарын хооронд цэвэршүүлсэн цайрын нийт  бүтээгдэхүүн 8633 сая.тн-д хүрсэн ба хэрэглээ нь 8593 сая.тн-д хүрснээр 70000тн  цэвэршүүлсэн цайрын илүүдэл зах зээл дээр байна гэж IZLSG (International Lead and Zinc Study Group)-с мэдээлсэн байна.

2013 оны 3 дугаар улиралд цайрын баяжмалын зэх зээл тогтвортой байна. 10 дугаар сарын сүүлчээр 50 хувийн  агуулгатай цайрын баяжмалын үнэ тонн нь 100 юаниар нэмэгдсэн ба Хятад улсын зах зээл дээр цайрын баяжмалын нийлүүлэлт хангалттай байсан. Цайр хайлуулах үйлдвэрүүдийн хэрэглээ сул байгаагаас цайрын баяжмалын арилжаа маш бага хэмжээнд явагдаж байна. Одоо зах зээлийн идэвхгүй улирал ирж байгаа тул цайрын химийн бүтээгдэхүүний зах зээл сайжрахгүй нь тодорхой байна. Иймд үнийн хувьд ойрын хугацаанд нэмэгдэхгүй гэж шинжээчид  үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top