Тэр Гитлер, Сталин хоёртой эн зэрэгцэх ёстой

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 26

Өнөөдөр Хятадын Их удирдагч Мао Зэдун мэндэлсний 120 жилийн ой. Одоо энэ баярыг консервативууд л тэмдэглэдэг бөгөөд залуучууд үүнийг түүхэн өдөр гэдгээр нь л мэднэ.

Өнөөдөр галын наадам, баярын жагсаал болсонгүй. Гэхдээ хятад хүн бүр Их удирдагчаа дурсаж байна. Өглөөний 9:00 цагт хятадын Ерөнхийлөгч Си Жинпин удирдагч агсанд хүндэтгэл үзүүлжээ. Ер нь үеийн үед дуурсагдах Их удирдагч Мао Зэдун гэж хэн бэ. Түүний талаарх монголчуудын ойлголт хэтэрхий нэг талыг баримталсан гэдэгтэй одоо маргах хүн байхгүй биз ээ. Харин Маог барууныхан юу гэж дүгнэдэг талаар орчуулагч А.Цэрэнчулууны орчуулснаар хүргэж байна.

Мао Зэдун 1893 оны 12-р сарын 26-нд Хунан мужийн Шао Шаны үзэсгэлэнт хөндийд төржээ. Аав нь тариачин, гахайчин байсан тул тарчигхан орлоготой, эгэл нэгэн байлаа. Ээж нь буддист бөгөөд хүүгээ аварч өршөөхийг бурхнаас үргэлж залбирч гуйдаг байжээ. Мао багаасаа сэргэлэн цовоо, дүрсгүй хүүхэд байлаа. Тэр уламжлалт ёсыг огтхон ч хүндэтгэдэггүй байсан бөгөөд түүгээрээ ч амжилтад хүрч, аймшиггүй нэгэн болсон гэдэг. Тэр ерөөсөө хоёрхон зүйлд л итгэдэг байсан ажээ. Нэг нь хувьсгал, нөгөө нь өөртөө итгэх явдал.

Өөрийн хэрцгий догшин зан авир, хүнийг үзэн ядах байдлаараа Гитлер, Сталин хоёртой зовлонгүй эн зэрэгцэх хүн билээ. Гэлээ ч гэсэн Хятадад түүнийг нэгэн шинэ шашныг үндэслэгч мэт бүгд л бишрэн хүндэтгэдэг. Тэр ч байтугай хохирогчдын ар гэрийнхэн нь хүртэл хүндэлнэ гээч. Түүхэн гэмт хэрэгтэн Маогийн юу нь ингэж олныг сэтгэлийг татдаг юм бол. Улааны дарангуйлагч Бээжингийн Мавзолейд байдаг Маогийн занданшуулсан шарилыг үзэх гэж мянга мянган хятад иргэн өдөр болгон дугаарлацгааж байдаг. Мао амьд байна. Алс Дорнодын тэрбум гаруй хүнтэй ард түмний эдийн засгийн амжилтад түүний шарил бүр эрч хүч нэмж байгаа юм шиг харагдах ажээ.

1949 онд Мао Дундадын их гүрнийг байгуулсан билээ. Өнөөдөр түүний дэлхийчлэгдсэн Хятадын тухай үзэл бодол хятад хүмүүсийн нэгдмэл үзэл болж байна. Бараг бүх хотод Маогийн чулуун болон хүрэл хөшөө байдаг ажээ. Тэр хөшөөнд сөгдөн зовлонгоо дэлгэж, горьдлого тавин яваа хүмүүс зөвхөн хөгшин авгайчууд биш билээ.

Хятадын коммунистуудын түүхэн үлгэр, 1960-аад оны барууны босогч залуусын үлгэр дууриал, гэрэлт бамбар нь болж байсан бол одоо нэлээд тод ялгаатай болж байна. Нэгэн цагт Маогийн хамгийн дотны хүн бөгөөд удаан жилийн хамтран зүтгэгч байсан америк иргэн судалгааныхаа материалд "Мао бол түүхэн удирдагч бөгөөд түүхэн том гэмт хэрэгтэн юм” хэмээн тодорхойлжээ.

Маог 1976 онд нас барахад зөвхөн хятад даяар гашуудаад зогссонгүй. Дэлхийн оюуны гэрэлт цамхаг хэмээн тэр үеийн францын төрийн тэргүүн Жискард дЭстейн үнэлжээ. Тэр үеийн АНУ-ын гадаад хэргийн сайд Хенри Киссенжер “Талийгаач Мао бол манай үеийн титан” хэмээн хэлсэн байдаг. Дөнгөж хэдэн жилийн өмнөөс их даргыг домгийн ертөнцөөс ангижруулсан бөгөөд Юанг Чангийн “Мао, нэгэн эрийн амьдрал, нэгэн ард түмний хувь заяа“ гэдэг номондоо: "Түүний дарангуйлалд өртөж, буудуулж, зодуулж, өлсөж үхсэн хүний тоо 70 сая хол давсан тухай бичжээ. Ийнхүү түүний хороосон хүний тоо XX зууны их яргачин Гитлер, Сталин нарынхаас ч хол давжээ. 17 настай Мао мужийн нийслэлд очин суралцаж, шүлэг бичин шөнө дөл болтол суудаг байжээ. Тэр царайлаг бөгөөд эрч хүчтэй, удирдах хүний төрхтэй, тэр үеийн бүх л хятадуудын нэгэн адил хувьсгал хийхийг мөрөөддөг нэгэн байлаа. Энэ үед хааны ордон үймээн самуун дунд, түшмэлүүд нь хээл хахуульд автчихсан, цэргүүд нь эгэл ардыг тонон дээрэмдсэн, Их Британийн колоничлогчид эдийн засгийг нь сүйрүүлчихсэн, япончууд үлэмж давуу армиар заналхийлсэн тийм үе байлаа. Энэ үед орон даяар бослого хийвэл л энэ сул дорой үндэстэнг дахин зангидаж нэгтгэх байлаа.

1912 онд зүүний хувьсгалт зөвлөл БНХУ-ыг тунхаглан, Хятадын сүүлчийн хааныг огцрохыг тулгажээ. Гэвч энэ явдал бүтэлгүйтэж, цэргүүд мужуудыг хайр найргүй эзлэн эрх мэдлийн төлөө тэмцэж, хятад даяар тэмцэл, үхэл зовлон газар авчээ. 1918 онд Мао сургуулиа түүхийн багшийн мэргэжлээр төгссөн ч боловсролын албанд зүтгэх саналаас татгалзжээ.

1920 онд тэр хоёр зүйлтэй амьдралаа холбожээ. Нэг нь профессорын охин юм. Мао эхнэрээ олон удаа араар нь тавьж, тун ч хүйтэн хандаж байсан гэдэг. Гэрлэлтээсээ хэдэн долоо хоногийн дараа Хятадын коммунист намтай тэр нөхөрлөжээ. Харин үүндээ тэр насан туршдаа үнэнчээр зүтгэсэн юм. Тэр ухуулга хийж, бослого зохион байгуулж байв. Нэг удаа ухуулгын ажлаар явж байгаад Гоминданынхан бослого гаргасан тариачдыг тамлан зодож байгааг хараад баясан "Муж бүрт нэг айлган сүрдүүлэх газар байгуулах хэрэгтэй” гэж тунхаглажээ.

1927 онд Чан Кайши, Kүо Мин Тангийн нам хоёр Хятад орныг эзэлж авлаа. Генерал Хятад орныг хатуу гараар барьж, түүний цэргүүд коммунистуудыг яргалж гарчээ. Мао ч гэсэн үгүй хийх ёстой хүний жагсаалтад ороод байлаа. 33 настай Мао Жинг Ганг Шангин ууланд дүрвэн гарлаа. Энд ирээд гайхамшигт удирдах авьяасаа анх удаа том хэмжээнд турших боломж түүнд гарчээ.

Эхлээд тэр 30 мянган хавтгай дөрвөлжин км нутагт өөрийн итгэлт хүмүүсээр сүлжээ байгуулсан байна. Мао Хятад улсыг Зөвлөлийн бүгд найрамдах улс болгон тунхаглалаа. Түүхийн мэргэжлийн багш, зав чөлөөндөө шүлэг бичдэг эр маань зургаан сая хүнийг удирдах боллоо. Эсэргүүцэн босч ирсэн бүхнийг тэр үгүй хийж байлаа. ХКН-ын удирдлагууд түүний энэрэлгүй хатуу ширүүн байдлыг гайхан шогширч байлаа. Тэд түүнийг хүндэлж, бас улам улмаар түүнээс айж эхлэх болов.

Долоон жил коммунист Мао яг л нэг хаан шиг ноёрхож байв. Тэгснээ Чан Кайшийн армид бүслэгдэв. Дахиад зугтах болов гэнэ. 86 мянган эр, 35 мянган хүүхэн түүнийг дагаж байв. 1934 оны 10-р сарын 16-нд ирээдүйн БНДАУ-ыг байгуулах түүний өрнийг зорьсон урт аян эхэлжээ. Тэрээр 10000 км урт замыг 370 хоногт туулжээ. Аяны эрчүүл, бүсгүйчүүл, хүүхдүүд гол мөрнийг гаталж, намаг шалбааг туулж, уул даван, мөнх цасыг мацан явцгаажээ. Байсхийгээд л бөмбөгдөлтөд өртөж байлаа.

70 мянган дүрвэгсдийн хувьд нөгөө ертөнцөд очих, харин Маогийн хувьд эрх мэдэлд хүрэх аян байлаа. Хөөгдөж туугдсан коммунистуудын хувьд яахаас ч буцахгүй удирдагч шаардлагатай болсон бол тэр нь Мао мөн байлаа. Төв хороо түүнийг намын тэргүүнээр томиллоо. Амьд үлдсэн хүмүүс чүү чамай хөл дээрээ ирсэн бол Мао л ганцаараа эрүүл саруул эрч хүчтэй байлаа.

Арга ч үгүй шүү дээ, тэр өөрийн санаачилсан хийн дамнуурга дээр сууж явсан юм хойно. 1939 онд Мао 25 настай жүжигчин Жианг Кингтэй гэрлэлээ. Энэ бол түүний дөрөв дэх гэрлэлт байлаа. Эхний эхнэр нь нас барж, хоёр дахь эхнэрээ Күо Мин Тангийнд яргачдын гарт орхиж, гурав дахь эхнэрээ хүчээр салгажээ. Мао хүний нөхөр, хүүхдийн эцгийн хувьд тааруухан нэгэн байлаа. Эхнэрүүдээсээ гарсан долоон хүүхдээ тэр үл хайхран хаясан гэдэг. Тэр зөвхөн хар амиа бодсон нэгэн байсан юм. 1945 онд япончууд бууж өгөөд буцсаны дараа Хятад орон Чан Мао хоёрын дэгдээсэн иргэний дайны хөлд үймж байлаа. Тариачид коммунистуудыг ялахад тусаллаа. Тариачдад бүгдэд нь жаахан газар өгнө хэмээн тэдний хорхойг хүргэсэн сайхан зүйл амалжээ.

Газрын өөрчлөлт түүний хийсэн дөрвөн их кампанит ажлын эхнийх нь байсан юм. Үүгээрээ тэр дэлхийн түүхэнд байгаагүй том алан хядагч болсон ажээ. Улс төрийн коммиссарууд хүн бүхнийг хардаж сэрдэн, алга дарам газар, аяга будаа илүү авсанд сэрдэгдсэн хэн бүхнийг санаанд оромгүй хэрцгийгээр тамлан тарчлаах мэргэжилтнүүдтэй байжээ. Үүнийг санаачлагч Мао энэ хүчирхийлэлд анзаарагдахгүйгээр өөрөө оролцох цаг зав гаргаж байлаа. Нэгэн удаа тэрээр улангассан алчуурчдад чанга дуугаар “Алах хэрэгтэй, алах шиг сайхан юм үгүй” хэмээн хашгирсан гэдэг.

Улс орноос урвагч хэмээн нэрийдэгчдийн хөрөнгийг хураан, яргалж тарчлаагаад эцэст нь бараг толгой дараалан хяддаг байлаа. Тэр хүмүүсийг энэрэлгүй яргалж, өршөөлгүй тамлан давстай усанд живүүлж, чулуугаар нүүлгэх, амьдаар нь арьсыг нь өвчих, халуун тос биен дээр нь асгах зэргээр тарчлаан зовоож байв. Өрх гэрээр нь үгүй хийх явдал ч ховор үзэгдэл биш байлаа.

Нярай хүүхдийг боон тасчиж хаях эсвэл шууд худагт шидэж байсныг нүдээр үзсэн нэгэн гэрч хожим нь мэдээлсэн гэдэг. Газрын шинэчлэлтийн үед тэр таван сая хүний амийг золиосолжээ. Мао хэмээх олны толгойг гайхамшигтай эргүүлэгч энэ эр олон олон тариачныг өөрийн талд элсүүлж хүн алах хань хамсаатнаа болгож байв. Үнэндээ ч бараг бүх тариачин иргэний дайны үед коммунистуудыг дэмжиж байжээ. Маогийн заналт дайсан Чан Кайши ялагдаж хоёр сая өөрийн талыг баримтлагчаа дагуулаад Тайванийн арлыг зорьжээ.

1949 оны 10-р сарын 1-нд Мао амьдралынхаа хамгийн том ялалтыг тэмдэглэсэн байна. Ингээд Бээжин дэх Тиан Миний талбай дээрээс нэгэн тариачин, гахайн худалдаачны хүү Тэнгэрийн Амгалангийн хаалган дээрээс Бүгд найрамдах Дундад улсыг тунхаглажээ. Энэ үед Хятадын Засгийн газрын дарга 56 настай болж байлаа.

Дэлхийн бөмбөрцгийн хүн амын тавны нэгийг эзэлсэн их гүрний удирдагч, саравчин малгайт Улааны хаан ингэж төрөв. Тэрээр эгэл жирийн ардын нэгэн адил амьдардаг. Мао ах даяанч лам шиг ямар ч юм шаарддаггүй нэгэн байсан хэмээх яриа бол шал худал үлгэр. Мао шүдээ угаадаггүй байсан гэдэг бол харин үнэн гэнэ. Бас дотуур хувцсаа хэдэн долоо хоноод нэг сольдог байсан гэдэг.

Бас 30 гаруй тансаг орд харштай, гоёмсог лимузин машины парктай, хямралд өртөхгүй хатуу хөрөнгийн тусгай данстай байсан нь бас үнэн. Тэгээд бас эрх мэдлээ бэлгийн дур тачаалаа хангахад ашиглаж байсан ажээ. Бээжин дэх Засгийн газрын ордны Бадамлхянхуа цэцгийн танхимдаа бүх нутгаас сонгож авчирсан охидыг цайны бүжигт урьдаг байжээ. Фокстрот, вальс бүжгийн үеэр тэдний бие галбирыг сонжиж үзээд эцэст нь залуу охидыг дагуулан унтлагын өрөө рүүгээ морилдог байжээ.

Үлэмжийн хүчит Мао төр барих эхний жилүүддээ Хятад орны аврал болж байлаа. Тэр нөхөд нь ч, дайсан нь ч үл төсөөлж байсан улс төрийн их амжилт үзүүлэв. Мао сэтгэл санааны хувьд бүрэн гүйцэд туйлдаж доройтсон ард түмнийг өөрийнхөө үнэ цэнийг ойлгон, ирээдүй өөд тэмүүлэх итгэлтэй болгож чаджээ. Ард түмэн түүнийг Улаан наран хэмээн баярлан тунхаглаж байлаа. 1950-иад онд тэрээр төрийн тэргүүний хувьд эрчтэй шүүмжлэгчдийг олж илрүүлэн дуугүй болгох башир аргыг олжээ. Тэгээд 1956 онд Мао дарга "Зуун цэцгийн компани“ гэгчээ тунхаглав. Үүнтэй холбогдуулан хяналтаа арай сулруулав. Хүмүүс аажим аажмаар үг хэлцгээж эхлэв. Хүмүүс Маогийн төр барих хэмжээгүй эрх, улс орны хоцрогдлыг шүүмжилцгээв. Мао үүнийг л отож байлаа.

Хагас сая гаруй шүүмжлэгчдийг хувьсгалын эсэргүү, ардын дайсан хэмээн сэтэрлэж, ажил мэргэжлээс нь хөөн зайлуулж, хөдөлмөрийн лагерт шилжүүлэн үхтэл зодуурын амт үзүүлж байв. 1958 онд КН-ын удирдах ажилтны өмнө хэлсэн үгэндээ “Хаан Ши Хуанг Ти дөнгөж 460 эрдэмтнийг амьдаар булсан бол бид бүр 46 мянган эрдэмтнийг амьдаар нь булшиллаа. Бид тэр хаанаас зуу дахин илүү гарч чадлаа“ хэмээн муу үйлсээрээ бардамнаж байжээ.

Үүнээс хэдэн сарын дараа хоёр үзүүртэй зүү шиг Мао гурав дахь кампанит ажлаа эхэллээ. Энэ удаа хэдхэн жилийн дотор Хятад орон барууны аж үйлдвэржсэн орнуудыг гүйцэх гэнэ. Мао бол уран сайханч байлаа. Тэр улс ардын аж ахуй, үйлдвэрлэлийн тухай огтхон ч мэдлэггүй нэгэн байлаа. Түүний эдийн засгийн талаар авч явуулж буй арга хэмжээ сохроор бишрэн шүтэгчдийг нь ч гайхашруулж орхидог байжээ. Маог ЗХУ-д үр тариа валютаар экспортолж байхад нутагт нь хүмүүс өлбөрч үхэж, өлсөхийн эрхэнд шороо идэж байсан гэдэг.

Тэр ч байтугай Анхуй мужид хүн хүнээ барьж идсэн тохиолдол ч гарчээ. 38 сая хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүд өлбөрч байхад олон зуун мянган хүн хүнс нөөцөлсөн гэж хардагдан Маогийн тушаалаар цаазлуулжээ. Тэр хэсэг хугацаанд албан тушаалаа өгсөн боловч их залуурчийн үүргээ далдаас гүйцэтгэж байв.

1966 онд Мао дахин улс төрийн тавцанд гарч ирэв. Тэр урд хожид нэгэн адил нэр хүндтэй байлаа. Өшөө авах цаг Мао 72 нас хүрлээ. Түүний нуруу нь шархирч, буйл нь идээлж, хорвоод амьд явах хоногийнх нь тоо гүйцэж байгааг түүнд сануулж байжээ. Гэвч тэр хуучин тооцоогоо хийж дуусгахаар дахин нэг эрх мэдлийн хүчээ үзүүлэхийг хүсчээ. Ийнхүү тэрээр дөрөв дэхь кампанит ажлаа аугаа их пролетарийн Соёлын хувьсгалаар эхэллээ. Харгис догшноороо амьтан хүний айдас хүргэсэн Маогийн дөрөв дэхь эхнэр Жианг Чинг энэ хувьсгалыг гардан эхлүүлжээ.

Засгийн хяналтын комиссарын хувьд 1966 оны 4-р сард соёлыг устгахыг уриалав. Эхний золиосоор нь Бээжингийн их сургуулийн профессорууд өртжээ. Хөрөнгөтний үзэл суртлыг дэлгэрүүлсэн хэргээр зоригийг нь мохоож, албан тушаалаас нь зайлуулжээ. Мянга мянган сүм хийдийг нурааж, номын сангуудын номыг шатаажээ. Тэгээд алан хядах ажиллагаагаа эхлүүлжээ. Энэ удаа залуусыг алан хядлагын хамсаатнаар сонгож, тэднийг улаан хамгаалагчийн эгнээнд орохыг уриалав.

Хөрөнгөтний эсэргүүцлийг орвонгоор зайлуулахыг уриалав. Маогийн гаргасан үгүй хийх хүмүүсийн жагсаалтын тэргүүн эгнээнд түүнийг шүүмжлэгчид, түүнтэй өрсөлдөгч намын нөхдийн нэрс байлаа. Хятадын залуус улангассан алан хядагчид болж хувирав. Хүүхдүүд эцэг эхээ дээрэлхэж, багш нараа харгислан алж байлаа. Орон сууцыг түйвээж, ном судрыг шатааж, хүмүүсийг дээрэмдэн, алж, бүх уран барилгын дурсгалын тал хувийг улайрсан охид, хөвгүүд устгаж, нураажээ. Улаан хамгаалагчдыг хүндэтгэн хүлээж авах тушаалыг Мао буулгав. Онцгой хэрцгий бүлгийг Бээжинд урин аваачиж өндрөөр үнэлж байв. Жишээлбэл, дөрвөн хүүхдийн эх, 50 настай захирал эмэгтэйг, буцлам халуун усаар шалзалж дараа нь ухаан балартан амь тавьтал нь зодсон сурагч охидыг өхөөрдөн хацрыг илэн энхрийлж байжээ.

Хүүхэд залуусын энэ балмад ажиллагаа таван жил үргэлжилжээ. Долоон сая гаруй хүн энэ ажиллагааны хөлд амь үрэгджээ. Амиа алдагсдын тоонд Маог шүүмжилж байсан хүмүүс бараг толгой дараалан орсон гэдэг. Тууштай хувьсгал гэдэгт Мао юуг ойлгодгоо дахин нэг удаа харууллаа. Тэр өрсөлдөгчөө бүгдийг нь хороож, үлдсэнийг нь дахин босч ирэхгүй болтол туйлдууллаа. Харин нас өтөлж арга буюу тэр хүчин мөхөсдлөө. 1971 оны эцсээр тэр уушигны хатгалгаа авчээ. Тамир тэнхээгүй болж, охидтой нэг оронд орох ч чадалгүй болжээ.

Түүнээс хойш 1976 оны 9-р сарын 9-нийг хүртэл хятад эмч нар түүнийг торгоожээ. Тэрээр нас барахынхаа өмнөхөн “Хятад орныг дэлхийн манлай гүрэн болгох гэсэн маань талаар боллоо. Гэвч бид ядуу хэвээрээ, сүүл барин явна...” хэмээн уйлах, ярих, зүхэхийн хооронд хэлсэн гэдэг. Маогийн зохион байгуулсан дөрвөн их кампанит ажил болох "Газрын өөрчлөлт", "Зуун цэцгийн компани", "Их үсрэлт", "Соёлын хувьсгал" тус бүрдээ олон сая хятадын амийг авч, олон зуун түүхэн дурсгалт зүйлийг устгаж, олон сая хуучны номыг устгажээ.

/Эх сурвалж: Tsagtur.mn/ 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
999(202.170.68.131) 2013 оны 12 сарын 27

buzar

0  |  0
Top