Цанаар гулгаж,өмнөд туйлд хүрсэн 19 настай хүү дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 26

Антарктидийн эргээс цанаар гулгаж, 18 хоногийн дотор Өмнөд туйлд хүрч чадсан 19 настай хүү дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа тухай Их Британийн "The Mirror" мэдээллээ. Паркер Лиото хэмээх энэ хүү Өмнөд туйлд хүрсэн хамгийн залуу хүнээр мөн тодроод байгаа гэнэ. Өмнө нь Норвегийн иргэн Кристиан Эйде 561 км үргэлжлэх эл замыг цанаар 24 хоногт туулснаараа дэлхийн рекорд тогтоож байжээ.

Америк гаралтай, Их Британийн иргэн Паркер Лиото 15 настайгаасаа хойш Хойд туйлд гурван удаа очиж үзсэн бөгөөд байгаль, цаг уурын үзэгдлийг судалж явжээ. Өмнөд туйлд хүрэх замдаа тэрбээр цасны дээж цуглуулж, цаг уур судлах бичил станц ажиллуулж байсан тухайгаа мэдэгдсэн байна. Зул сарын өмнөх өдөр буюу өнгөрсөн мягмар гаригт зорьсон газартаа хүрч чадсан тэрбээр өөрийн амжилтдаа сэтгэл хангалуун байгаагаа ярьжээ.

Паркер Лиото ирэх сарын эхээр Лондон дахь гэртээ ирэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top