1. Хөгжимд дуртай Сэмми
Сэмми нэрт далайн нохой далайн эргээр тогтмол ирнэ. Бүр зориуд нэг их ажилтай юм шиг сэлсээр мөлчигнөсөн хөөрхөн биеэ булхсаар, тонгочиж булгисаар хүрээд ирнэ. Энэ үед нэг охин далайн эрэг дээр лимбэ тоглож суув. Сэмми шууд сэлсээр, уснаас гарч ирээд толгойгоо охины өвдөг дээр тавин хэвтжээ. Хааяа сүүл нь хөдөлнө. Лимбийн эгшгэнд уярч хэвтээ бололтой. Дараа өдөр нь нэг хүн баян хуураар гоё ая тоглож эхэлмэгц Сэмми уснаас толгойгоо цухуйлган хөгжмийг шимтэх мэт сонсож байв. Сэмми ер нь их авьяастай, ухаантай, чухам л “нохой амьтан” бололтой.
2. Жүжигчин шувууд
Канар гэдэг бялзуухай маш гоё дуутай, бараг л дуучин шувуу гэдгийг хүмүүс зөндөө сонссон. Ямар нэг хөгжмийн хэмнэлтэй ч юм шиг, уран цэвэрхэн жиргэдэг учир түүнийг дуучин хэмээн нэрийдсээр иржээ. Тэр ч байтугай жигүүртнүүдийн бүхэл бүтэн найрал дуучид байдаг гэвэл та итгэх үү? Харьков хотын багшү Ф.А.Фоменкогийн удирдлагаар жигүүрт жүжигчид хөгжмийн аяар дуулж, вальс бүжиж, концерт тоглоно. “Амурын долгио”, “Калинка”, “Оросын тал”, “Огинскийн Полонез”, “Алтан гургалдай” зэрэг орос ардын дуу, уянгалаг дууг хоороор дуулдаг гээд бод доо. Алмайрч гайхмаар явдал юмаа. Авьяастай шувууд байгаа биз. Фоменкогийн гэрт шувууны бүх л сургууль бий. Сургалтын тусгай аргаар тэдгээр шувуудад дуу заана. Тэгэхдээ бүр сонин. Хөгшин шувууд нь залуугаа сургадаг. Шувуу бүхэн цөмөөрөө жүжигчид болдоггүй. Ерөөс авьяасгүй шувуу ч бас тааралдана. Тэр товариш бол хасагдана. Шувууд хөгжмөнд дуртай нь ухамсартай холбоотой боловч гол төлөв байгалийн “зөнгөөрөө” л түүнд татагдаж байгаа болохоос биш, ухамсрын явдал биш гэж судлаачид үздэг ажээ.
3. Кинонд сонирхолтой заан
Африкийн нэг тосгонд кино үзээд гадаа сууцгааж байжээ. Гэтэл нэг заан шууд хүрч ирээд дэлгэц рүү ширтээд зогсчихож. Хүмүүс цочирдон айж сандарсан нь мэдээж. Сүүлдээ хэд хэдэн заан кино үзэхээр ирдэг болжээ. Моддын хооронд тогтоосон киноны дэлгэц гэрэлтээд ирмэгц ойгоос заанууд цувран гарч ирж кино үзчихээд дуусмагц нь ой руугаа явдаг болсон ажээ. Юу ч гэж тайлбарламаар юм бэ дээ. Ямар ч атугай тэдгээр зааныг урлагийн мэдрэмжтэй гэвэл дэндсэн болох биз. Харин алив содон сонин юманд дурладаг амьтан гэвэл болмоор юм шиг. Кино үзэж зогсохдоо тэр амьтад юу “боддогийг” хэн ч хэлж чадах аргагүй юм даа. Ийм нэг сонирхолтой түүх үлдсэн нь эдүгээ ч яригддаг ажгуу.
4. Сармагчингуудын зодоон зогссон нь
Харин сармагчингууд телевизийн нэвтрүүлгийг сэтгэл хөдлөн, хорхойсч үздэг нь мэдэгджээ. Нью-Йоркийн үзэсгэлэнгийн сармагчинд тохиолдсон явдал юмаа. Намрын сэрүүн болохоор тэдгээр сармагчингуудыг задгай талбайгаас торонд оруулахад тэд байнга хэрэлдэж, бүр зодолдоод байжээ. Тэгэхлээр нь торны нь өмнө телевизор тавьчихаж. Телевиз залгаатахлаар нөгөөдүүл байр байрандаа маш томоотой суугаад, дэлгэц рүү өрөмдөн шуналтай гэгч ширтэн, улмаар хоорондынх нь хэрүүл маргаан алга болсон ажээ. Тэд нэвтрүүлгээс уйдна гэж байхгүй. Хэдэн цагаар ч үзэцгээнэ. Гэхдээ бас учиртай, тодорхой нэвтрүүлгийг л илүү сонирхдог нь ажиглагджээ. Дэлгэцэн дээгүүрх хурдан хөдөлгөөнтэй ковбойн тухай кино, индейчүүдийн тухай кино, залуучуудад зориулсан бүжгийн хөтөлбөр, хөл бөмбөг, гар бөмбөг зэргийг илүү сонирхож байв. Эрдэмтэд янз бүрээр тэднийг туршжээ. “Сармагчин ба могой”, “Тоглож буй хүүхдүүд”, “Нохой муур хоёр” зэрэг араатан амьтдын тухай кино үзүүлэхэд дэлгэцэн дээрх үйл явдлыг машид анхааран сонирхсон байна. Үүнээс ургуулан бодвол өндөр хөгжилт адгуус амьтдад ухамсрын олон элемент байдаг гэсэн дүгнэлт гарч ирж байна. Гэхдээ энэ бүхний нийлбэрийг ухамсар гэсэн үгийнх нь бүрэн утгаар нэрлэж болохгүй. Энэ бүх элементүүд бол ухамсрын зөвхөн эх суурь, үр хөврөл төдий л юм. Циркийн морь, нохой, бар, сармагчингийн үйлдэл бол сургуулилтын үр дүнгээр бий болсон учраас дээрхээс огт өөр зүйл ажгуу.
Э.Хархүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )